УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцлаа. Түүний хувьд Хөгжлийн банк болоод төрийн хяналт шалгалтыг багасгах чиглэлээр хуулийн төслийг боловсруулж байгаа юм байна.
-Хаврын чуулган нээлтээ хийлээ. Энэ хаврын чуулганы онцлогийг юу гэж харж байна вэ. Энэ хаврын чуулганд таны зүгээс ямар хуулийн төсөл дээр ажиллаж байгаа талаар ярилцлагаа эхлүүлье?
-Хаврын чуулган эхлээд удаагүй байна. Энэ чуулган миний хувьд ажил хэрэгч чуулган болох байх гэж бодож байгаа. Тухайлбал, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд долоон хуулийг нэн яаралтай батлах ёстой. Үүнд Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга орж байна. Үүнийг ярихаас өмнө Монголд эдийн засгийг тэлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэн шаардлагатай. Яагаад гэвэл жижиг дунд үйлдвэрлэлд нийт ажлын байрны 70 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр Монгол Улсын иргэн бүрийн бизнес үр ашигтай, авч буй цалин өндөр түүнийг дагаад улс нь татварын бааз нэмэгдэж түүгээр дамжуулаад төрийн албан хаагчийн цалин тэтгэвэр нэмэгдэх суурь нөхцөл бүрдэх ёстой. Ямар нэгэн байдлаар гадаадын эдийн засгийн хүчнээс үл хамааран дотоодоо зохион байгуулалт хийх бололцоо бидэнд байна. Аль болохоор ЖДҮ-г дэмжсэнээр бизнесүүдээ дэмжих бололцоо нээгдэнэ. Тиймээс Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга орж ирнэ.
Хуулийн төслийг дурдвал Монгол Улсад 1000-аад төрлийн зөвшөөрөл байдаг. Дийлэнх нь заавал хэрэгцээтэй биш ч хүнд суртал үүсгэдэг. Тиймээс зөвшөөрлийг багасгаж 300 руу ойртуулъя гэдэг саналтай байгаа. Нэг жишээ хэлэхэд би өмнө Лондонд ажилладаг байсан. Лондонд рестораны зөвшөөрөл авахад хоёр зөвшөөрөл хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, архи зарах, ариун цэврийн хүрээнд хоёр зөвшөөрөл авдаг. Бизнесүүд зөвшөөрлөөр уралдах биш үйлчилгээгээр уралддаг байх ёстой. Муу хоол хийдэг, үйлчилгээ муутай ресторан бол тэгээд л дампуурна. Ингэж зах зээлийн зохицуулалт хийж өрсөлдүүлэх нь зүйтэй. Мөн хүнээс буюу гарын үсгээс хамааралгүйгээр орлого олох нь маш буруу зохицуулалт л даа. Зөвшөөрлийн эдийн засаг гэж ярьдаг. Энэ онолыг буруу гэж боддог. Яагаад нэг эрх мэдэлтэй хүн гарын үсэг зурснаар бусдаас давуу эрхтэй байдаг юм. Үүнийг дагаад авлига, хээл хахууль үүсч байгаа. Тиймээс зөвшөөрлийг аль болох багасгах нь зөв.
Дараа нь Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хууль орж байгаа. Өнөөдөр компаниуд дээр мэргэжлийн хяналт, татвараас байнга дарамталдаг асуудал байдаг. Үүнийг болиулъя гэж байгаа. Гол нь үүнийг дагаад Монголын төрийн үйлчилгээ цахим болж буй. Заавал татварын байцаагч тэнд ажиллаад байх хэрэггүй.
Харин нөгөө авлига авдаг нөхдүүд энэ хуулиар гомдолтой байж магадгүй. Энэ бол Монгол Улсын эрх ашиг биш ээ гэж хэлье.
БИД ЭДИЙН ЗАСГАА ЭРГЭЖ ХАРААД АЛЬ БОЛОХООР БҮТЦЭЭ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ
-Намрын чуулган завсарлаж гишүүд тойрогтоо багагүй хугацаанд ажиллалаа. Таны хувьд цар тахлын үед УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тэгэхээр чуулган завсарласан үеэр тойргын сонгогчдынхоо санал бодол, тулгамдаж буй асуудлыг сонсч үзэв үү. Нийтлэг ямар тулгамдсан асуудлыг ярьж байна вэ?
–Заавал тойрог гэхээс илүү Монгол Улсад болж буй хэд хэдэн үйл явдал байна л даа. Түрүүн та намайг цар тахлын үед гишүүн болсон гэж онцолж байна. Цар тахал гэдэг дэлхийн эдийн засгийг маш хүнд байдалд орууллаа. Өвчлөлөөс гадна үнийн өсөлт, инфляци нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар инфляци 14.2 хувь болсон байна. Үүнийг дагаад мах, гурил, бензины үнэд нөлөөлнө. Манай тойрог гэлтгүй ард түмэн нийтээрээ бухимдалтай байна. Мөн ам.долларын ханш 2850 төгрөг байснаа 50 төгрөгөөр чангарлаа. Энэ бол амаргүй нөхцөл байдал үүсгэж байна.
Монгол Улс хэрэглээний барааны 40 хувийг гаднаас импортолдог. Ингэхдээ ам.доллар, юаниар худалдаж авдаг шүү дээ. Эргээд төгрөгийн ханш суларч байна гэдэг нь гаднаас авч буй бараа таваарын үнэ өсч байна гэсэн үг. Өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдал дотоодоос биш гаднаас хамааралтай гэдгийг онцолж хэлмээр байна. Мөн Европт геополитикийн амаргүй нөхцөл байдал үүсчихлээ. Тэгэхээр дээрх асуудал ямар хэлбэрээр Монгол Улсад нөлөөлөх нь тодорхой бус байна. Сайн тал нь гэвэл ОХУ-аас авч буй бензин, түлшний нийлүүлэлт хангалттай орж ирж байна. Түүний төлбөр тооцоо нь ямар нэгэн асуудал гарахгүй байна. Гэхдээ дэлхийн бензиний зах зээл үнэ өсч, нэг баррель нефть 100 ам.доллар гарчихлаа. Тэгэхээр бидний худалдаж авч буй нефтийн үнэ өснө. Үүн дээр аль болохоор анхааралтай хандах нь зүйтэй. Тиймээс Монгол Улсын эдийн засаг их эмзэг гэдгийг бид харлаа. Тухайлбал, 92 хувь нь уул уурхайгаас хамааралтай. Энэ нь хэдхэн боомтоос хамаардаг. Дийлэнх экспорт Гашуунсухайт болон Эрээний боомтоор явж байна. Европоос ирж буй импортын бараа бүтээгдэхүүн Алтанбулагийн боомтоор ирж байна. Урдаас Замын-Үүдийн боомтоор БНХАУ-аас ирж буй бараа бүтээгдэхүүн орж ирж байна.
Тэгэхээр нөгөө л Шинэ сэргэлтийн бодлого нэн шаардлагатай хэрэгтэй юм байна. Бид эдийн засгаа эргэж хараад аль болохоор бүтцээ өөрчлөх, тохируулга хийх нь нэн шаардлагатай. Ингэснээр бидэнд хоёр давуу тал гарч байгаа юм.
-Тухайлбал ямар давуу тал үүсч байгаа юм бэ. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжсэнээр боомтын хүчин чадал нэмэгдэж, эдийн засаг урт хугацаандаа сэргэх үү?
-Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжсэнээр боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэнэ. Хүчин чадал нэмэгдсэнээр экспорт нэмэгдэж, эдийн засаг тэлж Монголд орж ирж буй валют нэмэгдэн, төгрөгийн ханш чангарна. Хоёрдугаарт, нийт улсын төсөв нэмэгдэж, төсвөөс хөрөнгө оруулалт хийж байгаа бүтээн байгуулалт нэмэгдэнэ. Үүнийг дагаад төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэр нэмэгдэх орон зай үүснэ.
Томоор нь харвал, Монгол Улсын эдийн засаг тэлж буй учраас аж ахуй нэгжүүдийн орлого нэмэгдсэнээр иргэдийн цалин нэмэгдэнэ. Хоёрдугаарт, бидэнд аж үйлдвэрийн парк хэрэгтэй байна. Жишээ нь бид төмрийн хүдэр, зэс зэргийн 60 гаруй хувийг нь шороогоор гаргаж байгаа. Тэгвэл яагаад Эрдэнэт, Оюутолголгойгоос гарч буй зэсээ хайлуулаад төмөр утас хийж, нэмүү өртөг нэмээд гадагшаа гаргавал орж ирж буй орлого хэд дахин нэмэгдэнэ. Төмрийн хүдэр мөн л ялгаагүй. Тэгвэл ган хайлуулдаг үйлдвэр барих ёстой. Бидэнд бололцоо нь байгаа. Яагаад гэвэл бүх түүхий эд нь байна. Тиймээс зэс хайлуулдаг үйлдвэр нэн яаралтай барих ёстой.
-ОХУ, Украины дайнаас үүдэн эдийн засагт сөрөө нөлөөлөл гарч эхэллээ. Жишээ нь гадагшаа ам.доллар гаргаж чадахгүй хязгаар тогтоочихлоо. Тэгэхээр валютын нөөцийг цаашид хэрхэн нэмэгдүүлэх вэ. Ямар арга хэмжээ авах ёстой юм бол?
-Богино хугацаанд амаргүй байна. Гэхдээ дунд болон урт хугацаанд ам.доллар тодорхой хэмжээнд чангараад байхгүй. Ирэх долдугаар сараас Тавантолгой, Гашуунсухайт хүртэл төмөр зам ашиглалтад орно. Тавантолгойгоос Зүүнбаян хүртэлх төмөр зам ашиглалтад ороод эхэлчихсэн. Энэ нь нүүрсний экспортыг дэмжинэ шүү дээ. Өнөөдөр харамсалтай нь нүүрсний экспорт өмнөх үеэс 2.5 дахин багассан.
Хэрвээ бид 40 сая тонн нүүрсээ экспортолж чадвал Монгол Улсад орж ирж буй нүүрсний орлого 12 тэрбум руу орж ирнэ. Тэгэхээр энэ үзэгдэл нь гадаад валютын хомсдлыг багасгаж, төгрөг эргэж чангарах нөхцөл байдлыг үүсгэнэ. Хоёрдугаарт, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлчихсэн байгаа. Ирэх оноос үр ашгаа өгч эхэлнэ. Гуравдугаарт, дотоодын аж ахуй нэгжүүдээ бид дэмжинэ. Үүнтэй холбоотой нэг зүйлийг ярихыг хүсч байна. Энэ бол Хөгжлийн банк.
ТӨРИЙН МӨНГИЙГ ЗОРИУЛАЛТЫН БУСААР АШИГЛАНА ГЭДЭГ НЬ ГЭМТ ХЭРЭГ
-Хөгжлийн банкны асуудал өндрөө авлаа. Зээлийг зориулалтын бусаар ашигласан хүмүүст тооцох хариуцлагыг та өндөрсгөх хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байна гэсэн үг үү?
-Угтаа бол Хөгжлийн банк импортыг орлох, экспортыг дэмжих хөрөнгө оруулалт хийх ёстой үндсэн чиглэлтэй банк. Харамсалтай нь тоотой хэдхэн төсөл нь хэрэгжиж, бусад нь зориулалтын бусаар явсан. Энэ оны эхээс Хөгжлийн банкны асуудал өндрөө авч, зориулалтын бусаар зээл авсан хүмүүс тодорхой болж байна. Харин эргэн төлөлт 103 тэрбум төгрөг хийгджээ. Ирээдүйд Хөгжлийн банк зориулалтын дагуу явах суурь нөхцөл бүрдэж, том сануулга боллоо. Миний хувь хүний бодол бол Хөгжлийн банк болон төрийн мөнгийг ашиглах хуульд өөрчлөлт оруулах ёстой.
Үүнийг хаврын чуулганаар холбогдох хүмүүстэй нь ярина. Агуулга нь төрийн мөнгийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдвол эрүүгийн гэмт хэрэг үүсэх ёстой. Жишээ нь ЖДҮ, Хөгжлийн банкнаас импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэчхээд байшин барилга барьчихвал үйлдэл нь залилангийн шинжтэй учраас эрүүгийн гэмт хэрэг үүсгэх ёстой. Жишээ нь АНУ-д зээлээ зориулалтын бусаар ашиглавал эрүүгийн гэмт хэрэг үүсгэдэг. Ялын тухайд банк мэдээж мөнгөө буцааж авна, нэмээд нэг сая ам.доллараар торгох, 30 жил хүртэлх жилээр шоронд суулгадаг.
Тиймээс энэ жишгийг Монголд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Төрийн мөнгийг зориулалтын бусаар ашиглана гэдэг нь гэмт хэрэг. Хоёрдугаарт, төрийн мөнгөнөөс зээл авсан нөхдүүдийн барьцаа хөрөнгийг шууд хурааж авдаг болмоор байна. Барьцаа хөрөнгийг гурван шатны шүүхээр яваад 3-7 жил алдаад, барьцаа хөрөнгө нь элэгдэлд орж эцсийн үр дүндээ анх байснаасаа хамаагүй бага үнэлгээтэй болдог. Энэ байдлыг зогсоох ёстой.
-Ерөнхий сайдын зүгээс цаашид Хөгжлийн банкийг татан буулгаж экзем банк болгоно гэж мэдэгдсэн. Үүнтэй та санал нийлэх үү?
-Экзем банк гэхээс илүү Хөгжлийн банкийг зөв голдиролд оруулаад татан буулгах бус байх ёстой институцээр нь явуулмаар байгаа юм. Тухайн үед Ерөнхий сайд ярьж байсан байх. Гэхдээ одоо тийм бодол байхгүй байх. Яагаад гэвэл Хөгжлийн банк экспортыг дэмжих том төслийг санхүүжүүлэх зориулалттай банк. Жишээ нь Солонгост Хөгжлийн банк нь 1970-аад оны эхээр маш их үүрэг рольтой оролцож экспортын эх орон болгосон юм билээ.
Япон ч мөн адил. 1950-аад онд Хөгжлийн банк байгуулсан. Хөгжлийн банк арилжааны банкнаас юугаараа ялгаатай вэ гэхээр улс орны эдийн засагт ашигтай стратегийн хөрөнгө оруулалт хийдэг, гэхдээ зах зээлийн үнэ ханшнаас бага хүүтэй урт хугацаанд зээл олгодог.
-Таныг улс төрийн хүрээнд аавтай чинь холбож ярих нь бий. Өөрөөр хэлбэл улс төрийн хүрээнд ааваараа “хөтлүүлж” орсон гэдэг. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Надаас энэ асуултыг олон хүн асуудаг. Ямар ч хүн ээж, ааваараа бахардаг шүү дээ. Ялангуяа би ааваараа маш их бахархдаг. Монгол Улсын УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан хүн. Асар их туршлагатай, улс орны төлөө хоёргүй сэтгэлээр явсан хүн. Үүнтэй холбоотой надад тодорхой хувь хүний сүүдэр ирдэг. Миний хувьд залуу хүн, өөрийн үзэл бодолтой, өөрийн гэсэн туршлагатай.
Энэ бүхнийг Монгол Улсын төлөө зориулахад бэлэн байна. Өөрийгөө 200 хувь дайчилна. Намайг ааваар минь биш хийсэн ажлаар минь дүгнэвэл зохилтой. Мэдээж ааваасаа асуух юм байвал асуудаг. Шүүмжилдэг, зааж зөвлөгөө өгдөг тиймэрхүү харилцаатай явдаг. Аав хүү хоёрын харилцаа байдаг л энгийн харилцаа. Ямар ч дэлхийн иргэн ааваасаа зөвлөмж аваад л явдаг шүү дээ. Манай охин ч гэсэн байнга надтай ярилцдаг. Үүнтэй ялгаагүй.
Холбоотой мэдээ