"Доллар гадагшаа гаргах хориотой"

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

"Доллар гадагшаа гаргах хориотой"

"Доллар гадагшаа гаргах хориотой"

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2022.03.21) хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.


МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өнгөрсөн Баасан гаригт ээлжит бус хурал хийсэн. Хурлаар улс орны нийгэм, эдийн засгийн байдал, түүнд нөлөөлж байгаа гадаад, дотоод хүчин зүйлсийн талаар мэдээлэл сонссон. УИХ-ын гишүүд намрын чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажилласан талаарх мэдээллийг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас томоохон хэмжээний уулзалт, хурал цуглаан зохион байгуулахыг хориглосон байсан. 2022 оны хоёрдугаар сарын 14-нд Засгийн газраас нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрсөн. Улмаар гишүүд хөдөө, орон нутгаар уулзалтууд хийх үеэр хаврын тариалалтын бэлтгэл ажил, малын шүлхий өвчин, ноолуур бэлтгэл, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, 2021-2022 оны хөрөнгө оруулалтын ажлын явц, үр дүн гээд тулгамдаж байгаа арав гаруй асуудлыг хөндөж ярилаа" гэв. 

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулав.


-Орос, Украины асуудлаас үүдэн Монголд цагаан будаа, гурилын нөөцийн хомсдол үүсвэл ямар арга хэмжээ авах вэ?

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хэлж буйгаар энэ жил 64 мянган тонн үрийн хэрэгцээ шаардлага байна. Үүнээс 59 мянгыг нь дотоодоосоо бүрэн хангах боломжтой гэж үзэж байна. Өнгөрсөн жил ургац сайн авсан учраас үрийн хувьд хүндрэл үүсэхгүй. Оросоос 6000 тонн бордоо орж ирнэ. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Ямартай ч өнөөдрийн байдлаар хаврын тариалалтад хүндрэл үүсэхгүй. 

-Дотоодод ам.долларын хомсдол үүсч болзошгүй талаар иргэд ярьж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? 

-Баасан гаригт энэ талаар ярьсан. Гадагшаа бэлэн мөнгө гаргах хориотой. Үүнд хатуу хяналт тавьж байна. Агаар, авто болон төмөр замаар ам.доллар гадагшаа гаргаж байгаа гэдэг худал мэдээлэл. Өнгөрсөн 10-11 сард үндсэндээ экспорт тэг зогссон. Одоо зэсийн баяжмал, төмрийн хүдэр, алт хилээр гарч байна. Нүүрсний экспортод өдөрт 300-400 орчим машин гарч байна. Экспорт эргээд валют болдог. 

-Үнийн өсөлтийн эсрэг ямар арга хэмжээ авах вэ?

-Үнийн өсөлтийг бүгд мэдэрч байна. Өнгөрсөн жилээс эхлээд импорт эрс багассан. Импортоор авдаг хэд хэдэн бүтээгдэхүүний үнэ өссөн. Үүний нэг нь шатахуун. Өнгөрсөн жилийн эцэс гэхэд нэг тонн шатахуун 70 орчим ам.доллар байсан бол өнөөдөр 105-110 ам.доллар байна. Шатахууны үнийн өсөлт Монголоос шалтгаалаагүй. Шулуухан хэлэхэд, Орос, Украины дайнтай холбоотой. Дэлхий нийтэд ам.долларын ханш өсч байна. Энэ нь Монголын эдийн засагт нөлөөлж байна. Хятадын хил хаалттай учраас агаар болон далайн тээврийн үнэ 5-10 дахин нэмэгдсэн. 

-Хоёр яамны сайдыг хэзээ томилох вэ?

-Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Өнгөрсөн 2019 онд хийгдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сайд томилж, чөлөөлөх асуудал УИХ-аар орохгүй. Шууд Ерөнхий сайд өөрөө захирамж гаргаад шийддэг болчихсон. Ямар шалтгааны улмаас хоёр сайдыг томилохгүй байгаа талаар Засгийн газраас асуувал илүү тодорхой хариулт өгөх байх.

-Сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа үйлчилгээний ажилтнууд болох тогооч, манаач, үйлчлэгч нарыг хувийн байгууллага руу шилжүүлэх талаар Засгийн газраас мэдээлсэн. Үүнтэй холбоотой асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? 

-УИХ 2022 оны төсвийг батлахдаа төрийн үйлчилгээний албан хаагчид хувийн хэвшилд гэрээгээр ажиллах боломжтой гэж үзсэн. Үүнийг салбарын ажилчид эсэргүүцсэн. Улсын хэмжээнд 50 мянга гаруй төрийн алба хаагч бий. Үүнээс 20 гаруй мянга нь боловсролын салбарт, бусад нь эрүүл мэнд, соёл, төр захиргааны байгууллагад байна. Энэ асуудлыг намын бүлэг өнгөрсөн нэгдүгээр сард хэлэлцээд, Засгийн газарт хуучин хэвээр нь ажиллуулах чиглэл өгсөн. 2021 оны түвшинд ажиллахад нэмэлтээр 25.4 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг Засгийн газар Цар тахлын хуулийн дагуу дотроо зохицуулалт хийгээд явах талаар салбарын сайд бүлгийн хурал дээр мэдээлсэн.

-УИХ-ын дарга Г.Занданшатар Хаврын чуулганы нээлтийн үеэр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар дурдсан. Бүлэг үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхтэй. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал зүгээр санааны зоргоор болчихдог асуудал биш. Үүнд ард түмний дэмжлэг, улс төрийн намуудын зөвшилцөл, судлаач, эрдэмтдийн зөвшилцөл чухал үүрэгтэй. Энэ хүрээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар хэлэлцэх учиртай. 2008 онд баталсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын маш хатуу хууль бий. Уг хуулийг мөрдөнө. Монгол Улс эрхзүйн системтэй улс. Хуульд л захирагдана. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал хурдан явах асуудал биш. Сонгодог парламентын тогтолцоонд оруулах тухай асуудал яригдаж байгаа. Энэ талаар 2019 онд ярьсан. Хийж чадаагүй.

-Хөгжлийн банкны хэрэгт МАН-ын бүлгийн хэд, хэдэн гишүүд нэр холбогдсон байсан. Тэдгээр хүмүүст ямар хариуцлага тооцох вэ ?

-Энэ асуудал хуулийн дагуу шийдэгдэх ёстой. Нэг хэсэг зээлдэгч нар нь хуулийн дагуу зориулалтын дагуу ашиглаад явж байгаа бол төрийн байгууллагууд зээл авсан. Үүнийг төр өөрөө шийдэх ёстой. Зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй хүмүүс ч бий. Уг асуудлыг хууль хяналтын байгууллага хурдан шалгаж шийдвэрлэх ёстой. Ийм л байр суурьтай байна. УИХ ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж