Шүүгч С.Төмөрбатыг огцруулах шийдвэр гаргав

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

Шүүгч С.Төмөрбатыг огцруулах шийдвэр гаргав

Шүүгч С.Төмөрбатыг огцруулах шийдвэр гаргав

Одоогоос гурван жилийн өмнө Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдон, авлига авсан нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, улмаар Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн билээ. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль авсан байж болзошгүй тул хуулийн дагуу шалгуулахын тулд дээрх зарлигийг гаргасан тухай УИХ-ын дарга асан З.Энхболд мэдээлж байлаа. Бүрэн эрхээ түдгэлзүүлсэн тэдгээр шүүгчдийн дунд Нийслэл дэх захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат байв.

Шүүхийн сахилгын хороо гуравдугаар сарын 17-ны өдөр хуралдаж, шүүгч С.Төмөрбатыг огцруулах шийдвэр гаргажээ.

С.Төмөрбат нь Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр 2020 онд Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байхдаа гэр бүлийнхээ хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор ОХУ-ын хилийг давж, улмаар АНУ-д гарсан. Түүнийг “АНУ-ын хил дээр их хэмжээний ам.доллар авч яваад саатуулагдсан, тус улсаас цагаачлал хүссэн” гэх мэдээлэл гарсан ч албаны эх сурвалж үгүйсгэж байв. С.Төмөрбатыг 2020 оны тавдугаар сард тус улсаас авчирна гэж албаныхан мэдээлсэн ч өнөөдрийг хүртэл сураг алга. 

Эргэн сануулахад, С.Төмөрбат нь Монгол Улсын гавьяат хуульч агсан Л.Бямбаагийн хүү бөгөөд ээж нь Салхитын мөнгөний ордын хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа бусдад их хэмжээний авлига дамжуулсан хэрэгт холбогдсон юм. Л.Бямбаа агсан хорих ангид саатуулагдаж байхдаа "Хүүгээ энэ хэрэгт холбоогүй” гэж бичээд, гэрээслэл үлдээсэн гэгддэг. Харин энэ талаар С.Төмөрбат “Манай ээж амиа хорлох сэтгэл зүйтэй хүн биш. Мөн хууль хяналтын байгууллагынхан хаана хорьж байгааг нууцалсан нь сэжиг төрүүлж байна” гэж мэдэгдэж байсан удаатай. 

Дашрамд дурдахад, Салхитын мөнгөний ордын хэргээр авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байсан 11 шүүгчийг гэм буруугүй гэж үзсэн тул 2020 онд бүрэн эрхийг  нь сэргээжээ. Харин хахууль авсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаярт гурван жил, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт гурван жилийн хорих ял оноож байв. Хамгийн сүүлд  2021 оны нэгдүгээр сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Б.Сайханцэцэгийг хоёр жил хорихоор шийдвэрлэсэн юм.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж