Ханш "Оюутолгой"-гоос ихээхэн хамаарна

Хуучирсан мэдээ: 2022.03.22-нд нийтлэгдсэн

Ханш "Оюутолгой"-гоос ихээхэн хамаарна

Ханш "Оюутолгой"-гоос ихээхэн хамаарна
  • Ханшид хамгийн том нөлөөтэй компани

Ханш бол валют гэдэг бүтээгдэхүүний зах зээлийн үнэ байдаг. Хэн хамгийн их доллар эзэмшинэ, тэр хүн зах зээлийн ханшид хамгийн өндөр нөлөөтэй гэсэн үг. Монгол Улсын хувьд валютын орлогын гол эх үүсвэр нь газар доорх эрдэс баялаг юм. 2021 оны статистикаар экспортын орлогын 90 хувь гаруйг уул уурхай; тэр дундаа зэс, нүүрс, алт гэсэн 3 бүтээгдэхүүн 70 хувийг бүрдүүлжээ. Нүүрсний тээвэр асуудалтай байгаа өнөө үед жилдээ 2.9 тэрбум ам.долларын орлогыг бий болгож буй зэс хамгийн гол валютын эх үүсвэр болж байна. Зэсийн экспортын ард 2 уурхай бий бөгөөд орлогын дийлэнхийг Оюутолгой орд бүрдүүлдэг билээ (нөгөө нь Эрдэнэт).

Зэсийн хамгийн том орд дээр олборлолт хийж буй "Оюутолгой" ХХК-ийн хувьд 10000 ажилтан, 500 орчим дотоодын ханган нийлүүлэгч, 200-300 сая ам.доллартай дүйцэх хэмжээний татвар гээд дотоодын эдийн засагт чухал нөлөөтэй компани юм. Экспортын орлогоос гадна сүүлийн жилүүдэд тогтмол 1-2 тэрбум ам.долларыг гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) хэлбэрээр Монгол Улсад оруулж ирсэн. Цаашид нийт баяжмалын 80 хувийг агуулах гүний уурхайн бүтээн байгуулалт дуусч, үйлдвэрлэл экспорт нь эхэлснээр Монголын аль ч компани, аж ахуйн нэгжтэй харьцуулашгүй их хэмжээний валютын орлого бий болгохоор хүлээгдэж буй. Ийнхүү мөнгөн урсгалын хэмжээ нэмэгдсэнээр ханшид үзүүлэх нөлөө нь ч төдий чинээ нэмэгдэнэ гэсэн үг юм.

  • Ханшийн сулралт: Экспортлогч ба импортлогчийн ялгаа

Ханшийн хувьд, экспортлогч улс орнуудын мөнгөн тэмдэгтийн ханш сул байх нь иргэд, аж ахуйн нэгжүүддээ ашигтай байдаг. Тухайлбал, иенийн ханш сул үед "Тоёота" гадаад зах дээр хямд бөгөөд сайн борлогдоно. Ам.долларын эсрэг иен 1 нэгжээр сулрахад "Тоёота" компанийн үйл ажиллагааны ашиг 350 сая ам.доллараар нэмэгддэг гэсэн тооцоолол хүртэл бий. Үүнтэй адилаар вон сул үед "Самсунг"-ийн бүтээгдэхүүн хямдарсан мэт сайн зарагдана. Дэлхийн үйлдвэрлэгч гэгддэг Хятад юанийн ханшийг сулруулж экспортоо дэмждэг гэх шүүмжлэл тасардаггүй. Үүний цаана энгийн зүй тогтол бий.

Экспорт сайжирснаар компаниудынх нь борлуулалт өснө, ажилчдынх нь цалин урамшуулал нэмэгдэнэ. Энэ нь экспорт хийдэггүй ч, Тоёота эсвэл Самсунгийн ажилтанд бүтээгдэхүүн үйлчилгээгээ зарж амьдардаг бусад хүний бизнес, орлогод ч эерэг нөлөөтэй. Экспортлогч улсын хувьд ханш суларсны ачаар бий болсон борлуулалтын нэмэлт орлого нь үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар суларснаас үүдэх алдагдлыг давдаг байна. Экспортод суурилсан загвараар эдийн засгаа хөгжүүлж, амьжиргаа нь хурдтай дээшилсэн Япон, Солонгос, Хятадын жишээ энэ юм.

Харин уул уурхайн экспортлогчдын хувьд нөхцөл байдал арай өөр. Тухайлбал, төгрөг суларлаа ч нэгэнт гадаад зах зээл дээр ам.доллараар тогтсон зэс, нүүрсний үнэ өөрчлөгдөхгүй, борлуулалт нэмэгдэхгүй. Төгрөгийн ханш сулрах үед экспортлогч уул уурхайн компаниудын валютын орлого өөрчлөгдөхгүй ч төгрөгөөр илэрхийлсэн дүн нь нэмэгддэг. Зардал талдаа ажилчдын цалин, байр савны түрээс, дотоодын худалдан авалт гэх мэт төгрөгөөр төлөгддөг зардлууд нь хямдарч, ашиг нэмэгдэнэ.

Жишээ нь, ам.долларын орлоготой уул уурхайн компанийг авч үзье: ханш ₮2850 үед орлого нь 1 доллар тутамд ₮2850 байна, харин ханш ₮2950 болж өссөн үед орлого нь ₮100-өөр нэмэгдэнэ гэсэн үг юм. Зардал нь тогтмол үед энэ нэмэлт орлого нь ашиг болж үлдэнэ.

Гэхдээ үйлдвэрлэгч-экспортлогч бус харин манайх шиг импортлогч-хэрэглэгч орны хувьд ханшийн сулралт нь нийгэм, улстөрийн өргөн хүрээнд бухимдал үүсгэсээр ирснийг мартаж болохгүй. Бүхий л хэрэглээгээ гаднаас авдаг монголчуудын хувьд төгрөгийн ханшийн сулралт үргэлж асуудал дагуулсаар ирсэн. Импортлогч компаниудын хувьд бараа бүтээгдэхүүн нь үнэтэй болж борлуулалт нь мууддаг бол хэрэглэгч иргэдийн хувьд цалин орлого нь хэрэглээнд нь хүрэхгүй болдог. Улмаар үүссэн нийгмийн уур бухимдал ханшийн уналтын буруутныг хайхад чиглэдэг.

  • "Оюутолгой"-н дуудлага худалдаа

"Оюутолгой" компанийн хувьд сар тутам 100-200 сая ам.долларыг экспорт болон ГШХО хэлбэрээр оруулж ирснээр Монгол улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, улмаар төгрөгийн ханшид дэмжлэг хамгийн чухал компани юм. Харин нөгөө талаас, валютын урсгалд өндөр нөлөөтэй энэхүү гол тоглогч нь оруулж ирсэн валютаа хэнд, ямар ханшаар зарахаас шалтгаалан банкуудын ам.долларын самбарын ханш, түүнийг дагаад 8 шарга дээрх ченжүүдийн ханш шууд тогтдог гэх.

Нэр, ажлаа нууцлахыг хүссэн санхүүгийн салбарын мэргэжлийн хүний мэдээлснээр, "Оюутолгой" компани сар тутам банкуудын дунд валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг байна. Үүнд ихэвчлэн том банкууд үнэ хаялцан зах зээлийн ханшаас нэлээд дээгүүр үнээр, их хэмжээгээр ам.доллар худалдаж авна. Энэ нь ханшийг богино хугацаанд хөөргөдөх хүчин зүйл болдог аж.

Бидэнд ирүүлсэн баримтаас үзэхэд 2022.03.10-ны өдөр Төв банкны албан ханш 2870 орчим үед нэгэн томоохон арилжааны банк дуудлага худалдаанд үнэ цохин оролцож, зах зээлийн дундаж ханшаас 30 төгрөгөөр өндөр ханшаар их хэмжээний ам.доллар авчээ.

Мөн удалгүй 2022.03.15-ны өдөр албан ханш 2890 болж өссөн үед өөр нэг том банк албан ханшаас 40 төгрөгөөр дээгүүр ханшаар үнэ цохиж авснаар долларын ханш зах зээл дээр ₮2900 босгыг богино хугацаанд давсан байна. Валютын захад том нөлөөтэй эдгээр банкууд ОТ-оос өндөр үнээр авсан доллараа цааш харилцагч нартаа үнэ нэмэж зарснаар зах зээл дээр харьцангуй тогтвортой тогтсон байсан ханш эрчимтэй өсөхөд нөлөөлсөн байна.

  • Бүгд хожих шийдлийн эрэлд

Далайд гарцгүй манай эдийн засаг 2 хөрш, ганц хоёрхон боомтоос хэтэрхий өндөр хамааралтай байгааг бодлого тодрохойлогчид ч, эрдэмтэн судлаачид ч онцолсоор ирсэн. Төгрөгийн ханшийн хувьд ч мөн ялгаагүй дүр зураг сүүлийн нөхцөл байдлаас харагдаж байна. Ханш бол үнэ гэдэг утгаар зах зээл дээр хэлбэлзэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ валют оруулж ирдэг 1 гол тоглогч болон валютын захад өндөр нөлөөтэй 1-2 том банк үндсэндээ зах зээл дээрх ханшийн хөдөлгөөнийг тодорхойлж байгаа нь тийм ч зохистой үзэгдэл биш юм. Үнийг хэтэрхий цөөн тоглогчид ийнхүү тогтоож байгаа нь оновчтой зохицуулалт шаардлагатайг илэрхийлж байна.

Алс хэтдээ Монгол Улс экспортын орлогоо нэмэгдүүлэх, ГШХО татах олон сувгийг бий болгож, валютын орох урсгалыг нэмэх нь тогтвортой ханшийн суурь шийдэл болох нь ойлгомжтой. Харин өнөө маргааштаа, ялангуяа нүүрсний орлого гацсан яг энэ эгзэгтэй үед валют олох боломжтой ганцхан компани нь зах зээлд хамгийн нөлөөтэй банкуудад доллараа үнэ хүргэж зарах нь учир дутагдалтай.

Энэхүү асуудалд оновчтой шийдэл хайж олох нь "Оюутолгой" компани, арилжааны банкууд ба тэдгээрийн зохицуулагч байгууллага Монголбанкны яг одоо шийдэх ёстой чухал ажил гэж харагдаж байна. Ханшийн шаардлагагүй хэлбэлзлээс сэргийлэх нь нийгмийн бухимдал, түүнийг дагасан популизм гэх мэт хэзээ ч сайнгүй үр дагавраас сэргийлэхэд тусалж, бүгдэд ашигтай, эерэг нөлөөтэй байх болно.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж