Кыргызстаны хэвлэлийн эрх чөлөөний буруу эргэлт

Хуучирсан мэдээ: 2022.03.22-нд нийтлэгдсэн

Кыргызстаны хэвлэлийн эрх чөлөөний буруу эргэлт

Кыргызстаны хэвлэлийн эрх чөлөөний буруу эргэлт

ОХУ дахь хэвлэлийн эрх чөлөө нэг шөнийн дотор л сүйрэл болж хувирав. Энэ нь олон улсын хэвлэлийн салбарт анхаарууштай, сэрэмжлүүштэй үйл явдал болж байна. Улс орнууд улам ардчилсан тогтолцоотой болохын хэрээр хэвлэлийнхний аюул нэмэгдсээр байна.
Кыргызстаны хувьд хэвлэлийн эрх чөлөө ухарч яваа бололтой. Тус улсын бие даасан хэвлэл мэдээллийнхний дарамт шахалт нь цоо шинэ зүйл биш. Гэвч сүүлийн үед бүс нутагт нүүрлээд буй хямралаас үүдэлтэйгээр хамгийн ардчилсан гэгддэг улсад аюултай, түгшүүртэй эргэлтийн нөхцөл үүсчээ.

Садыр Жапаров 2021 онд ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “Хүний эрх, эрх чөлөөний тухай гэрээ”-г дэмжиж байгаагаа мэдэгдэж, Киргиз улсад үг хэлэх эрх чөлөө, ардчилал, хууль дүрэм, хүний эрхийг баталгаажуулна гэж амласан. Гэвч сүүлийн хэдэн сард болсон үйл явдлууд энэ амлалтыг эргэлзээтэй болгов.

Жишээ дурдвал, нэгдүгээр сард л гэхэд цагдаа нар “Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх төсөл”-ийн багийн гишүүн Болот Темировын эрхэлдэг “Temirov Live”-ийн оффис руу дайран орж, ажилтнуудыг нь шалан дээр хэвтүүлэхийг завдсан.

Цагдаа нар Темировоос жижиг боодолтой марихуан илрүүлж, түүнийг баривчилсан байна. Мөн оффисын компьютеруудыг хураан авчээ. Хоёрдугаар сард засгийн газрыг дэмжигч дөрвөн идэвхтэн хэвлэлийн бага хурал хийж, “Kloop”, “Radio Azattyk” тэргүүтэй хараат бус мэдээллийн байгууллагуудын эсрэг “гадаадын агентын тухай хууль” батлахыг уриалсан.

Оросын засгийн газар Украин руу дайрахаасаа өмнө хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэлд цохилт өгөхийн тулд ийм хуулийг ашиглаж байжээ. Түүнчлэн “Кактус медиа” хэвлэл мэдээллийн байгууллага хоёр улсын хилийн мөргөлдөөний тухай нийтлэл бичсэн нь дайны суртал ухуулга хэмээн буруутгагдаж, засгийн газар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Ийнхүү Кыргызстаны засгийн газар бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг улам чангалж, Соёлын яаманд ямар ч нотлох баримт байхгүй байсан ч худал мэдээ тараасан гэж буруутгагдсан цахим мэдээллийн хэрэгслүүдийг хаах тухай шинэ журам гаргасан.

Засгийн газрын хяналтад орж, цахим хаягаа хакердуулсныхаа дараа “Kloop” компани тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хийсэн бүх халдлагыг баримтжуулсан цахим хуудас нээжээ. Түүнчлэн Болот Темировын оффист халдлага болсон сургаар олон хүн яаран очсон байна. Энгийн иргэд үүнийг эсэргүүцсэн байр суурьтай байна. “Темировт тохиолдсон зүйл хэнд ч, хаана ч тохиолдож болно. Кыргызстаны иргэд сэтгүүлчдийнхээ төлөө зогсох хэрэгтэй. Гадаадын засгийн газрууд бидэнд үзүүлдэг тусламжаа хэвлэлийн эрх чөлөө, ардчилалтай уялдуулах хэрэгтэй” гэв.

ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ИНДЕКС

“Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас жил бүр хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргадаг. 2002 оноос хойш гаргаж буй уг жагсаалтаар дэлхийн улс орнуудын сэтгүүлчид, мэдээллийн байгууллага, интернет хэрэглэгчдийн эрх чөлөөний түвшинг харуулах зорилготой. Энэ нь зөвхөн хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг л хөндөхөөс бус тухайн улсын сэтгүүл зүйн чанар, хүний эрхийн зөрчлийг хэмждэггүй аж. Олон ургальч үзэл, хэвлэл мэдээллийн хараат бус байдал, хүрээлэн буй орчны цензур, хууль тогтоомжийн орчин, ил тод байдал, дэд бүтэц, хүчирхийлэл гэсэн долоон ерөнхий шалгуураар уг индексийг гаргадаг.

Энэ байгууллага нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, интернет хэрэглэгчдийн эсрэг хүчирхийлэл, дарамт шахалтыг мөн хянадаг.

Энэ хяналтын оноо нь эрх чөлөөний индексд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг аж. Хэрвээ энэ тайланд бага оноо авсан бол хэвлэлийн эрх чөлөө тус улсад төдий чинээ өндөр байдаг гэсэн үг юм.

2021 онд Хэвлэлийн эрх чөлөөний индексээр тэргүүлсэн улсууд нь Норвеги, Финланд, Швед, Дани, Коста Рика, Нидерланд, Ямайка, Шинэ Зеланд, Ирланд, Португал, Швейцарь байв. Тэгвэл эсрэгээрээ, хамгийн бага оноотой улсууд нь Эритреа, Хойд Солонгос, Туркменистан, Хятад, Жибути, Вьетнам, Иран, Сири, Лаос, Куба байжээ.

Кыргызстаны хэвлэл мэдээлэл Төв Азийн орнууд дундаа харьцангуй олон ургальч үзэлтэйд тооцогддог. Тэгвэл тус улс нь 2021 онд Хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ 180 орноос 79 дүгээр байранд оржээ. Энэ нь 2020 оноосоо гурван байраар ахисан үзүүлэлт юм. Дашрамд дурдахад, Монгол Улс уг жагсаалтын 68 дугаар байранд орсон байна.

Эх сурвалж: THE DIPLOMAT, WIKIPEDIA, RSF

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж