“Далавчаа дэлгэсэн” хаврын үдэш

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

“Далавчаа дэлгэсэн” хаврын үдэш

“Далавчаа дэлгэсэн” хаврын үдэш

Галт тэрэгний цонхоор шинийн арван тавны сар тэнгэрт сүүмэлзэн харагдана. Хэдий шөнө болсон ч зорчигчид унтах шинжгүй байх агаад тэд хоорондоо хэдийнээ дотносчээ. Өртөө болгон дээр арван минут зогсох бөгөөд нэг хоёр зорчигч бууж, нэмээд хэдэн зорчигч орж ирнэ. Шөнийн 23:00 цагт Зүүнхараагийн өртөөн дээр буух зорчигч олон байлаа. Энд тэнд инээд цалгиж, бооцоот тоглоомдоо улайрах эрчүүдийн дуу нэгэнт намсан, галт тэрэг гүн нойронд автлаа. Өртөөгөө өнгөрөөд унтчих вий хэмээн сэргийлэн үйлчлэгч зорчигчдод удахгүй зогсох өртөөг байн байн зарлана.

Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан "Гүн утга уран бүтээлийн нэгдэл"-ээс "Далавчаа зүүх өдөр" яруу найргийн чөлөөт уншлага (2022.03.19)-ыг Эрдэнэт хотод зохиосон юм. Тус уншлагыг сурвалжлахаар Эрдэнэт хот руу, галт тэргээр ийн аялсан хэрэг.

Цэргийн баяр (2022.03.18)-ын өдөр Эрдэнэт хотыг зорих зорчигчид Улаанбаатар төмөр замын вокзал дүүрэн байв. "Сайн яваарай", "Миний мэндийг эмээдээ дамжуулаарай", "Удахгүй ирнэ биз дээ" хэмээх үгс өртөөн дээр өрнөнө. Амралтын өдрөөр гэртээ харьж яваа, ажлаар зорчиж яваа, аавдаа өвөөдөө цэргийн баярын мэнд хүргэхээр одох хүмүүс хэдийнээ суудлаа эзэлснээр Улаанбаатар хотоос-Эрдэнэт хот руу зорчих галт тэрэг 18:40 цагт хөдөллөө.

Галт тэрэгний үйлчлэгч зорчигчдын тасалбарыг шалгана, мөн халууныг нь үзнэ. Маскгүй иргэдэд нэг удаагийн амны хаалт өгч, "Маскаа зүүгээрэй, галт тэргэнд тамхи татах хориотой шүү" хэмээн сануулна. Саяхан ачаа тээшээ янзалж, ийш тийш бужигнаж байсан зорчигчид суудалдаа аль хэзээний тухалжээ. Нийтийн галт тэрэг дүүрэн зорчигчид түгжрэлд зогсох машинууд, хотын буйдхан гудамжийг цонхоор ширтэнэ. Галт тэрэг аажим аажмаар зорих чиглэл рүүгээ зүтгэсээр хотоос нэгэнт гарлаа. Төд удалгүй зорчигчид хоорондоо ойр зуурын яриа дэлгэж, зам зуур идэх амттанаар бие биеэ дайлна.

"Хүүе, хөзөртэй хүн байна уу? Алив таван гар сууя. Энэ хол замыг хөзөр тоглож бардаг байхгүй юу" хэмээн эрчүүд “галт тэрэгний цагийг хурдлуулах”-аар болцгоов.

“Яагаад ч юм гал тэргэнд суухаар аав минь бодогддог юм. Намайг багад манайх Зүүнхараад байсан. Аавтайгаа сүү зарахаар нийтийн галт тэргээр байнга зорчдог байж билээ. Цэргийн баяраа аавтайгаа тэмдэглэх гээд явж байна” гэж хажууд сууж явсан зорчигч Х.Ганзориг хуучлав. Түүнтэй ярилцаж явсаар нэг мэдэхэд шөнө, сэрэхэд өглөө болсон байлаа.

