БАЙР СУУРЬ: Монгол Улс эдийн засгийн хоригт ороогүй

Хуучирсан мэдээ: 2022.03.22-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Монгол Улс эдийн засгийн хоригт ороогүй

БАЙР СУУРЬ: Монгол Улс эдийн засгийн хоригт ороогүй

 Ам.долларын эрэлтийг дагаад ханш чангарч нийлүүлэлт “тасраад” байна. Улмаар арилжааны банкууд валют олголтод хязгаарлалт тавьж эхэлсний цаана Монгол Улс эдийн засгийн хоригт орсон уу гэх хардлага, болгоомжлол дагуулав. Үүнийг эдийн засагчид үгүйсгэж байгаа юм. Тэдний зүгээс “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад эдийн засгийн хоригт орох нөхцөл үүсээгүй” гэсэн байр суурьтай байна.


ЭДИЙН ЗАСГИЙН ХОРИГТ ОРОХ НӨХЦӨЛ ҮҮСЭЭГҮЙ

Эдийн засагч Б.ЛАКШМИ: 

-Монгол Улс эдийн засгийн хоригт орох нөхцөл одоогоор үүсээгүй гэж харж байна. Хэрэв зах зээлд валютын нийлүүлэлт тасарвал орлого буурах эрсдэлтэй. Валютын орлого буурвал Монгол Улс гадаад өр төлбөрөө төлөхөд хүндрэл үүснэ. Мөн төгрөгийн ханш богино хугацаанд сулрахад том нөлөө үзүүлнэ. Өнөөдрийн нөхцөл байдлаас харвал, валютын эрэлт өссөн ч экспортоос олсон орлого хангалтгүй байгаа тул ам.долларын хомсдол үүсч, ханшинд нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, жил бүрийн хавар бүтээн байгуулалт, бизнесийн үйл ажиллагаа идэвхжиж сэргэж эхлэхэд валютын эрэлт өсдөг.

Эсрэгээрээ экспортын урсгал багассанаар валютын орлого хангалтгүй, ам.долларын ханш чангарахад нөлөөлж байгаа юм. Экспорт багассан нь Хятадын тал хилийн хоригоо чангаруулсантай холбоотой.

Нөгөөтэйгүүр, ам.долларын эрэлт нэмэгдэхийн хэрээр нийлүүлэлт хангалтгүй байгаа тул арилжааны банкууд валют  олголтод тодорхой хэмжээний хязгаарлалт тогтоосон болов уу гэж харж байна. Магадгүй иргэд валют худалдан авч нөөцлөхөөс урьдчилан сэргийлж тодорхой хэмжээний хязгаарлалт тогтоосон байхыг ч үгүйсгэхгүй. Ам.долларын эрэлт нэмэгдэхийн хэрээр нийлүүлэлт хангалтгүй байгаа тул ийм арга хэмжээ авсан болов уу.

           ЭДИЙН ЗАСГИЙН СӨРӨГ НӨХЦӨЛИЙН БУРУУТАНГ ГАДНААС ХАЙХ ХЭРЭГГҮЙ

Эдийн засагч Ж.ДЭЛГЭРСАЙХАН: 

-Валютын ханш өсч байгаа байдал нь үүссэн эрүүл мэнд, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой гэж би хувьдаа үзэж байна. Иймд бид эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарлаа хандуулах нь чухал. Монгол Улсын хувьд хэн нэгэн хориг тавих, хоригт орох асуудал үүссэн зүйл байхгүй. Харин эндээс бид энэ олон жилд эдийн засгаа ямар эмзэг бүтэцтэй болгосон, иргэдийн орлого амьжиргаа доогуур эдийн засгийн хүнд цохилтыг даах нөхцөлгүй байдалтай явж ирснээ харж цаашид алдахгүй байх тал дээр дүгнэлт хийх нь чухал. Түүнээс энэ эдийн засгийн сөрөг нөхцөлийн буруутанг гаднаас хайх хэрэггүй.

Юуны өмнө валютын нөөц буурч байгаа шалтгаанаа тодорхой харах хэрэгтэй. Бидний хувьд гадаад валют орох сувгууд хязгаарлагдсан. Энэ нь гадаад худалдаа, тээвэр, өмнөд хөрштэй хийх худалдааны нөхцөл байдлаас хамаарч байсан. Гэтэл ОХУ-ын нөхцөл байдлаас хамаарч бидэнд давхар хүндрэл үүслээ.

Гадаад валютын орох урсгал болох экспорт буурч, эсрэгээрээ импорт өмнөх оны мөн үеэс нэмэгдлээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл алдагдалтай явж ирсэн нь мөн суурь сөрөг нөлөөлөл болж байна. Энэ үед Монголбанкны зүгээс боломжоороо интервенц хийж байгаа ч үүссэн  нөхцөл байдлаас хамаарч дан ганц валютын нөөцөөр үүнийг зохицуулах боломж хязгаарлагдмал байна. Валюын нөөц энэ шалтгаанаар буурч байгаа нь бидний эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тохирох бодлогын сонголт нь валютын орох урсгалыг нэмэгдүүлэх явдал. Харамсалтай нь бидний хувьд энэ тал дээр сонголт багатай байна. Иймээс банкуудын хувьд валютын гарах урсгал дээр хязгаарлалт хийхээс өөр аргагүй байдалд хүрч байна гэж үзэж байна. Валютын гарах урсгалд хязгаарлалт тогтоох нь иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд доголдол үүсгэх нь тодорхой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж