Тойм: Нэгдсэн лигийн анхны улирал түүх болов

Хуучирсан мэдээ: 2022.03.22-нд нийтлэгдсэн

Тойм: Нэгдсэн лигийн анхны улирал түүх болов

Тойм: Нэгдсэн лигийн анхны улирал түүх болов

Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн “Янзтай” дээд лигийн 2021-2022 оны улирал амжилттай болж, аварга баг тодорлоо. Өнгөрөгч улирал сагсан бөмбөгийн холбоод хамтран анх удаагаа 13 багтай лиг нэг тойрог үргэлжилж, плей-офф эхэлсэн нь онцлох үйл явдал байв.


ХАСЫН "ХҮЛЭГҮҮД" БАГ ФИНАЛД “УУРХАЙЧИД”-ЫГ ШҮҮРДЭВ

Плей-оффт амжилтаараа бусдыгаа манлайлсан найман баг өрсөлдсөн. Үүнээс Хасын "Хүлэгүүд" болон Эрдэнэтийн "Уурхайчид" багууд финалд үлдэж, аваргын төлөө тунав. "Хүлэгүүд" долоо дахь аваргынхаа төлөө дайралт хийсэн бол байгуулагдаад хоёр дахь улирлынхаа нүүрийг үзэж буй "Уурхайчид" анх удаагаа финалд шалгарч тоглосон нь энэ байлаа.

Финалын өмнө хуучин "Хүлэгүүд"-ийн эгнээнд байсан "Уурхайчид”-ын А.Бямбадорж “Манай дасгалжуулагч аваргын төлөө "Хас" гэдэг багт төлөвлөсөн юм байгаа гэсэн. Тэрний дагуу явна даа” гэж егөөдөөд амжсан.

Монголын сагсан бөмбөгийн өнөө цагийн нүүр царай болсон Б.Билгүүн, Т.Санчир нарын тулаан энэ цувралыг үзүүштэй болгосон бөгөөд хоёр тамирчин хоёулаа гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Эцэст нь цуврал долоон тоглолтод "Хүлэгүүд" 4-0 гэсэн харьцаатай ялалт байгуулж, долоо дахь аваргын цомоо гардлаа. Ингэснээр тус баг Монголын сагсан бөмбөгийн түүхэнд дээд лигт хамгийн олон түрүүлсэн баг болов.

Финалын үнэтэй цэнтэй тоглогчоор Б.Билгүүн тодорч, нэг улиралд “Тэргүүн тоглогч” болон финалын үнэ цэнтэй тоглогч болсон ховорхон тохиолдлын эзэн болсон. Харин “Хүлэгүүд”-ийн ахлах дасгалжуулагч Д.Пүрэвдорж өнгөрөгч улирлын лигийн шилдэг дасгалжуулагч болсон юм.

Финалын цувралд “Хүлэгүүд”-ийн бүтэн талбайд шахсан хамгаалалт, алсын зайн шидэлтүүд гайхалтай байсан. Уурхайчид цуврал дөрвөн тоглолтын турш тэдний хамгаалалтын өмнө хүчин мөхөсдсөн гэхэд хилсдэхгүй. Б.Билгүүн, О.Сэргэлэн, Ц.Азбаяр, Т.Мэндбаяр нараас гадна Г.Насанжаргал, Т.Цогбадрах зэрэг залуучууд сайн байсан. Эсрэг багаас нь Г.Ган-Эрдэнэ ирээдүйтэй гэдгээ харуулж, Т.Санчир, Н.Золжаргал зэрэг ах нарынхаа ачааны хүндээс үүрэлцэв.

Лигийн хүрэл медалийн эздээр Архангай Алтан Дорнодын "Дайчид" баг тодорсон.

ПЛЕЙ-ОФФЫН ЧИМЭГ

Найман багтай плей-офф сагсан бөмбөг сонирхогч, үзэгчдийг уйдаасангүй. Цуврал бүр өрсөлдөөнтэй, үдэш бүр шилдгүүд гялалзаж, спортын төв ордон олны хөл дарагдав. Өнгөрөгч плей-оффоор хэд хэдэн баг олны анхаарлыг татаж, чимэг болсон.

Тодруулбал, “IHC Apes” болон Тэнүүн Өлзий "Металл" багууд. Шинээр байгуулагдсан “IHC Apes” баг эхний шатандаа "Хүлэгүүд"-д хожигдож, улирлаа өндөрлүүлсэн ч өөрсдийн гэсэн хүрээлэлтэй болж чадсан. Тус багийн талбай дээрх болон талбайн гаднах үйл ажиллагаа, мэдэгдлүүд сонирхолтой байж, плей-оффыг чимсэн.

“IHC Apes” багийг ирэх улирал зузаан бүрэлдэхүүнтэй эргэн ирнэ гэж хөгжөөн дэмжигчид нь найдаж байна.

Харин "Тэнүүн Өлзий Металл" баг хагас шигшээ хүртэл аяллаа үргэлжлүүлж, дөрөвдүгээр байраар улирлаа өндөрлүүлэв. Улирлын эхэнд тэднийг энэ хүртэл явна гэж таамагласан хүн тун цөөхөн биз. Металл баг эхний шатандаа Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр, Ц.Отгонжаргал тэргүүтэй Завхан “Brothers” багийг ялсан. Үүний дараа хагас шигшээд Эрдэнэтийн "Уурхайчид”-ыг цувралд 3-2 гэсэн харьцаатай тэргүүлж байсан боловч хоёр тоглолт дараалан хожигдсон нь харамсалтай. Д.Дэлгэрнямаар ахлуулсан залуучуудаар багаа бүрдүүлсэн “Металл” үзэгчдийг хайрыг татсан. Ирэх улирал тэд аваргын төлөө өрсөлдөх гол багуудын нэг байх нь гарцаагүй.

ХҮЛЭЭЛТЭД ХҮРЭЭГҮЙ “ТОМЧУУД”

Өнгөрөгч улирал Этүгэн Баянгол "Ирвэсүүд" болон хоёр дараалан аварга аваад байсан Алдар "Танан Гарьд" багуудаас үзэгчид их зүйл хүлээж байсан нь лавтай. Гэвч хоёр баг хоёулаа эхний шатыг давж чадаагүй.

Ирвэсүүд эхний шатандаа Архангай Алтан Дорнодын "Дайчид" багтай учраа таарч, цуврал таван тоглолтын эцэст ялагдсан. “Дайчид”-аас О.Энхбаатар, А.Ананд хоёр тэднийг “чанасан” гэхэд буруудахгүй. Улирал нь дууссан "Ирвэсүүд" багийн ахлах дасгалжуулагч О.Баярцогт саяхан "Танан Гарьд"-ыг зорьсон. Гэхдээ ганцаараа биш. А.Энхбаясгалан, Д.Дөлгөөнмөрөн, С.Мөнхбаатар, С.Анхбаяр гэх залуусаа дагуулаад явав.

Багийнхаа гол цөм болсон залуучуудыг алдсан “Ирвэсүүд”-ийг тарж байгаа гэж учир мэдэх хүмүүс ярьж байна. Ингэхээр "Ирвэсүүд"-ийн лидерүүд болох Г.Баттөр, Д.Мөнхтүвшин хоёрыг ирэх улирал аль багт тоглох вэ гэдэг асуулт анхаарал татаж буй.

Нөгөө талд Алдар "Танан Гарьд" баг эхний шатандаа “Уурхайчид”-тай учраа таарч, цувралд 1-3 гэсэн харьцаатай дийлдэв. Монголдоо хамгийн том хөгжөөн дэмжигчдийн хүрээлэлтэй тус багийг гурав дараалан түрүүлнэ гэсэн хүлээлттэй хүн олон байсан нь дамжиггүй. Үлгэр бүхэн төгсгөлтэй байдгийн адил улирал дууссаны дараа Ч.Ижилболд дасгалжуулагч багаа орхисон. Түүнийг ирэх улирал аль багийг дасгалжуулах вэ гэдэг асуулт мөн анхаарлын төвд буй. Сүүлд гарсан шуумаар “IHC Apes” багтай нэр холбогджээ.

"Танан Гарьд"-ын ирэх улирлын бүрэлдэхүүн дэндүү гэхэд дэндүү зузаан, чадварлаг. Хуучин бүрэлдэхүүнээ тэр чигт нь хадгалж, нэмээд “Ирвэсүүд”-ийн шилдгүүдийг, дасгалжуулагчтай нь нэгтгэсэн. Бусад багуудын менежерүүд энэ зун ажлаа сайн хийхгүй бол ирэх улирал "Танан Гарьд"-ыг зогсооно гэдэг амаргүй даваа.

УЛИРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРСОН НЬ

Өнгөрсөн жилүүдэд “Тэргүүн тоглогч”, финалын үнэ цэнтэй тоглогч гэх шагналуудын ялгаа заагийг гаргадаггүй, нэг л шагнал өгдөг байсан бол энэ удаад хоёр тусдаа шагнал өгсөн.

  • Тэргүүн тоглогч: Б.Билгүүн /Хасын Хүлэгүүд/
  • Шилдэг хамгаалан тоглогч: О.Энхбаатар /Архангай Алтан Дорнодын Дайчид/
  • Шилдэг шинэ тоглогч: Т.Ууганбаяр /Тэнүүн Өлзий Металл/
  • Шилдэг зургаа дахь тоглогч: Б.Мөнхболд /Алдар Танан Гарьд/
  • Шилдэг дасгалжуулагч: Д.Пүрэвдорж /Хасын Хүлэгүүд/
  • Финалын үнэ цэнтэй тоглогч: Б.Билгүүн /Хасын Хүлэгүүд/
  • Бүх оддын үнэ цэнтэй тоглогч: Т.Санчир /Эрдэнэтийн Уурхайчид/

Шагналын эзэдтэй маргах зүйл байхгүй биз. Б.Билгүүний баг амжилтаараа бусдыгаа манлайлж, өөрийнх нь ч үзүүлэлтүүд сайн байсан. О.Энхбаатар шигшээ багийн гарааны төвийн тоглогч гэдгээ харуулж, лигийн будагтай талбайг улирал, плей-оффын турш эзэгнэсэн. Т.Ууганбаяртай ярих зүйлгүй. Түүний хамгаалалт, довтолгооны идэвхи чармайлт, бөмбөг бүрийн төлөөх тэмцэл Тэнүүн Өлзий "Металл" багийн амжилтын гол хүчин зүйл. Батаагийн Мөнхболдын нэрийг сагсан бөмбөг сонирхдог, сонирхдоггүй хүн бүр бараг мэддэг болсон. Тэр бол багийнхаа хөгжөөн дэмжигчдийн хамгийн хайртай, хүндлэгдсэн тоглогч. Харин эсрэг багийнхаа дасгалжуулагч, хөгжөөн дэмжигчдийн зүрхэнд шар ус хуруулдаг нэгэн. Мэдээж, аварга болсон багийн дасгалжуулагч шилдэг болох учиртай байсан.

ШИГШЭЭ БАГИЙН УРЬДЧИЛСАН БҮРЭЛДЭХҮҮН ЗАРЛАГДАВ

Нэгдсэн дээд лигийн гол зорилго нь шигшээ багийг бүрдүүлж, олон жил оролцоогүй олон улсын тэмцээндээ оролцох байсан. Үүний дагуу FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бүртгэлтэй, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын удирддаг Монголын сагсан бөмбөгийн холбооноос Азийн наадам болон Азийн цомын урьдчилсан шатанд өрсөлдөх Монголын шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүнийг зарласан.

Хилийн чинад дахь тамирчид шигшээ багтай нэгдэх боломж нээлттэй гэдгийг мөн тус холбооны зүгээс мэдэгдсэн.

Шигшээ багийн дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд дуудагдсан Тэнүүн Өлзий Металл багийн дасгалжуулагч Б.Ганхөлөг өөрийн хүсэлтээр татгалзсан. Сагсан бөмбөг сонирхогчдын зүгээс О.Баярцогт болон Ч.Ижилболд нарыг шигшээ багт дуудаагүйд дурамжхан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж