ОХУ Европт газрын тосны иж бүрэн хориг тавих уу?

Хуучирсан мэдээ: 2022.03.22-нд нийтлэгдсэн

ОХУ Европт газрын тосны иж бүрэн хориг тавих уу?

ОХУ Европт газрын тосны иж бүрэн хориг тавих уу?

ОХУ Украинд тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш тус улсын эсрэг улс орнууд хориг арга хэмжээ авсаар буй. Үүнтэй холбоотойгоор газрын тосны үнэ энэ сарын эхээр 130 ам.доллар давж, 2008 оноос хойших дээд цэгт хүрсэн ч хурдтай буурав. Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригт нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлол намжсантай холбоотойгоор газрын тосны үнэ буурсан талаар “Синьхуа” уламжилсан билээ.

Нью-Йоркийн биржид “WTI” төрлийн нэг торх газрын тосны дөрөвдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 6.57 ам.доллар буюу 6.4 хувиар буурч, 96.44 ам.долларт хүрчээ. Мөн Лондоны “ICE” биржид “Брент” төрлийн нефтийн тавдугаар сард нийлүүлэх үнэ 6.5 хувиар буюу 6.99 ам.доллараар буурч, 99.91 ам.доллар болов.

Бид энэ удаа "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа газрын тосны салбарт өрнөж буй үйл явдлын мэдээллийг онцолж байна.

ОХУ-ын эсрэг олон улсаас тавьж буй хориг арга хэмжээнүүдтэй холбоотойгоор нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлол их байгаагаас үүдэн дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом хэлбэлзэж буй юм.

Германы “Commerzbank Research” судалгааны байгууллагын эрчим хүчний шинжээч Карстен Фрич “Газрын тос, хийн үнэ буурч байгаа нь Украинд гал зогсоох найдлага бий болж байгаатай холбоотой” гэж хэлжээ. Мөн тэрбээр “Хориг арга хэмжээ, нефтийн борлуулалттай холбоотой асуудлуудыг үл харгалзан Оросын газрын тосны олборлолт хэвийн байгаа нь нийлүүлэлт тасалдана гэсэн болгоомжлолыг намжааж байна” гэж ярьсан байна.

Лондоны “ICE” биржид энэ долоо хоногт газрын тосны үнэ өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлттэй байна. Даваа гаригийн үдэш Брент төрлийн газрын тосны тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцийн үнэ 2.14 хувиар өсч, нэг торх нь 118.11 ам.долларт хүрсэн бол WTI төрлийн газрын тосны дөрөвдүгээр сард нийлүүлэх хэлцлийн үнэ нэг торх нь 1.94 хувь буюу 114.30 ам.долларт хүрч өсчээ.

ОХУ дэлхийн хамгийн том газрын тос экспортлогчдын нэг юм. Газрын тосны экспортын 12 гаруй хувийг, газрын тосны бүтээгдэхүүний экспортын бараг 10 хувийг бүрдүүлдэг.

Олон улсын хамтын нийгэмлэг Оросын эдийн засгийн эсрэг урьд өмнө хэзээ ч байгаагүй хориг арга хэмжээнүүд авсаар буй. Түүнээс гадна Европын хэд хэдэн улс ОХУ-ын эсрэг тав дахь шатны хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд түүнд ОХУ-аас газрын тос худалдан авахыг хориглох тухай багтжээ. Өнөөдрийн байдлаар Европын холбоо албан ёсоор хориг тавиагүй байгаа бөгөөд ийм хориг тавихыг Европын зарим улс эсэргүүцэж буй юм.

Хориг арга хэмжээнүүд чангарсаар байгаа энэ үед “Goldman Sachs” ОХУ-ын эдийн засаг энэ онд долоон хувиар агшина гэж үзэж байснаа өөрчилж, 10 хувиар агшина гэж өсөлтийн төсөөллөө дахин бууруулжээ.

БНЭУ ОХУ-аас хямд үнээр газрын тос авах сонирхолтой байгаа ажээ. Тухайлбал, БНЭУ-ын “Hindustan Petroleum” компани саяхан зургадугаар сард нийлүүлэгдэх хоёр сая торх газрын тос худалдан авсан талаар эх сурвалж мэдээлсэн байна.

"ЕВРОПЫН ХОЛБОО ОХУ-ЫН ГАЗРЫН ТОСНЫ ИМПОРТЫГ ХОРИГЛОВОЛ ЕВРОПЫН УЛСУУДАД ХҮНДХЭН ТУСНА"

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Европын холбоо ОХУ-ын газрын тосны импортыг хориглох нь дэлхийн түүхий газрын тосны зах зээлд хүчтэй нөлөөлж, Европын улсуудад хүндхэн тусна гэж мэдэгдэв. ОХУ гадныхны хоригийн хариуд, ялангуяа газрын тосны нийлүүлэлтийн хувьд иж бүрэн хориг тавих тухай мэдээлэл хөвөрч буй ч албан ёсоор баталгаажсан шийдвэр одоохондоо байхгүй юм.

ОХУ-ын мэргэжилтнүүдийн хувьд Европт нийлүүлдэг газрын тосны цоргоо бүрэн хаахыг зөвлөхгүй гэсэн байр суурьтай байгаагаа TASS агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэд Европт бүрэн хориг тавьсан тохиолдолд газрын тосны экспортоо хэвээр хадгалах боловч орлогоо алдах эрсдэлтэйг анхааруулсан байна.

Шинжээчдийн хувьд “ОХУ ойрын 3-4 сарын хугацаанд Европт газрын тосны нийлүүлэлтийг бүрэн хориглохоор “заналхийлээгүй” гэж мэдэгджээ. Нөгөө талаар энэ нь нийлүүлэлтийн өөр логистик хараахан шийдэгдээгүйтэй холбоотой аж.

Оросын газрын тосны жишиг зэрэглэлийн хямдрал гуравдугаар сарын 18-нд түүхэндээ анх удаа нэг баррель нь 30 ам.доллараас давав. Өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сард Оросын газрын тосны бүтээгдэхүүний экспорт өдөрт 7.8 сая торх байсан бол дөрөвдүгээр сараас хойш өдөрт гурван сая торх буюу бараг 40 хувиар буурах боломжтой гэж Олон улсын эрчим хүчний агентлаг тооцоолсноо танилцуулсан.

ОХУ Украиныг түрэмгийлж байна хэмээн үзэж буй, газрын тосны орд ашиглалтын үйл ажиллагааны үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч гурван компани ОХУ-д үйл ажиллагаагаа хязгаарлав. Тус компаниуд мэдэгдлээ 24 цагийн дотор тус тусдаа хийжээ. Хамгийн сүүлд өнгөрсөн Бямба гаригт “Baker Hughes” компани энэхүү санаачилгад нэгдэж, шинээр хөрөнгө оруулалт хийхгүй, одоо байгаа үйл ажиллагаагаа хэвээр үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна.

Газрын тосны томоохон компани “Saudi Aramco” 2027 он гэхэд газрын тос олборлох хүчин чадлаа өдрийн дүнгээр 12-13 сая баррель болгон нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж. Тус компани газрын тос болон байгалийн хийн хэрэглээ ирэх 10 жилд өндөр байсан хэвээр байна гэж үзэж байна. 2022 оны эцэс гэхэд газрын тосны эрэлт цар тахлын өмнөх түвшинд хүрнэ гэж шинжээчид тооцоолжээ.

"ОРОС, УКРАИНЫ МӨРГӨЛДӨӨНТЭЙ ХОЛБООТОЙГООР НЭМЭЛТ ЗАХИАЛГА ӨГЧ, НӨӨЦӨӨ БАЗААСАН"

Монгол Улсын хувьд шатахууны импортоос бүрэн хамааралтай тул Газрын тосны үйлдвэртэй болох асуудал хамгийн чухал. Засгийн газар 2017 онд Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг БНЭУ-ын Экспорт-Импорт банкны нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон. Өнөөдрийн байдлаар төслийн ажил бүтээн байгуулалт руу шилжиж, төлөвлөсний дагуу ажил хэрэгжиж буй талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлсэн билээ.

Өнөөдрийн байдлаар зөвхөн нэг жилд зардаг 2 сая тонн шатахууны өртгөөр (1.2 тэрбум ам.доллар) боловсруулах үйлдвэрээ барих боломж бүрдээд буй юм. Газрын тос боловсруулах үйлдвэрийн “EPC-1” буюу дэд бүтцийн бэлтгэл багц ажил төлөвлөсөн хугацаанд хэрэгжиж байгаа аж.

Манай улс жил бүр нэг сая орчим тонн түүхий тосыг БНХАУ-д экспортолдог бөгөөд шатахууны хэрэглээнд жилд 1.2 тэрбум орчим ам.доллараар эргүүлээд худалдан авдаг. Өөрөөр хэлбэл, түүхий эдээ урагш зараад, эргээд өндөр өртгөөр худалдан авдаг.

Манай улс 332.6 сая.тн газрын тосны баталгаат нөөцтэй. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.2 сая.тн. Өнөөдрийн байдлаар “Петрочайна Дачин тамсаг” компани 9 сая.тн орчмыг ашигласан бөгөөд үлдсэн нөөцийн хэмжээгээр тооцоход цаашид 20 жил ашиглах баталгаат нөөц үлдсэн гэж мэргэжилтнүүд тооцоолсон байдаг. Мөн энэ оны долдугаар сард "Матад XX" талбайд шинээр ашиглалтын нөөц тогтоосон. Түүнчлэн хайгуулын дүнд Хөхнуур XVIII  болон Галба XI талбайгаас тос илэрсэн учраас ажлыг эрчимжүүлж, шинээр орд болгон хөгжүүлж, нөөцийг нэмэгдүүлэх боломжтой, Засгийн газар энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй юм.

“Роснефть” компаниас авч буй шатахууны үнэ Сингапурын үнэтэй дүйдэг. Салбарын удирдлагууд цаашид эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, үе шаттайгаар өргөн хэрэглээний АИ-80, АИ-92 зэрэг шатахууны ханшийг чөлөөт зах зээл рүү шилжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байна.

Мэргэжилтнүүдийн хувьд өдөр бүр ам.долларын ханшийн өсөлт, бууралтыг мэдээлж байдаг шиг нээлттэй, үнийг чөлөөтэй зарлах зах зээлийн зохицуулалт үгүйлэгдэж байгааг хэлдэг.

Засгийн газар дотоодод АИ-95, АИ-98 авто бензиний хомсдол үүсгэхгүй, нөөцийг хэвийн хэмжээнд байлгахын тулд БНХАУ-ын “China oil” компанитай хэлэлцээр хийсэн. Үүний дагуу шатахуун авч, нөөц хэвийн байх зохицуулалт хийж байгаа талаар салбарын сайд онцолсон юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал Украинд гарсан мөргөлдөөнтэй холбоотойгоор нэмэлт захиалга өгч, нөөцөө базаахад анхаарч ажилласан талаар мэдээлсэн. Улсын хэмжээнд энэ сарын 17-ны өдрийн байдлаар нийт 166.032 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11886 тн (71 хоног), АИ-92 автобензин 58720 тн (44 хоног), АИ-95 автобензин 3332 тн (40 хоног), ДТ 99,039 тн (33 хоног) нөөцтэй байв.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 83452 тн буюу АИ-92 автобензиний 36, АИ-95 автобензиний 30 хоногийн, ДТ-ний 39 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна. Манай улс он гарсаар нийт 374.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.

Эх сурвалж: УУХҮЯ, BLOOMBERG, TASS, XINHUA, LME, AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж