Найруулагч Ж.Сэнгэдоржийн ээлжит уран бүтээл “Худалдагч охин” уран сайхны кино 2022 оны Осакагийн Азийн кино фестивалийн уралдаант хэсэгт шалгарсан талаар өмнө нь мэдээлсэн. Уг кино бүтээл "Шилдэг эмэгтэй гол дүр"-ийн шагнал хүртсэн байна.
Ж.Сэнгэдорж "Маш сайхан байна. Монгол кино дэлхийд гарна гэхээр монгол ахуй, монгол аж амьдрал нөгөө л морь малаараа гарна гэдэг бодлоосоо одоо ангижрах хэрэгтэйг энэ кино наадмаас мэдэрсэн болов уу. Монголын кино уран бүтээлчид дэлхийн соёлоос хоцролгүй мөр зэрэгцэн явж буйг гадаадын уран бүтээлчдэд мэдрүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Анхны олон улсын кино наадамд оролцож, дэлхийн 31 орны 954 киноноос "Шилдэг эмэгтэй дүр"-ийн шагнал авна гэдэг нь монгол кино уран бүтээлчдэд үнэхээр том амжилт" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Осакагийн Азийн кино фестивалийг 17 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Азидаа нэртэй өндөр зэрэглэлийн фестивалийн нэг юм. Уг фестиваль 2022 оны гуравдугаар сарын 10-наас 20-ны өдрүүдэд Япон улсын Осака хотноо болж, шилдэг бүтээлийн эздээ шалгаруулжээ.
Энэ удаа нийт 31 орны 954 кино бүтээл Осакагийн кино фестивальд өрсөлдсөн байна. Фестивалийн уралдаант хэсэгт шилдэг 15 киног сонгон шалгаруулсны нэг нь “Худалдагч охин” кино. Тодруулбал, Солонгос, Египет, Араб, Хонгконг, Япон, Малайз, Филипин, Тайван, Хятад, Энэтхэг, Казакстан зэрэг олон орны кино уран бүтээлчдийн кинотой өрсөлджээ.
"Худалдагч охин" уран сайхны кино 2021 онд нээлтээ хийсэн бөгөөд гол дүрд жүжигчин О.Энхтуул болон залуу жүжигчин Б.Баярцэцэг нар тоглосон юм.
Холбоотой мэдээ