Гадаадын иргэд “доллар хамснаас” үүдэж ханш өсөх боломжтой юу?

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

Гадаадын иргэд “доллар хамснаас” үүдэж ханш өсөх боломжтой юу?

Гадаадын иргэд “доллар хамснаас” үүдэж ханш өсөх боломжтой юу?

Дотоодод ам.долларын ханш өсч байгаа нь гадаадын иргэд олноор орж ирж валют зөөснөөс үүдэлтэй гэх хардлага олон нийтийн сүлжээнд гараад буй. Харин тал талын мэдээллүүдийг нягталбал энэ нь үндэслэлгүй болох нь харагдана.

  • Хилээр их хэмжээний мөнгө авч гарах боломжтой юу?

Валют зохицуулалтын тухай хуулиар валютыг хилээр оруулах, гаргахтай холбоотой заалтууд бий. Тухайлбал, гадаад валютыг хуулиар хязгаар тогтоогоогүй бол гаальд мэдүүлсэн тоо хэмжээгээр тус улсын хилээр гадаадад гаргаж болно гэж хуульд заажээ. Одоогоор 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгө авч яваа бол гаальд бичгээр мэдүүлэх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл тэрбум ам.доллараар хэмжигдэх Монгол Улсын валютын нөөц, эсвэл хэдэн зуун сая ам.доллараар хэмжигдэх банкууд дээрх валютын гүйлгээний дүнтэй дүйцэхүйц хэмжээний бэлэн валютын урсгал байх боломжгүй юм. Иймд ханшийн хөдөлгөөнд мэдэгдэхүйц нөлөөлөх хэмжээний бэлэн мөнгө иргэдээр дамжин хилээр орж гарсан гэдэг хардлага үндэслэлгүй байна.

  • Найман шарга дээрх ханш юуг илэрхийлэх вэ?

Найман шарга буюу ченжүүдийн арилжаа нь нийт валютын зах зээлийн 4 хувийг эзэлдэг бол үлдсэн 90 гаруй хувь нь томоохон арилжааны банкуудаар дамждаг. Томоохон уул уурхайн компаниуд, нефтийн төлбөр, худалдааны компаниудын гүйлгээ гээд энэ нь өдөртөө хэдэн арав, эсвэл зуун сая ам.доллараар хэмжигдэх арилжаа байдаг байна. Харин иргэдийн хувийн хэрэгцээний, хэдэн мянган ам.доллараар л хэмжигдэх 8 шарга зах дээр ханшийн хөдөлгөөнд үндэслэн хүлээлт бий болгох, аливаа санхүүгийн шийдвэр гаргахгүй байхыг эдийн засагчид, мэргэжлийнхэн зөвлөдөг.

Хэдийгээр зах зээлийн маш бага хувийг эзэлдэг ч нийт иргэдийн хүлээлт, сэтгэл зүйд валютын ченжийн ханш нөлөөлдөг учраас цаашид зохицуулах асуудлыг хөндөх нь зөв байж магадгүй юм. Учир нь цөөн хэдэн ашиг хоншоо хайсан хүмүүсийн ханшийн богино хугацааны хэлбэлзэл дээрээс их хэмжээний ашиг олох боломжийг хумих шаардлага бий.

Ханшийн өөрчлөлтийн шалтгаан

Эдийн засгийн макро орчныг харвал хаврын сезон эхэлж, хил нээгдсэнтэй холбоотой импорт нэмэгдэж, гадаад валютын эрэлт өссөн нь богино хугацаанд ам.долларын ханш өсөхөд нөлөөлж байна. Гэхдээ энэ нь удаан үргэлжлэхгүй байх магадлал өндөр. Учир нь энэ онд экспортын төмөр замууд ашиглалтад орж, ноолуурын нийлүүлэлт нэмэгдэж, алтны худалдан авалт эрчимжсэнээр валютын орох урсгал нэмэгдэх хүлээлттэй байна. Мөн уул уурхайн түүхий эдийн үнэ өндөр байгаа, Оюутолгой зэрэг томоохон төслүүд хэрэгжиж буй нь гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой түвшинд байлгана. Валютын гарах урсгалаа харвал Монгол Улсаас гадагш төлөх өндөр дүнтэй бонд, өр төлбөр энэ онд байхгүй нь төгрөгийн ханшийг дэмжих суурь хүчин зүйл юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж