Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос сайд Х.Нямбаатарыг шүүхэд өгөх талаар өнөөдөр /2022.03.22/ мэдээлэл хийлээ.
Уяачдын холбооны төлөөллүүдийн хэлж байгаагаар, салбарын сайд Захиргааны ерөнхий хуулийн 60.1.2, 60.1.3-д заасан зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа аж. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын үүрэг гүйцэтгэгч байхдаа нийтээр дагаж мөрдөх журмыг 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр баталсан байна. Гэтэл уг журам нь ХЗДХЯ-ны нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний бүртгэлд бүртгэгдээгүй, хууль бус болохыг тэд хэллээ. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 60.1.2, 60.1.3, 62.3.1, 62.3.4, 65.2, 67.2 зэрэгт заасныг зөрчсөн байна.
Уг журмаар үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морьдыг монгол морь ялгаж уралдуулахын тулд зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж оролцуулсан.
Энэ журмыг өөрчлөхгүй бол цаашдаа баяр наадам, хурдан морины уралдаанд монгол морьд уралдах боломжгүй болж, дан эрлийз морьд уралдана гэдгийг тус холбооны зүгээс мэдээллээ. Монголын үндэсний спортын хорооноос Ерөнхийлөгчийн ивээл дор “Үндэсний спортын анхдугаар их чуулган” зохион байгуулсан. Энэ үеэр ч морин уралдаан, уяачдын холбооноос санал хүргүүлсэн байна. Монгол адуутай малчин уяачдын эрхийг хамгаалахыг хүсч байна гэсэн юм.
Тиймээс Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг шүүхэд өгөх болсноо албан ёсоор мэдэгдлээ.
Хүчин төгөлдөр бус журмыг мөрдүүлснээс үүсэх үр дагавар хохирлыг баталсан төрийн байгууллага, албан тушаалтан хариуцлага хүлээх хуультай байдаг аж. Тиймээс Х.Нямбаатарт хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэв.
Холбоотой мэдээ