Хотын дарга асан Э.Бат-Үүлийн өмгөөлөгч А.Пүрэвдуламтай ярилцлаа.
-Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийг хязгаарласан талаар өмгөөлөгчийн зүгээс мэдэгдсэн. Хорих анги болон прокурорын байгууллагаас эрхийг нь ямар үндэслэлээр хязгаарлах болсон талаар тайлбар өгсөн үү?
-Анхан шатны шүүхийн шийдвэр гарч, багагүй хугацаа өнгөрсөн. Шүүхийн шийдвэр 14 хоногийн дотор албажиж гарах хуулийн хугацаатай байдаг. Гэвч хотын дарга асан Э.Бат-Үүлийн хэрэг дээр 60 гаруй хоног болсон. Энэ хүн давж заалдах эрхээ ноцтойгоор зөрчүүлсэн. Энэ хугацаанд давж заалдах эрхээ эдэлж чадахгүй байдалтай байлаа.
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт анхан шатны шүүхээс хэрэг нь давж заалдах шатны шүүх рүү шилжсэн. Одоо шүүх хурлын тов гараагүй байна. Э.Бат-Үүл хорих 409 дүгээр ангид хоригдсон мөчөөс эрхийг нь ноцтойгоор зөрчсөн. Учир нь түүний хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хаасан. Энэ талаар өөрөө гомдол гаргаж, хорих ангийн удирдлагуудад хандахад эрхийг нь түр хугацаанд нээсэн. Гэвч прокурорын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нийтлэл бичихэд дахин хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хаалаа.
Хамгийн сүүлд Украин, Оросын асуудалтай холбоотойгоор “Путин колончлолоо сэргээх үү?” гэдэг нийтлэл бичсэн. Энэ нийтлэлтэй холбоотойгоор Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг бүрмөсөн хааж, захидал харилцаагаар харилцах боломжгүй болсон.
Эдгээр нийтлэлүүдэд хуулиар хориглосон зүйл байхгүй. Монгол Улсын Үндсан хууль болоод бусад хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцид хэвлэн нийтлэх эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх ёстой гэж тусгасан байдаг.
-Та бүхэн энэ талаарх гомдол саналаа хэзээ хүргүүлсэн бэ?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон бусад хуулиар энэ эрхийг хязгаарласан ямар ч заалт байхгүй. Тийм учраас Э.Бат-Үүлийн зүгээс прокурорын байгууллага хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүргээ биелүүлж, биечлэн уулзах хүсэлтийг гаргасан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй, үл тоомсорлосон байдалтай уулзахгүй байна. Тэрбээр эрхээ сэргээлгэхээр тэмцлийн хурц тэмцэлд шилжин, өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн.
Миний хувьд өчигдөр 409 дүгээр хорих ангид очиж, Э.Бат-Үүлтэй уулзсан. Хорих ангийн удирдлага, прокурорын байгууллагаас шаардлагад хариу өгөөгүй байсан. Мэдээж өмгөөлөгчийн зүгээс энэ хүний биеийн эрүүл мэндэд санаа зовж байна. Хорих ангийн нөхцөл байдалд өлсгөлөн зарлана гэдэг бол маш том эрсдэл. Ямар ч байсан прокурорын шийдвэрийг харж байгаа. Өөрөө надад санаа зовох зүйлгүй, бидэнд өөр аргагүй байна гэдгээ хэлж буй. Э.Бат-Үүлийн хувьд Монголыг дахин Москвагаас удирдахыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй гэдэг байр суурьтай байгаа. Украин улсыг өмөөрч бичсэний төлөө прокурорын байгууллагаас хяналт тавьж, Улсын ерөнхий прокурорын даалгавраар энэ бүхнийг хийж байгаа гэж хардаж байгаа. Тиймээс ардчилал эрх чөлөөнийхөө төлөө өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна.
-Э.Бат-Үүлийн хэрэг цэвэр эрүүдэн шүүлт гэдгийг хуульчид өмгөөлөгчид хэлж байгаа шүү дээ?
-Монгол Улс хүний эрхийг дээдлэх ёстой бүх хууль, конвенцид нэгдэн орсон. Эрүүдэн шүүлтийн эсрэг конвенцид 1984 онд орсон. Э.Бат-Үүлийн хэрэг бол цэвэр эрүүдэн шүүлт, залхаан цээрлүүлэлт гэж үзэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна. Учир нь хүн хаана байгаагаас үл хамаарч, захидал харилцаагаар харилцах нь хууль ёсны эрх. Энэ эрхийг хязгаарлаж байгаа нь хууль бус үйлдэл. Э.Бат-Үүл бол нийгмийн зүтгэлтэн, Монголын ардчиллын лидер. Энэ хүний үзэл санааг хорих ангийн ханаар тусгаарлах ёсгүй. Гэтэл энэ хүн өнөөдөр цэвэр үзэл санааны хоригдол болчихлоо.
Ардчилал хөгжсөн улс битгий хэл хүнд хэцүү үед хоригдож байсан улс төрийн зүтгэлтнүүд үг, үзэл бодлоо илэрхийлж, нийтлэл ном бичсэн тохиолдол байсан. Тэр хүнд нөхцөлд ч үндсэн эрхээ эдэлж ирсэн. Монголын ардчилсан нийгэмд хүний үндсэн эрхэнд ноцтойгоор халдаж байгаа нь том дохио юм.
-Энэ хэргийг шүүхийн байгууллага үнэн зөв шийдвэрлэнэ гэсэн итгэл үнэмшил танд байна уу?
-Энэ хэрэгт өмгөөлөгчийн зүгээс оролцож, хууль шүүхийн байгууллагад итгэж явдаг. Гэвч харамсалтай нь, энэ хэрэг дээр ажиллахад улс төрийн зорилготойгоор хүнийг хилс хэрэгт гүтгэж байгаа нь анзаарагдаж байна. Шүүх хуралдааны явцад нотлох баримтын хүрээнд бодит хохирол байхгүй, эрх мэдлээ ашигласан гэдэг нь шууд тогтоогдоогүй. Өөрийн төрсөн хүүдээ тендер олгосон гээд байгаа. Гэтэл төслийн удирдах хороо гээд Э.Бат-Үүлээс хамааралгүй, НИТХ-аас хамаарч олонхоороо шийдвэрлэдэг байгууллага. Энэ хороонд Э.Бат-Үүл өөрөө байгаагүй.
Тухайн үед “Энэ төсөлд миний хүүгийн компани шалгарсан байна” гэж хороонд мэдэгдсэн юм билээ. Тэгэхэд “Энэ компани танд ямар ч хамааралгүй. Бид шаардлагад нийцсэн компанийг шалгаруулж байгаа юм” гэж хэлсэн байдаг. Гэтэл улс төрийн зорилгоор дөрвөн жил хорих ял өгч, хэлмэгдүүлж байна.
Э.Бат-Үүл анхнаасаа нэг зүйл хүсч байсан. Шүүх хуралдааныг нээлттэй явуулж, хүмүүсийн үнэн зөв мэдэх эрхийг хангаж өгөөч гэсэн. Гэвч есөн өдөр анхан шатны шүүх хурал хаалттайгаар үргэлжилсэн. Одоо Э.Бат-Үүл давж заалдах шатны шүүхэд биечлэн оролцох хүсэлтийг хангаж, олон түмэнд үнэнг мэдэх эрхийг хангаж өгөхийг хүссэн.
-Ар гэрийнхэн нь Э.Бат-Үүлтэй сүүлд хэзээ уулзсан бол?
-Аав хүү хоёрыг хэлмэгдүүлж, хэдэн жил улс төрийн зорилготой залхаан цээрлүүллээ. Ямар ч хамааралгүй хэргээр аавыг нь дөрвөн жил хорих шийдвэр гаргалаа. Хүүгийн хувьд тэмцэнэ гэдгээ илэрхийлж, олон улсын байгууллага, АНУ-ын Элчин сайдын яаманд хүний эрх зөрчигдөж буй хүсэлтээ хүргүүлсэн. Ар гэрийнхний зүгээс хуульд заасны дагуу долоо хоногт 20-хон минут уулзах хугацаанд шилний наана цаанаас уулзаж байгаа.
Хамгийн сүүлд хорих ангийн удирдлагууд ач охин, хүү рүүгээ бичсэн захидлыг замаас нь авч, өгөөгүй. Хорих 409 дүгээр ангид шүүхийн эцсийн шийдвэр гараагүй хүмүүс түр хоригддог. Тэгэхээр энэ хүмүүсийн эрхийг зөрчих хуулийн үндэслэл байхгүй.
Прокурорын байгууллага хүний зөрчигдсөн эрхийг сэргээх үндсэн үүргээ ухамсарлаж ажиллахыг хүсч байна. Энэ бол ганцхан Э.Бат-Үүл гэдэг хүний асуудал биш. Монгол Улсад ардчилал, хүний эрх чөлөө маш хүнд түвшинд хүрсэн гэдгийг Э.Бат-Үүлээр дамжуулж ухаараасай.
Холбоотой мэдээ