"Халтуурчид"-ыг цэгцэлье

Хуучирсан мэдээ: 2022.03.22-нд нийтлэгдсэн

"Халтуурчид"-ыг цэгцэлье

"Халтуурчид"-ыг цэгцэлье

Ажил, хичээл орох, тарах үеэр хамгийн эрэлттэй унаа бол такси байдаг. Гэвч, Монголд таксины үйлчилгээг ихэвчлэн хувийн унаатай "халтуурчид" гүйцэтгэнэ. Ганц нэг  “халтуурчид” ирж зогсохоороо “Хаашаа явах вэ” “Хаа хүрэх вэ” гэж өөрийн явах зүгт нийцүүлэн шалгаана.  Халтуурын таксины хувьд үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тав тухын талаар ярилтгүй. Угааж цэвэрлээгүй, бензин тос үнэртсэн машиндаа суулгаж аваад замын хөдөлгөөний зөрчихийг  утгаар нь үзүүлнэ. Үнэнийг хэлэхэд хувийн таксигаар үйлчлүүлж буй хүмүүс хүний машинд дайгдаж, гуйж суусан юм шиг, ер нь жолоочид загнуулж, зандруулах нь хэвийн үзэгдэл. Жолооч машиндаа тамхи татаж, утсаар хов базна. Үйлчилгээний хөлс гэж тогтсон тарифгүй, амандаа орсноо хэлнэ. Тэд автобусны буудлыг хаагаад ар, араасаа дугаарлаад зогсчихдог нь нийтлэг дүр зураг болсон.

Өмнө нь нэг километр тутамд 1000 төгрөгөөр үйлчилдэг байсан хувийн таксины үнэ 1500-2000 төгрөг болж өсөөд удаж байна. Тэд "Шатахууны үнэ өссөн" гэх ам таглах ганц үгтэй.

Тэрчлэн түгжирсэн гэх шалтгаанаар төлбөр  нэмж авдаг  "халтуурчид" ч бий аж.  Тэд татвар төлөхгүй, бас зорчигчийн эрсдэлийг хамгаалах даатгалгүй байдаг.

Хөдөөнөөс орж ирсэн ажилгүй хүмүүс нийслэлд орж ирээд халтууранд явдаг гэж хотын дарга Д.Сумъяабазар хэлсэн. Үнэндээ, ихэнх нь зорчигчийнхоо очих, буух газрыг мэдэхгүй байх нь бий.   Таксины жолооч  үйлчлүүлэгчээ дээрэмдэж, хүчирхийлж зодсон гэх гэмт хэрэг ч цөөнгүй гардаг. Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаанд такси үйлчилгээтэй холбоотой   жолооч хэл амаар доромжлон танхайрч, хүч хэрэглэсэн, илүү мөнгө нэхсэн, таксинд мартсан гар утас, гар цүнх гэх мэт эд зүйлсийг эргүүлж өгдөггүй гэсэн гомдол их ирдэг аж. Тухайлбал,

  • 2020 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн товчоо орчмоос такси барьсан 23 настай эмэгтэйг жолооч нь хүчирхийлж, авч явсан хоёр гар утсыг нь, биед нь байсан бэлэн мөнгөтэй нь дээрэмдэж, түүнийг буулгаж хаяад зугтаасан хэрэг гарсан. 
  • 2020 оны есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнийн 04.00 цагийн орчимд таксины жолооч үйлчлүүлэгчээ бүлэглэн хүчирхийлж, дээрэмдсэн хэрэг гарсан. Хэргийн тухай дуудлагыг хохирогч эмэгтэй өөрөө цагдаагийн байгууллагад өгсөн ба тэрбээр “Сансар орчмоос такси барьсан чинь хоёр залуу намайг авч яваад хүчирхийлж, гар утас дээрэмдчихлээ” гэж мэдүүлсэн байдаг. Энэ мэтчилэн  “халтуурчид”-тай холбоотой  үйлдэгдсэн гэмт хэргийн жишээ олон бий.

Хоёр жилийн өмнө Улсын их дэлгүүрээс Баянзүрх дүүргийн “Тэнгэр” худалдааны төв хүртэл үйлчлүүлсэн гадаадын иргэнээс 27 мянган төгрөг нэхэж,  хамт явсан эмэгтэйг нь элдвээр хэлж, ачаа тээшийг нь өгөлгүй дарамталж байгаад мөнгөө бүтнээр нь авсан тохиолдол ч гарсан. 

Уг нь нийслэлд такси үйлчилгээний албан ёсны 10 компанийн 585 гаруй такси иргэдэд үйлчилдэг. Гэвч, тэд үнэ ихтэй учраас нийслэлчүүдийн дийлэнх нь хувийн халтуурчдаар үйлчлүүлэхийг хүсдэг. Тэдгээр хувийн халтуурчдын тоо 30-40 мянгад хүрсэн гэх албан бус тоо бий. Тиймээс албан ёсны такси үйлчилгээний компаниуд дампуурахад ойртжээ.  Нийслэлийн Засаг даргын тамгийн газраас 2020 онд "халтуурчдыг" цэгцэлнэ гэж сүрийг бадруулсан ч өнөөдөр байдал өөрчлөгдсөнгүй. Ажлын байр, амьжиргааны түвшинг л өөрчлөхгүй бол одоогоор халтуурыг зогсоох арга байхгүй гэх хүн олон. 

Тэгвэл хувийн машинаараа таксинд явах иргэдийг бүртгээд, татвар төлбөрийг нь авч, сургалтад суулгасны эцэст такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг нь олгож байвал хаана, хаана ашигтай биш гэж үү?

Цагдаагийн байгууллагаас "Ер нь цагдаагийн байгууллагад баталгаатай компанийн таксигаар үйлчлүүлээд эд зүйлээ хулгайд алдлаа, хүчирхийлэлд өртлөө гэх  өргөдөл, гомдол бараг байдаггүй. Иргэд баталгаатай таксигаар үйлчлүүлэх нь хамгийн зөв сонголт. Дараа нь буух эзэнтэй. Буцах хаягтай. Ялангуяа охид, эмэгтэйчүүд таксинд суух бол албан ёсны зөвшөөрөлтэй такси дууд. Хувийн таксинд сууж байгаа бол машины урд, ардах  дугаарыг нь заавал  харах шаардлагатай” гэдгийг анхааруулж байна.  

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж