НӨАТ-ын урамшууллын сугалаа аз уу, луйвар уу?

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын урамшууллын сугалаа аз уу, луйвар уу?

НӨАТ-ын урамшууллын сугалаа аз уу, луйвар уу?

НӨАТ-ын хуулийг шинэчлэн баталснаар далд эдийн засагт эргэлдэж байсан хөрөнгө ил болсон. 2016 онд АН-ын засгийн үед НӨАТ-ын тухай хуулийг шинэчилж, иргэдэд худалдаж авсан барааных нь хоёр хувийг буцаан олгож, гадна сард нэг удаа урамшууллын сугалаа зохион байгуулах болсны үр дүн байлаа. Энэ хугацаанд хамгийн өндөр дүнтэй буюу 500 сая төгрөгийн азтан 2017 онд тодорсон байдаг.

Тэрхүү супер азтан бол "BSB" сервис компанийн хүний нөөцийн менежер Ж.Алтанзул гэх эмэгтэй. Тэрбээр гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс 3450 төгрөгөөр зайрмаг худалдан аваад азтан болсон тухайгаа хэлж байв.

НӨАТ-ын урамшууллын сугалаа анх гарах үеэр сар бүр саятан тодорч, бараг хүн бүр их, бага хэмжээгээр азтан болсноо олон нийтийн сүлжээнд хуваалцдаг байв. Тэр ч бүү хэл нэг иргэн 37 удаа азтан болсон гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан удаатай.

Гэтэл одоо их сайндаа л гурван сая төгрөг хождог болсон байна. Иргэд "НӨАТ гэдэг нь нэг өдөр аз таарна гэсэн үг" гэж хошигнох болсон. Тиймээс иргэдийн хувьд сугалааны тохиролд найдахаас илүүтэй олон тооны баримт бүртгүүлж, буцаан олголтоо өндөр дүнтэй авахыг илүүд үзэх болсон.

НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан болсон эрхмүүдийг эргэн сануулахад, 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирлоор 10 сая төгрөгийн нэг азтан тодорч байв. Мөн аравдугаар сарын 1-нээс 31-ний хооронд хийсэн худалдан авалтаар хэвлэгдсэн НӨАТ-ын баримтын сугалаагаар супер шагналын тохирлын дугаар 34462914 гарч, 90 сая төгрөгийн азтан тодорсон байдаг. НӨАТ-ын  урамшууллын сугалааны супер азтануудын талаар товч сонирхуулъя.

225 САЯТНААР ӨНДӨР НАСТАН ТОДОРЧ БАЙЖЭЭ

НӨАТ-ын урамшууллын 2018 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирлын супер азтан буюу 225 сая төгрөгийн азтан тодорсон юм. 63030046  сугалааны дугаартай супер азтанаар өндөр настан тодорсон бөгөөд азтаны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж тухайн үед албаныхан нууцлаж байлаа.

“Супер азтанаар тодорсон өндөр настанд батламж гардуулаагүй. Учир нь, Цагаан сарын баяр амралтын өдрүүд таарч, батламж гардуулах үйл ажиллагаа зохион байгуулахаа больсон” талаар албаныхан мэдээлж байлаа.

“15 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХУДАЛДАН АВАЛТААР 100 САЯ ТӨГРӨГ ХОЖИВ”

НӨАТ-ын сугалааны 100 сая төгрөгийн азтанаар Баянзүрх дүүргийн иргэн Х.Батдулам тодорсон. “Охиноо хараад гэртээ байдаг миний хувьд сэтгэл маш өндөр байна. НӨАТ-ын урамшууллын сугалаанд итгэдэггүй байсан, 100 сая төгрөг хожоод, өөрийн биеэр үнэн гэдгийг мэдэрлээ. Шагналын мөнгөө юунд зарцуулахаа хараахан төлөвлөж амжаагүй байна” гэж тухайн үед ярьж байв. Тэрбээр “Вива сити" хороололд байрлах “Makoto Shop” дэлгүүрээс 15 мянган төгрөгийн худалдан авалт хийж азтан болсон юм.

“ЗАЙРМАГ, УНДАА ХУДАЛДАН АВЧ, 500 САЯЫН АЗТАН БОЛСОН”

НӨАТ-ын урамшууллын сугалааны 500 сая төгрөгийн супер азтанаар “BSB” сервис компанийн хүний нөөцийн менежер Ж.Алтанзул гэх эмэгтэй өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сард тодорсон. Түүнд 500 сая төгрөгийн батламжийг 2017 оны арванхоёрдугаар сарын 22-нд Сангийн дэд сайд Х.Булгантуяа гардуулан өгсөн байдаг. Гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс 3450 төгрөгөөр зайрмаг, ундаа зэргийг худалдан аваад азтан болсон тухайгаа ярьсан байдаг.

Тэрбээр азтан болсон сэтгэгдлээсээ хуваалцахдаа “Анх сугалааны тохирол явагддаг орой манай нөхөр шууд нэвтрүүлэг үзээд, “Чи сугалаанд мөнгө хожсон байна уу” гэсэн. Тухайн үедээ би “Мөнгө хожоогүй байна” гэсэн. Тэгээд өглөө нь НӨАТ-ын системээ шалгасан чинь 20 мянган төгрөг хожсон байсан. Анх удаа 20 мянган төгрөг хожлоо гээд баяртай байлаа. Тэгсэн нөгөөдөр нь над руу Татварын ерөнхий газраас нэг хүн залгаад “Та НӨАТ-ын баримтаа шалгаж үзээд, буцаад холбогдоорой" гэсэн. Би НӨАТ-ын баримтаа шалгасан чинь бүр нүдэндээ итгэмээргүй тоотой мөнгө хожсон байсан” гэж хэлж байв.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭМЭГТЭЙ 50 САЯ ТӨГРӨГИЙН АЗТАН БОЛЖЭЭ

Өнгөрөгч 2018 онд НӨАТ-ын урамшууллын 2018 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол тавдугаар сарын 20-нд болсон билээ. Сугалааны тохирлоор 50 сая төгрөгийн нэг супер азтан тодорсон юм.

Супер шагнал болох 50 сая төгрөгийг Сүхбаатар аймгийн Наран сум буюу хилийн сумаас ирсэн хөгжлийн бэрхшээлтэй Г.Батцэцэг гэдэг бүсгүй хожсон байдаг. Тэрбээр аав, ээжийнхээ хамт Улаанбаатар хотод ирсэн бөгөөд Гааль, татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв дээр ирж, шагналын батламжаа гардаж авчээ.

СУВИЛАГЧ ЭМЭГТЭЙ 50 САЯ ТӨГРӨГИЙН АЗТАНААР ТОДРОВ

Өнгөрсөн 2018 оны гуравдугаар сард НӨАТ-ын 50 сая төгрөгийн урамшууллын сугалааны азтанаар Э.Туул тодорсон. Тэрбээр “Би сувилагчаар 19 дэх жилдээ ажиллаж байна. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэдэг. Энэ ажлын минь буян ирж, азтан болсон юм болов уу гэж бодож байна. Би өнгөрсөн сард 1700 төгрөгийн үнэтэй “Амтлаг” тараг зээ охиндоо авч өгөөд, азтан боллоо. Би одоогоор гэр хороололд амьдарч байна. Тийм учраас хожсон мөнгөөрөө байр авна гэж бодож байна. 50 сая төгрөгийн азтан болсондоо маш их баярлаж байна” гэж сэтгэгдлээсээ хуваалцаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж