“Өвсийг татаж эхэлсэн тэр өдрийг би үзэн ядаж байна. Хэрэв болдогсон бол би амьдралаа шинээр эхлэх юмсан. Даанч цаг хугацааг ухраах боломжгүй нь харамсалтай. Хэрэв би эцэг хүн байсан бол хүүхдэдээ дэмий зүйлд цаг хугацаа зарцуулахаас нь өмнө эртхэн анхааруулах байсан. Надад энэ амьдралаас авах аз жаргал алга. Намайг уучлаарай” гээд гурван жилийн өмнө 19 настай хүү гэрээслэл бичээд амиа хорлосон байдаг. Талийгаач шиг анх сониучирхан хэрэглэж үзсэнээр хар тамхины хар ангал руу унасан хэчнээн өсвөр үеийнхэн, залуус нийгэмд байгааг таашгүй.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 939 гэмт хэрэг, 1173 сэжигтэн бүртгэгдснээс 91.1 хувь нь нь эрэгтэй, 8.9 хувь нь эмэгтэй байгаа бол нийт холбогдогчдын 92.2 хувийг 35 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлж байна.
Тухайлбал, 2021 онд 16-19 насны 12 хүүхэд мансууруулах бодис хэрэглэж, цагдаад шалгагджээ. Үүнээс 10 хүүхдийн ар гэрийн хараа хяналт сул байсан байна. Өөрөөр хэлбэл, хагас болон бүтэн өнчин эсхүл ээж, аав нь ээлжийн ажил хийдэг байжээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах нь хамгаас чухал байгаа юм.
Монгол Улсын их сургуулийн Боловсрол, сэтгэл судлалын танхимын багш, Сэтгэл зүйч Х.Сайнсанаа "Өсвөр насны хүүхэд, залуучууд интернет, цахим сүлжээн дэх эх сурвалж тодорхойгүй, бодит бус, шинжлэх ухаан, судалгаа нотолгоонд үндэслэгдээгүй худал мэдээлэлд итгэх, найз нөхдийн ятгалгад автах, нэгнийгээ даган дуурайх, ганц удаа хэрэглэхэд “гайгүй байлгүй дээ” гэж хөнгөмсөгөөр хандах зэргээр хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэж байна" гэв.
Өсвөр үеийнхний мансууруулах бодис хэрэглэдэг шалтгаан дээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 2018 онд анализ хийхэд “найз нөхдийнхөө дунд байх, тэдэнтэй найз болох гээд” гэх мэт хариултыг ихэвчлэн өгч байжээ. Харин 2021 онд Цагдаагийн байгууллагаас зорилтот бүлэг буюу 18-25 хүртэлх насны хүүхэд, залуучууд дунд хар тамхины хэрэглээ, ойлголтыг тандах судалгаа хийхэд “Сонирхоод ганц л үзсэн”, Найз маань хэрэглээд үзэхийг санал болгосон” зэрэг бусдын нөлөөнд автсан гэх шалтгаанууд зонхилжээ.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал, Анагаах ухааны доктор В.Баярмаа "Хүүхдүүдийн донтолтод өртөж байгаа нас бол 13-14 нас байна гэж үзсэн байдаг. Хүүхдүүдийн өсвөр насандаа эхэлж байгаа донтолтын суурь нь гэр бүлийн орчин, бага насны хүмүүжлээс маш их хамааралтай байдаг. Хүүхдэд тохиолдож байгаа аливаа донтолтын асуудлыг шийдэхийн тулд эцэг эхчүүдийн хувьд өв тэгш гэр бүлийг бий болгох хэрэгтэй. Өв тэгш гэдэг нь гэр бүл салахгүй байх, гэр бүлийн дотоод уур амьсгал төлөв төвшин байх, гэр бүлийн дунд ямар нэгэн хүчирхийлэлгүй байх нь чухал. Ийм орчныг бүрдүүлж чадаагүй тохиолдолд хүүхдүүд ямар нэг хэлбэрээр зан үйлийн өөрчлөлтөд өртсөн байдаг.
Хэрэв хэвийн зөв, өв тэгш хүмүүжилтэй байх юм бол гэр бүлийн орчноос, сургуулийн орчинд шилжихэд маш амархан дасан зохицдог. Хүүхдийг бид хүүхэд байхад нь л засна. Насанд хүрсэн хойно нь засах боломжгүй байдаг юм.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ нь хүнийг өөртөө итгэлгүй, ганцаардмал, бухимдал ихтэй нэгэн болгож, өөрийгөө нийгмээс тусгаарлаж, амьдралын үнэ цэнэ, утга учир, аз жаргалын мэдрэмжийг алдагдуулж, бусдыг хайрлах, энэрэх, өрөвдөх сэтгэлийг үгүй хийж, мансууруулах бодисоо олж авахын тулд юу ч хийхээс буцахгүй байдалд хүргэдэг" гэлээ.
Хар тамхитай холбоотой асуудал хэзээ ч нэг улс үндэстний асуудал байдаггүй гэдэг. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр хар тамхины хууль бус нийлүүлэлт нь БНХАУ, ОХУ болон Зүүн хойд, өмнөд Азийн орнууд гэсэн гурван урсгалаар орж ирдэг байна. Хойд хөрш ОХУ-д 2019 оны байдлаар опиум, амфетамины тархалт ихтэй, зургаан сая гаруй хэрэглэгчтэй бол өмнөд хөрш болох БНХАУ-д опиумын тархалт ихтэйгээс гадна 50 сая гаруй хэрэглэгчтэй гэх албан бус тоо бий.
Хар тамхины ангал руу ямар ч хяналтгүй “унаж” байгаа залуу үеэ аварч, улс орны уураг тархиа эрүүл байлгахын тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл судалгаа шинжилгээнд тулгуурлан оновчтой бодлого хэрэгжүүлж, аюулгүй байдлын зөвлөмж гаргах шаардлага тулгараад байгааг онцлоё.
Холбоотой мэдээ