Хүйтний ам цаашилж, малчид ямаагаа самнаж эхлээд байна. Энэ жилийн хувьд ноолуурын үнэ кг нь дунджаар 115-180 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Одоогоор Хэнтий, Дорнод аймагт ноолуурын дээд ханш 180 мянган төгрөгт хүрчээ. Ингэхдээ дундаж үнэ нь 145 мянган төгрөгөөс эхэлж байна. Харин зүүн аймгуудаар ноолуур 120-145 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа юм. Үүнээс харвал ноолуурын үнэ ханш харилцан адилгүй тогтворгүй байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ноолуурын үнийг тогтоохгүй ч ханшийг тогтвортой барих чиглэлээр бодлого хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэв. Тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж хэлэхдээ “Ноолуур бол Монгол Улсын хувьд уул уурхайн бус, стратегийн хувьд чухал экспортын бүтээгдэхүүн. Энэ ч үүднээс ноолууран түүхий эдийн ашиглалтын хувийг ярих ёстой.
Одоогийн байдлаар ноолуурын 20 гаруй хувийг гүн боловсруулж байгаа бол үлдсэнийг нь анхан шатны боловсруулалтаар экспортод гаргаж байна. Цаашид гүн боловсруулалтын түвшинг ахиулахаар ажиллаж байна. Ерөнхийдөө бид түүхий эдийн үнийг тогтвортой барих, ноолуурын зах зээлд гол тоглогч болох зорилготой.
Энэ хүрээнд тодорхой бодлого чиглэлүүд гаргаж ажиллаж байна. Зүүн аймгуудад ноолуур самнаж эхэлсэн. Урьдчилсан гэрээгээр зарим малчдын самнасан ноолуур кг нь 150 мянган төгрөгийн үнэтэй байна. Бөөний үнэ худалдаа эхлэхэд илүү тогтвортой болно” гэлээ.
Мөн хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл өглөө. Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор ноолуур худалдан авагч, бэлтгэгчдэд гурван хувийн хүүтэй, нэн хөнгөлөлттэй зээлийг 2020 оноос олгож эхэлсэн. Өнгөрсөн жилийн байдлаар нийт 95 тэрбум төгрөгийн зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгожээ. Уг зээлд хамрагдахад тавигдах шалгуур үзүүлэлтийн тухайд “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ноолуурын үнийг тогтоодоггүй. Ийм боловч дам утгаараа үнийг тогтвортой барих бодлого хэрэгжүүлж байна. Үүний нэг нь 3 хувийн хөнгөлөлттэй зээл.
Энэ жилийн хувьд ноолуур 150 тэрбум, тусгайлан арьс шир 15 тэрбум, ноос бэлтгэлд 25 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг баталсан. Засгийн газраас 7.65 хувийн хүүгийн дэмжлэг өгөх бол зээлдэгч 3 хувийн зээлд хамрагдах боломжтой.
Уг зээлд ноос, ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүд хамрагдана. Жишээ нь, өнгөрсөн жил ноолуурын салбарт самнахаас дээш шат дамжлагатай үйлдвэрүүдэд зээл олгосон. Зээлийн үндсэн зарчмаар эх үүсвэр нь арилжааны банк. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрийн нэрсийг арилжааны банкуудад хүргүүлнэ. Нэрсийн жагсаалтад багтсан аж ахуйн нэгжүүд хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн шаардлага хангаж байвал зээл олгох боломжтой” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Улсын хэмжээнд жилд дунджаар 9-10 мянга орчим тонн ноолуур бэлтгэдэг байна. Цар тахал дэгдсэн үед 2020 онд ноолуурын үнэ унаж, кг нь дунджаар 50 мянган төгрөгт хүрч байсан бол өнгөрсөн жилээс эхлэн үнэ нь ийнхүү сэргэжээ.
Монгол Улсын хувьд одоогоор Итали, Австрали, БНСУ, ОХУ гэх мэт 31 оронд ноолуур, ноолууран бүтээгдэхүүнээ экспортолдог. Ингэхдээ ердөө 10 гаруй хувиар нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. Сүүлийн үед ноолуурын экспортод гарсан гол өөрчлөлт нь импортлогч улсууд малын чанар, тав тухлаг байдалд шалгуур тавих болжээ.
Холбоотой мэдээ