Сүүлийн таван жилийн тандалтаар томуугийн дэгдэлт нэмэгдэж, хүүхдийн өвчлөл эрс өсч, хүндэрч байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд анхааруулсан. Өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээр томуугийн халдварын тархалт нэмэгджээ. Тухайлбал, ЭМЯ-наас 2017 оноос хойш тандалт судалгаа хийхэд хамгийн өндөр өвчлөлтэй жилүүд нь 2019-2021 он байсан аж.
Covid-19 бүртгэгдсэнээс хойш томуугийн тархалт нэмэгджээ. Томуугийн тандалтыг дэгдэлтээр нь таван түвшинд хувааж үздэг. Монгол Улсын тухайд идэвхжилт өндөр зургаан аймаг, алаг цоохор 10 аймаг, аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшинд гурван аймаг байгаа аж.
Тиймээс нийслэлийн дүүргүүдэд нэмэлт ор дэлгэж, эмнэлгийн цагийн хуваарийг уртасгасан. Мөн дүүргүүдэд байршуулсан Covid-19-ийн түр лабораторийг томуугийн урьдчилан сэргийлэх эмнэлэг болгожээ. Томуугийн дэгдэлт өндөр байгаа учраас жилд 120-130 мянган хүүхэд өвдөж байна.
Долоо хоногийн статистикаас харвал эмнэлэгт ирж үйлчилгээ авсан 94700 хүний 7.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй байгаа бөгөөд дэгдэлт нь өмнөх долоо хоногоос хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Томуу нь ханиадаас ялгаатай, А болон Б хүрээний вирусээр үүсгэгдэнэ. Илрэх шинж тэмдэг нь халуурна, булчин шархирах шинж тэмдэг илэрдэг. Хүүхдүүдийн хувьд ойр ойрхон, маш өндөр халуурдаг байна. Энгийн ханиад хоёр, гурван хоног халуураад намддаг бол томуу зургаан хоног үргэлжлэх тохиолдол байдаг. Булчин шархирч өвдөхийг бага насны хүүхдүүд илэрхийлж чаддаггүй учраас хөдөлгөөн нь эрс багасдаг, маш их ёолж ярагладаг. Харин ханиад хүрсэн үед булчин өвдөх нь маш бага.
Мөн томуугийн үед маш их ядарч, их ханиана. Мөн ханиах үед шинж тэмдэг илэрдэг. Томуугийн үед хамар битүүрэх нь нийтлэг шинж тэмдэг.
Томуу болон томуу төст өвчнийг харьцуулахад харьцангуй хүнд. Хэрэв хүүхэд хөнгөн өвдсөн бол халуун бууруулах, өвдөлт, ханиалга намдаах эмчилгээг гэртээ хийж болно. Шингэн зүйл ойр ойрхон халуун, бүлээнээр уулгах хэрэгтэй. Хүүхдүүдийн хувьд томуугаар өвдсөн үедээ илүү олон хоног халуурч, таталт өгөх нь нийтлэг. Ялангуяа 2-оос доош насны хүүхэд бөөлжиж суулгах нь томуугийн шинж юм. Тиймээс бага насны хүүхдэд эдгээр шинж тэмдэг илэрч байвал яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэйг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.
Холбоотой мэдээ