"Төр бүх бизнест гар дүрж байна"

Хуучирсан мэдээ: 2022.03.22-нд нийтлэгдсэн

"Төр бүх бизнест гар дүрж байна"

"Төр бүх бизнест гар дүрж байна"

“Монголын эдийн засгийн чуулган-2022” форумын хүрээнд "Төрийн бүтээмжийн сэргэлт" хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Цахим хөгжлийн багц хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжихтэй холбогдуулан дараах мэдээллийг өглөө. Тодруулбал,

  • Нийтийн мэдээллийн тухай хууль
  • Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль
  • Цахим гарын үсгийн хууль
  • Кибер аюулгүй байдлын тухай хууль
  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль багцаараа хэрэгжих юм.

            Төрийн байгууллагууд албан бичиг солилцдог уламжлалыг халж байна

"ТӨРИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД БОЛГОЖ, АЛБАН БИЧГИЙН ТОГТОЛЦООГ ХАЛНА"

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР: 

-Цахим хөгжлийн багц хуулийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага бүр бэлтгэл ажлаа хангах ёстой. Нийтийн мэдээллийн тухай хуулиар бид төрийн албаны албан хэргийн хөтлөлтөд өөрчлөлт гарна. Төрийн байгууллагууд хоорондоо албан бичиг солилцдог уламжлал халагдаж байна гэсэн үг. “Хур” системийг ашиглан нийтийн мэдээллийг хуваалцаж төрийн том датаг албан байгууллагууд хоорондоо солилцоно. Төр иргэн аж ахуйн нэгж байгууллагынхаа өмнө үүрэг хүлээж байгаа. Төрийн мэдээллийг нийтэд ил тод болгоно. Жишээ нь, төрийн өмчит компаниудын ашиг алдагдлын тайлан, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэрс, гишүүдийн цалин, ашигт малтмалын газрын лиценз ашиглах эрхийн гэрчилгээтэй холбоотой бүх мэдээллийг төр ил болгох үүрэг хүлээж байна.

Нэг үгээр хэлбэл, Нийтийн мэдээллийн тухай хуулиар төрд байгаа мэдээллийг ил тод болгох үүргийг төр хүлээж байна. Мөн төр зөвшөөрлийн тоогоо бууруулна. Блокчэйн технологид суурилсан технологийг барилгын салбарт хэрэгжүүлэхэд энэ салбарын компаниудад ихээхэн ашигтай байна.

Харин гарын үсэг зурдаг албан тушаалтнуудад энэ өөрчлөлт халтай. Авлига буурна гэж найдаж байна. Энэ долоо хоногт Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ. ХОМ бөглөдөг албан тушаалтнууд татварын тайлан мөн бөглөдөг болгоно.

Энэ үеэр цахим шилжилттэй холбогдуулан И-Монголиа.мн цахим хуудсаар 2.1 сая ширхэг лавлагааг иргэн, хуулийн этгээдэд өгснийг мэдээлэв. Ингэснээр 30 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Цаашид төрийн үйлчилгээг цахим руу богино хугацаанд шилжүүлэхийн хэрээр төрийн бүтээмж өснө гэж салбарын сайд үзэв. Гэхдээ дөрвөн төрлийн үйлчилгээг цахимаар өгөх боломжгүй. Тухайлбал,

  • Гэрлэлтийн байдал
  • Хурууны хээ бүртгэх
  • Хилийн хориг тавиулсан иргэний үйлчилгээ зэргийг биечлэн авах нь.

Мөн “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд хяналтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулна гэдгийг салбарын сайд мэдээлсэн. Ингэхдээ захиргааны буюу мэргэжлийн хяналт заавал байх ёстой гэж үзэж байгаа юм. Учир нь, хяналт шалгалтыг хална гэж хэт туйлшрах нь хүнсний аюулгүй байдал, хүний амь настай холбоотой  олон хүчин зүйлс араасаа дагуулах эрсдэлтэй гэдгийг онцлов.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгуулж буй уг хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, "Монгол шуудан" ХК-ийн захирал Б.Анхбаатар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, "Энержи Ресурс" компанийн захирал Г.Батцэнгэл нар оролцож байгаа юм.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:
– "Монголын эдийн засгийн чуулган-2022” форумыг угтаж өнөөдөр "Төрийн бүтээмжийн сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлгийн хүрээнд төрийн өмчит компанийн засаглал ил тод байдлын тухай асуудлыг хөндөж ярих гэж байна. Төрийн өмчит компанийн цаана төрийн өмчийн асуудал байгаа. Сүүлийн жилүүдэд төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдал хангалтгүй байна. Үүнийг дагасан хариуцлагын асуудал яригддаггүй. Энэ тухай олон нийт, олон улсын байгууллага ч шүүмжлэл өрнүүлсээр байгаа. Ийм олон зүйл хөндөгдөж байгаа учраас өнөөдрийн сэдвийг чухалчилж төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд анхны салбар хуралдааныг нэг болгож хэлэлцүүлж байна гэлээ.

Тэрбээр хэлэлцүүлэгт оролцож буй УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас төрийн өмчит компаниудын өнөөдрийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна. Цаашид төрийн өмчит компанийн эрх зүйн шинэчлэлийг хийхдээ ямар асуудлыг нэн тэргүүний зарчим үзэл санаа болгох ёстой вэ гэх асуултад байр суурь сонсов.

"МОНГОЛ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД СОЦИАЛИСТ БОЛСНЫГ ӨӨРЧИЛНӨ"

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Долоон жилийн өмнө Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд төрийн өмчит компанийн засаглалын асуудлаар томоохон хэлэлцүүлэг өрнөж байв. Тус танхим санаачлагчаар нь ажиллаж, төр оролцож байсан. Долоон жилийн дараа энэ сэдвийг санаачлагч нь төр байна. Х.Нямбаатар сайд танилцуулга хэлэхдээ төрийн өмчит 160 гаруй компани байгааг дурдлаа. Орон нутгийн өмчит компани хэчнээн байгаа нь мэдэгдэхгүй. Хяналтаас гарсан. Бид 30 жилийн өмнө чөлөөт эдийн засаг, хүний эрх ярьж Үндсэн хууль баталсан.

Энэ хугацаанд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүнд бизнесийн салбарт үйлдвэрлэл бүтээж байгаа, баялаг бүтээж байгаа гэх үү мөнгөн дүнгээр нь авч үзвэл төр 90 хувь болчихоод байна. Зөвхөн "Эрдэнэт", "Эрдэнэс Тавантолгой", "Оюутолгой" гэсэн төрийн өмчит гурван компанийн эдийн засагт эзэлж буй жинг авч үзвэл 90 хувь. Хэрэг дээрээ Монгол Улс эдийн засгийн салбарынхаа хувьд социалист болсон. Өнгөрсөн 30 жил чөлөөт эдийн засаг ярьсан атал одоо социалист улс болсон. Ялангуяа цар тахлын хүндхэн хоёр жилийн хугацаанд илүү тод мэдрэгдсэн.

Хувийн хэвшлийнхэн цаашид хөгжих боломжгүй болсон. Харин төртэй хамтарсан хувийн хэвшил тогтох боломжтой эдийн засагтай улс болсныг өөрсдийн биеэр харлаа. Цаашид хуулийн шинэчлэл, цогц реформ хийх ёстой. Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө манлайлж байна. УИХ, Засгийн газар уг реформд хүчтэй явна. Төр хүчтэй байна. Гэхдээ дарга хүчгүй байна. Төрд байгаа даргын шийдвэр гаргах оролцоог хязгаарлах тухай ярьж байна. Төрд байгаа хувьцаат компаниудыг нээлттэй, авлигагүй цогц реформ хийнэ гэж харж байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж