Асгатын ордыг эргэлтэд оруулах Өлгийчүүдийн хүсэл биелэв

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

Асгатын ордыг эргэлтэд оруулах Өлгийчүүдийн хүсэл биелэв

Асгатын ордыг эргэлтэд оруулах Өлгийчүүдийн хүсэл биелэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.03.21/ Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар Баян-Өлгий аймгийн нутагт байрлах Асгатын мөнгөний ордыг эргэлтэд оруулах иргэдийн саналыг үндэслэж, Засгийн газрын тогтоол гаргахаа мэдэгдэв.

Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулах, Цагааннуур, Баянгийн нуурыг байнгын ажиллагаатай болгож, олон улсын чөлөөт бүс болгох, Алтай Таванбогд чиглэлд аялал жуулчлал хөгжүүлэхэд хөрөнгө тусгах зэрэг саналыг иргэдийн зүгээс гаргаж, Ерөнхий сайд эдгээр шийдвэрүүдийг албажуулах үүргийг холбогдох сайд нарт даалгалаа.
Өөрөөр хэлбэл, Асгатын мөнгөний ордын ТЭЗҮ-ийг яаралтай хийж, ирэх оны тавдугаар сард олборлолтыг эхлүүлэх, боомтуудыг байнгын үйл ажиллагаатай болгох, Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын 4 дэх бүс болгон зарлаж, хөрөнгө оруулалтыг ирэх жилийн төсөвт суулгах зэрэг үүргийг сайд нарт даалгав.

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар танилцуулж, ТЭЗҮ-ийг боловсруулж, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг судлан танилцуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагад даалгажээ.

Асгатын мөнгө, холимог металлын ордын гүйцээх хайгуул, хүдрийн баяжигдах шинж чанарын туршилт, судалгаа, ордыг ашиглахад шаардагдах дэд бүтцийн судалгаа зэргийг гүйцэтгэж, үр дүнг холбогдох байгууллагад танилцуулж, шийдвэрлүүлэх, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, жилд Монгол Улсын ДНБ-ий таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд гэдэг.

2007 оны УИХ-ын тогтоолоор 15 ордыг стратегийн ач холбогдолтой орд хэмээн зарласны нэг нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байдаг Асгатын мөнгөний орд байв. Гэсэн ч энэ орд руу очих зам адармаатай, ОХУ-ын нутаг дэвсгэрээр орж гардаг, дэд бүтэц буюу авто болон төмөр зам, эрчим хүчинд холбогдоогүй зэрэг шалтгаанаар стратегийн ордын жагсаалтад багтсан Асгатын мөнгөний орд өнөөг хүртэл эдийн засгийн эргэлтэд ороогүй байлаа. Уг нь энэ орд ашиглалтад орсноор Баян-Өлгий аймаг төдийгүй баруун бүс, улмаар Монгол Улсын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх боломжтой нэгэн төсөл юм. Учир нь, Асгатын мөнгөний орд нь 6.4 сая тонн хүдрийн нөөцтэй, 2.2 мянган тонн мөнгөний нөөц батлагдсан, нарийвчилсан үнэлгээгээр нөөц нэмэгдэх боломжтой орд. Асгатын мөнгөний ордыг 1976 онд нээсэн бөгөөд тус орд нь дөрвөн лицензтэй, энэ лиценз нь 2019 оноос "Эрдэнэс Монгол"-д шилжсэн байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж