Монголбанкнаас өнөөдөр /2022.03.22/ валютын ханш, нөөцтэй холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
-Аливаа улсын гадаад валютын нөөц ханштай холбоотой асуудлын суурь нөхцөл нь төлбөрийн тэнцэл. Барааны тэнцэл нь Монгол Улсаас ямар хэмжээний бараа бүтээгдэхүүн экспортолж, импортолж байна гэдгийг харуулдаг. Ерөнхийдөө энэ бүгдийн нийлбэрээр улсын төлбөрийн тэнцэл гардаг. Төлбөрийн тэнцэл ашигтай бол валютын нөөц бүрддэг. Хэрэв алдагдалтай бол валютын нөөц буурдаг.
2021 оны байдлаар төлбөрийн тэнцэл 220 сая ам.долларын алдагдалтай гарсан. Тус оны нэгдүгээр сарын 1-нд валютын нөөц 4.5 тэрбум ам.доллар байсан бол энэ оны мөн үед 4.3 тэрбум ам.доллар болсон. Энэ оны гурван сарын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал 500 сая ам.доллар даваад байна.
Экспортоос давсан импорттой байна гэдгийг харуулж байна. Нэгдүгээр сарын байдлаар импорт 40 гаруй хувийн өсөлттэй эхэлсэн. Нөхцөл байдал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тооцсоноос өөр гарч байна. Олон улсын мөргөлдөөнөөс үүдэн өөр нөхцөл байдал үүсч байна. Гэсэн ч улсын эдийн засгийн 92 хувийг эзэлдэг уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт өндөр хэвээр байна. Ийм боловч төвөгтэй нөхцөл байдал үүссэн нь өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн БНХАУ-д цар тахлын тэг нөхцөл үүссэнтэй холбоотой. Түүхий эдийн үнэ сайн байгаа ч хилийн хорио цээрээс үүдэн бид нүүрсээ гаргаж чадахгүй. Улмаар бид орлого олж чадахгүйгээс төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч, валютын нөөц, ханшийн үзүүлэлтэд дарамттай гарч байна.
Гэхдээ тодорхой хугацааны дараа валют тогтворжино гэж харж байна. Монголбанкны зүгээс шийдвэр гаргах түвшний эрх баригчдад хэмнэж болох зардалд таналт хийх санал тавьж байна. Экспортыг дэмжиж валютын нөөцтэй болох ёстой. Экспортын бүтээгдэхүүнийг саад бэрхшээлгүй гаргах талаар хамтран бодлого гаргая. Импорт нэмэгдэж байгаа нь валютын нөөц буурахад нөлөөлж байна. Та бүхэн мэднэ. Инфляци өндөр байна. Үүний 50 хувийг импортын бараа бүтээгдэхүүн нөлөөлж байна. Монгол Улсаас гарч буй урсгал өндөр байгаа учраас ханш өндөр эрэлттэй байгаа нь энэ бүхэнтэй холбоотой. Валютын нөөц он гарснаас хойш тэрбум гаруй ам.доллараар буурсан байна. Гадагшаа урсч буй төлбөр тооцоо төв банкны нөөцөөс гарч байна. Өнөөдрийг хүртэл 1.5 тэрбум ам.долларыг энэ оны нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл нийлүүлсэн. Зөрүүлж 500 гаруй сая ам.долларыг худалдан авсан.
Монголбанкны зүгээс төлбөр тооцоо хэвийн үргэлжлэх ёстой. Өмнө нь бид сард нэг удаа арилжааны банкуудаас мэдээлэл авдаг байсан бол өдөр бүр мэдээллийг авч байна. Ялангуяа 50 мянган ам.доллараас дээш бүх гүйлгээний мэдээллийг хянаж байна. Хэрэв ийм нөхцөл байдал удаан үргэлжилбэл бидэнд нөөц төлөвлөгөө бий. Бидний репо санхүүжилт үргэлжлүүлж, аюулгүйн нөөцөө бүрдүүлэх ёстой. Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор 28 аж ахуйн нэгж нефть импортлохоос 17 нь репо санхүүжилт аваад байна. Эдийн засгийн хэвийн нөхцөлийг алдагдуулахгүйн тулд санхүүжилт үргэлжлүүлж байна.
Төв банкны бодлогоор бүх зүйл засагдахгүй. Төлбөр тооцоо хязгаартай байгаа тул нэн тэргүүний салбар бүтээгдэхүүний эрэмбэлсэн дарааллыг гаргавал төлбөр тооцоог хэвийн хэмжээнд гаргах хэрэгтэй. Ерөнхийдөө валютын нөөцийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Монголбанкны зүгээс валют оруулж ирэхээр ажиллаж байна. Мөн өнөөдрийн нөхцөл байдлыг тогтворжтол энэ оны сүүлээр орж ирэх санхүүжилтийг урьдчилж авна. Мөн эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний бодлогын төлөвийг хатууруулж, тодорхой хэмжээгээр хүүг өсгөх бодлого барина. Үүнд мэдээж тооцоо хийнэ. Нөгөөтэйгүүр валютын ханшийн хөдөлгөөнийг тогтвортой түвшинд хадгалах боломжтой.
ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН АВТОМАШИНЫ ХУДАЛДААНД 500-600 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ЗАРЦУУЛЖЭЭ
Холбоотой мэдээ