Өглөөний 07:40 цагт галт тэрэг зорьсон газраа ирлээ. Өглөөний галт тэргийг амдаж нутгийн таксичид "Унаа авах уу? 2000-аар явна шүү" хэмээн зорчигчдоос асууна. Зарим зорчигч тэдэнтэй үнэ хөлсөө тохиролцоно. Заримыг нь өөрсдийнх нь унаа тосохоор ирсэн харагдана.

"Ямагт биднийг учруулж байдаг. Яруу найраг мандтугай"

Хоёр жилийн өмнө буюу 2020 оны аравдугаар сард "Далавчаа зүүх өдөр 1" чөлөөт уншлага Эрдэнэт хотод зохиогдож байсан юм. Тэр үеэр яруу найрагч Я.Баяраагийн "Бороонд норсон Чехов" номын нээлт болсон. Харин энэ жилийн яруу найргийн чөлөөт уншлагаар яруу найрагч Б.Алтанхуягийн "Ааваас үлдсэн өвлийн дурсамжууд" номын нээлт боллоо. Сонгодог зөөлөн хөгжмийн ая эгшиглэхээс илүүтэй "Битлз" хамтлагийн "Hey jude", "Yesterday" дуунууд тус чөлөөт уншлагыг чимнэ. Булган, Улаанбаатар, Сэлэнгэ зэрэг хотуудаас яруу найраг сонирхогч 80 гаруй залуу цугларчээ.

Тэд, номын нөхөд "Ямагт биднийг учруулж байдаг яруу найраг мандтугай" хэмээн халуун дотноор тэврэлдэцгээх. Уншлагын танхимд зураач Б.Сайханбаярын абстракт зургийн үзэсгэлэн нээгдэж, илүү урлаглаг орчин бүрдүүлжээ.

“Гүн утга уран бүтээлийн нэгдэл”-ийн тэргүүн Х.Нямхишиг:

Өнөөдөр ямар нэг  уралдаан энд өрнөхгүй. Бид үе үеийн авьяаслаг яруу найрагчид болон залуу яруу найрагч дүү нарынхаа шүлгийг сонсч, нэгэн үдшийг өнгөрөөнө. Дотроо хадгалж буй хайртай шүлгүүдээ уншихаар олон яруу найрагч цугласан байна хэмээгээд шүлгээ сонордуулав.

"Дүнзэн байшин голын эрэгт

Мод мэт

Дүрс нь голын усанд

Чулуу мэт

Дээвэр нь моддын мөчир дор дарагдчихсан

Дээрээс нь он цаг дарчихсан

Цонхоор нь шагайдаг саран уйдчихаад

Тоохоо больчихсон

Цоонотол нь ээдэг наран ч бас уйдчихаад

Тойрдог болчихсон

Салхинд хүн шиг исгэрдэг, шувуу шиг жиргэдэг

Бас, чоно шиг ульдаг

Самар шиг, өвс шиг, жимс шиг үнэртдэг

Байшин биш шиг харагддаг

Дүнзэн байшин голын эрэгт

Мод мэт

Дүрс нь голын усанд

Чулуу мэт хэмээн дуусч байлаа.

Х.Нямхишиг хүүгээ унтуулах гэж саатуулангаа цээжиндээ тэрлэснээ бидэнд сонирхуулав. Тэрбээр цугласан олныг яруу найргаар хөглөж, шүлэг, яруу найрагт “халамцсан” залуус ар араас нь уншлагаа сонордууллаа.

Тэд хайрын тухай, гунигийн тухай “дуулна”, уншина. Ингээд яруу найрагч Г.Хашбаатар эхнэртээ зориулсан шүлгээсээ сонирхуулав.

Хагархай лааны сууриа

эвлүүлж суухдаа эхнэр минь

Ханцуйгаа үл ялиг хойш нь шуужээ

Амьдралдаа хэзээ ч

чанга атгамааргүй турьхан

Анхи цагаан бугуй нь

сарны гэрэлд ч зүсэгдчихмээр

Хуучны пянзны

зурагдсан аялгуу эвлэн дуулдана

Хувирч болдог зүйл энэ хорвоод

эмэгтэй хүн ганцхан биш юм

Худлыг түрдээ залгисан бидний нүд ч

Хуулж орхисон ханын цаасанд

хувилсан мэт

Модны яр шиг цуурч, нэг л мэдэхнээ

нарийн түлээтэй хамт шатна

Сэтгэлийн минь тийм зөөлөнд

чи бүлээцэх эрхтэй

Мартаж орхисон дуу

аль нэг пянзанд нуугдаж

Магадгүй өдөр бүр зурагдахаа хүлээнэ

Мартаж орхисон сэрэмж бүрийн хойно

алхалт бүхэн түгшилт

Маргааш гэдэг бидний хувьд

асар том харайлт

Хагалсан түлээгээ өрж суухдаа би

Хамтдаа өрж буй амьдралаа л бодлоо

Хайрт минь.

Танхим чив чимээгүй. Бүгд яруу найргийн амтад уусчээ. Эрдэнэтийн хаврын орой бүхэлдээ яруу найрагт согтсон мэт. Найрагчид өвөртлөж ирсэн шүлгээ уншиж, үдшийн Эрдэнэтийг хөглөсөөр.

Залуу яруу найрагч Б.Алтанхуяг урин хаврыг угтан "Ааваас үлдсэн өвлийн дурсамж" сэтгүүл зүйн сурвалжлага, аян замын тэмдэглэл, хөрөг, нийтлэл дурсамжийн номоо тус өдөр нээсэн юм. Тэрбээр "Өвөлтэй хамт, өвлийн бургинах цаснаар өр зүрхний дотор дулаахан дурсамжтай цуг дандаа оршин байдаг миний аав" хэмээн дурссан. Тэрбээр

Ааваа

Энд бороо зүсэрч, өвс нороод л

Эрт гарсан унага салхи үнэрлэж зогсоно.

Ганзаганы нойтон сурыг шувтарч аваад

Ган дөрөөний сэнж тасартал хаа ч юм давхиулж одмоор

Тийм хүсэл энд л төрнө.

Тэгэхдээ та минь цэцгэнд, бороонд, үүлсэд хувилаагүйг ойлгоно.

Ааваа

Төрсөн нутаг нь хүнийг хүлээдэггүйд итгэдэг

Тал газрын хаахна нь ч тэрлэг нөмгөлж хэвтдэг биш үү

Тоонын цамхрааг нарны цацраг нүхэлж эхлэхүй

Тогоонд хэдийнэ сүү дэвэрч амжсан байдаг бил үү.

Үлгэрт хэлэгддэг эрт урьдын тал газар

Үүдээр үзэгдэхүй босоод гүймээр

Тийм догдлол энд л төрнө.

Тэгэхдээ та минь үгэнд, сэтгэлд, үлдээсэн дурсамжид л амьдыг ухаарна.

Ааваа

Эх орон гэдэг үгэнд тааламжгүй хандах болсон

Эрх чөлөө, үнэт зүйлс, бусдын тухай бодолдоо

Ээрэгдэж суухаас залхсан.

Энд зүгээр л уйлж болно, дуулж болно

Элгээ зүсэж, нүдээ ухаж тавьсан ч

Энэ л тал нутаг өөртөө шингээж чадна.

Бичих үйлс зөвхөн яруу найрагт хамаардаггүйг

Би өнөөдөр л ухаарч байна.

Нүүдэл ч бас цаст оргилуудынх биш болохоор

Надад хачин их гуниг төрснийг ойлгож сууна… гэснээр жаргаав.

Далавчаа зүүх өдөр олон залуу найрагч тэнгэрт дүүлэн нисэх жигүүрээ олж авсан, дэлгэсэн мэт санагдлаа. Гаргасан бүтээл номыг нь уншсанаас огт уулзаж үзээгүй зохиолч нартайгаа танилцаж, нөхөрлөж, шүлгийн, номын анд болцгоосон. Ийнхүү Эрдэнэт хотод  яруу найрагч, яруу найрагч сонирхогч залуусын зүрхний дуулал эгшиглэсэн нэгэн үдэш өрнөсөн юм. Тэд бүгд яруу найргийн тэнгэрт дүүлэх далавчаа дэлгэжээ.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж