Дэлхийн усны өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд "Усны төлөө иргэдийн нэгдэл" төрийн бус байгууллагаас монгол усны нөөцийн хомсдолд орсон тухай сэдвийг онцолж байна. Мөн өнөөдөр /2022.03.22/ БОАЖЯ болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэдийн хамтарсан “Цэнхэр алт” хэлэлцүүлэг болно.
Дэлхийн усны өдрийг энэ жил газар доорх ус буюу харагдахгүй зүйлийг харагддаг болтол нь ажиллая гэсэн уриатай тэмдэглэнэ. Усыг ашиглагч л хамгаалж чадна. Тиймээс хүн бүхэн усны асуудалд анхаарах хэрэгтэйг салбарынхан онцоллоо.
Монгол орны нийт усны нөөцийн хоёр хувь нь газрын доорх ус байдаг боловч нийт ус хэрэглээний 80 хувь орчмыг газрын доорх усаар хангадаг аж. Шинжлэх ухааны академиас мэдээлснээр, монгол орны говийн бүсийн гүний газрын доорх тэжээмжийн хувьд "нэн ядуу", зарим газрын доорх усны ордын нас 25-45 мянган жил "эртний" ус байдаг байна. Иймд говийн бүсийн газрын доорх усны нөөцөө говь цөлийн эмзэг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр ашиглан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийг уриалжээ. Манай орны хойд бүс нутагт орших усны нөөц харьцангуй их, гадаргын уснаас усыг алсын зайд говийн бүс рүү зөөвөрлөн, олон хэрэглэгчийг усаар хангах боломжтой аж.
"Усны төлөө иргэдийн нэгдэл" ТББ-ын тэргүүн З.Батбаярын хэлснээр “Дэлхий дээр амьдарч буй хоёр хүн тутмын нэг нь газрын гүний ус ууж байна. Аж үйлдвэрүүдийн гуравны нэг нь газар доорх усыг ашиглаж байгаа юм. Тэгэхээр усны нөөцийн асуудлыг заавал анхаарах шаардлага тулгарсан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуй нэгж газрын гүний ус ашигладаг. Уул уурхай, үйлдвэрлэл, хувь хүн гээд бүгд.
Ус сувгийн удирдах газар 12 мянган худгаас ус татдаг. Хоёр литр ус хэрэглэх боломж байхад бид гурван литрийг хэрэглэж байна. Бид усны нөөцийн хомсдолд орсноо дэлхий дахинд зарлах цаг ирлээ. Үүнээс гарах арга замыг ярилцах хэрэгтэй болсон.
Ус дахин ашиглалтын талаарх ойлголт мэдээлэл бага байна. Мянганы сорилтын сангийн төслөөр ус дахин ашиглах үйлдвэр барьж байна. Гэвч энэ төсөл усны хомсдлыг шийдэхгүй. Туул голд 2008 оноос хойш жил бүр шахуу ширгэж, тасалддаг боллоо. Учир нь өвөл бид газар доорх усыг нь ховх сордгоос Туул гол тасалддаг. Туул гол газар доорх усаа нөхөж чадахгүй байгаа тул энэ голд далан барьж, усны нөөцөө бүрдүүлэх цаг болсон. Ямар нэг бизнес хийхэд мөнгө хэрэгтэй болдог. Тэд банкнаас мөнгө авдаг шиг ямар ч улсад ус хамгийн чухал нөөц юм. Усны талаар нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй. Монгол усаа дахин ашигладаггүйгээс хомсдолд орсон” гэсэн юм.
Мөн Улаанбаатар хотод 1980-аад оноос хоногт дээд тал нь 220 метр куб ус хэрэглэх боломжтой гэж тогтоосон байдаг. Гэтэл өнөөдөр 240 хүртэлх метр куб ус хэрэглэж байна. Үүнийг хүмүүс тэнцвэртэй болгож чадна. Алтай хот хамгийн муу устай байсан бол одоо хамгийн цэнгэг ус уудаг болсон. Яг ийм шийдлээр Орхон, Эг, Сэлэнгэ мөрөн, Туул, Хэрлэн, Булган, Ховд, Шишгэт, Байдраг голуудад далан барьж болно. Манлайлал дутуу байгаа тул одоо энэ ажлыг зоригтой хийх цаг ирснийг анхаарууллаа.