Хятадын эрх баригчид Covid-19-ийг тэглэх бодлогыг танилцуулж, хатуу хөл хорио, хязгаарлалт тогтоосон ч халдварын нөхцөл байдал хүнд байна. Ухань хотод 2019 оны сүүлээр Covid-19 цар тахлын халдвар гарснаас хойш анх удаа Хятадад өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 3500 давжээ. Бээжин өвлийн олимпийн наадмыг өндөр хяналт дор зохион байгуулсан боловч цар тахлын давалгаа улам нэмэгдсээр байна.
Улмаар Хятадын засгийн газраас Covid-19-ийг тэглэх бодлогыг улам чангаруулан үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ сарын дундуур болсон Хятадын төрийн зөвлөлийн хурлын үеэр ерөнхий сайдын орлогч бөгөөд цар тахлын хариу арга хэмжээг хариуцаж буй Сун Чунлан хэлэхдээ, “Бээжин ямар ч эргэлзээгүйгээр Covid-19-ийг тэглэх бодлогоо үргэлжлүүлнэ. Тиймээс орон нутгийн удирдлагууд уг бодлогыг эн тэргүүний улс төрийн даалгавар гэж хүлээн авч хэрэгжүүлэх ёстой” гэжээ.
Хятадын Коммунист намаас нийгмийн бүхий л ажиллах хүчнийг цар тахлын эсрэг тэмцэлд дайчилсан. Энэ талаар Хятадын дарга Ши Жиньпин цар тахлын эсрэг “тулаанд” ард иргэдийн үүрэг оролцоог онцолж, ажиллах хүчнийг дайчлах менежментийг сайшаажээ. Ажиллах хүчнийг дайчлах нь Ленинизмээс эхлэлтэй бөгөөд Мао Зедуны үед газрын реформ, социалист шилжилт, соёлын хувьсгал зэрэгт ашиглаж байсан. Харин өнөөдрийн цар тахлын эсрэг дайчилгааг Хятадын коммунист намын 1.8 сая нэгжийн бүх шатанд явуулж байгаа аж.
Хятадын засгийн газраас тавьсан үүрэг даалгаврыг биелүүлэхэд орон нутгийн удирдлагуудад эрх чөлөөгүй, өрсөлдөөнтэй байдаг. Тиймдээ ч орон нутагт үүрэг даалгаврыг ямар ч аргаар хамаагүй гүйцэтгэхэд анхаарч байна. Тухайлбал, томоохон хотуудад хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоож, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд гудамжуудад эргүүл гаргаж, оршин суугчдад хоол хүнс тарааж, эрүүл мэндийн ажилчдыг нийтийг хамарсан шинжилгээнд дайчилж байна. Харин хөдөө орон нутагт цар тахлаас бусад өвчнийг тоолгүй хаяснаас олон хүн амь эрсдэх тохиолдол гарч байгаа аж.
Цар тахлыг тэглэх бодлого болон нийтийг хамарсан хөл хорионы улмаас эдийн засагт хүндрэл үүсчээ. Тодруулбал, 2020 онд хөл хорионд 4.5 сая жижиг бизнес хаагдсан бол өнгөрсөн онд энэ тоо улам өссөн байна. Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян энэ сарын эхээр мэдээлэл хийж, тус улсын энэ жилийн эдийн засгийн өсөлтийг өмнө нь 8.1 хувь гэж тооцож байснаа буулгаж, 5.5 хувь орчимд байлгахаар зорино гэж мэдэгдсэн. Цар тахлыг хязгаарлах стратегиас болж үйлдвэрлэлийн салбарт тасалдал үүссэн ба экспорт буурч, эрчим хүч болон чипний хомсдол үүссэн. Мөн гадаад талдаа бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, тээвэрлэлт саатаж эхэлсэн.
Үүнээс гадна цар тахлаар бус түүнийг тэглэх бодлогоос болж нас баралт ч нэмэгджээ. Өнгөрсөн онд 1000 хүнд ногдох нас баралт 7.18 болж өссөн нь 2000 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн энэ нь 2020 оноос 160 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Нас баралт өссөн нь хөл хорионоос болж эдгэшгүй, хүнд өвчтэй хүмүүс эмнэлгийн тусламж тогтмол авч чадахгүй болсон ба орон нутагт ийм хүмүүсээ зөнд нь хаясантай холбоотой. Тухайлбал, Ши-Ань хотод архаг ангинатай хүнийг эмнэлэгт хүлээн авч эмчлээгүйгээс нас барсан талаар цахим сүлжээнд мэдээлсэн. Үндсэндээ Хятадад хүмүүс цар тахлаар л өвдөж, үхэхгүй бол засгийн газрын үүрэг даалгаврыг биелүүлсэнд тооцож байна. Нөгөө талд омикроны давалгаанд хамгийн их нэрвэгдсэн Жилин мужийн орон нутгийн албаныхныг цар тахлыг тэглэх бодлогыг хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр хүнд шийтгэжээ.
Хэдийгээр Хятадын засгийн газраас дайчилгаа, үүрэг даалгаврыг биелүүлэх нэгдсэн сүлжээ нь Бээжингийн захирах чадамжийг харуулж байна гэж лоббидож байгаа ч бодлогоо хэрэгжүүлэх хэтэрхий хатуу арга нь шүүмжлэл дагуулж байгаа аж.