“Монголын эдийн засгийн чуулган-2022” форумын хүрээнд “Эрчим хүчний сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр салбарын сайд "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд эрчим хүчний салбарт нийт 22 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснийг онцоллоо.
Эрчим хүчний сайд Н.ТАВИНБЭХ:
-Эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангахгүйгээр улс орны эдийн засгийг сэргээх боломжгүй. Энэ салбарт олон жилийн турш томоохон хөрөнгө оруулалт хийгээгүй. Иймд "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд нийт 22 төсөл хэрэгжүүлнэ. Тавантолгой ДЦС (450Мвт) барьснаар өмнийн говийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ.
Мөн "Оюутолгой" дотоодоос эрчим хүчээ ханган, жил бүр 120 сая ам.доллар гадагшаа зарцуулдаг байсан нь зогсох юм. Энэ төслийг төрийн хөрөнгө оруулалтаар байгуулах тул төрийн өмчит компани байгуулсан. Төслийн 70 хувийг төслийн санхүүжилтийн зарчмаар шийднэ.
Мөн эрчим хүч, цөмийн эрчим хүчний чиглэлээр судалгааны төслүүдийг Монгол Улсад нэвтрүүлж нутагшуулах хүртэл хөгжүүлэх. Түүнчлэн ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх байгалийн хий хоолойгоос өөрийн хэрэгцээнд хий ашиглаж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр чиглэлээр бизнесийн салбарын хамтын ажиллагааны туршлага хэрэгтэй байна. Эрчим хүчний тарифыг бодит үнэ өртгөөр нь тогтоон, цаашид тогтмол индексжүүлэн ажилласнаар “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан төсөл арга хэмжээг бизнесийн зарчмын дагуу санхүүжилтэд ашигласан зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хэвийн ханган нийлүүлэх боломж бидэнд байна.
Тухайлбал, хэрэглэгчийн цахилгаан дулааны эрчим хүчний үнэ тарифыг 2022 онд 28 хувиар нэмэгдүүлж, өртөгт нийцүүлэн, цаашид 2030 он хүртэл тарифыг тогтмол индексжүүлэхэд улсын төсөвт ачаалал өгөхгүйгээр дээрх төслүүдийн санхүүжилтэд ашигласан зээл, зээлийн хүүг төлж, эрчим хүчний салбар санхүү, эдийн засгийн хувьд бие даан ажиллах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байна.
Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 22 төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадал 1765 МВТ-аар нэмэгдэнэ гэж тооцжээ. Тухайлбал,
- ДЦС-уудын өргөтгөлийн төслүүдийн нийлбэр чадал 475 МВт
- Шинэ эх үүсвэрүүдийн төслүүдийн нийлбэр чадал 1290 МВт
- Улаанбаатар хотод өвлийн улиралд ажиллах дулаан хангамжийн тархмал эх үүсвэрийн хийн станцууд барина.
- Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системд 2020 кв-ын нийт 1962 км ЦДАШ барина
Энэ мэтчилэн дээрх төслүүдийг хэрэгжүүлснээр эрчим хүчний салбарт төдийгүй эдийн засгийн олон талт ач холбогдолтой болохыг тодотголоо. "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ станц" ТӨХК-ны байранд зохион байгуулсан эл хэлэлцүүлэгт 21 аймгийн 500 гаруй салбарын төлөөлөл цахимаар оролцов.
Эрчим хүчний салбарт 22 төсөл хэрэгжүүлэх боломжгүй
Энэ үеэр “Хөгжлийн төслийн санхүүжилт хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 22 төслийн санхүүжилттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн зүгээс бүх төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэв. Тэрбээр “Улаанбаатарт цахилгаан дулааны хэрэглээ 100 хувь давсан. Иймд эхний ээлжид "ДЦС-3" ТӨХК-ны өргөтгөлийг барих хэрэгтэй. Энэ хугацаанд хийн эх үүсвэрээр хэд хэдэн газарт эх үүсвэр барих шийдлийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй ярьж байна. Эдгээр зүйлст анхаарал хандуулж, бусад төслийг магадгүй төр царцааж болзошгүй. Эдийн засгийн нөхцөл байдал нь ч ийм байна.
Аливаа улсын нэн тэргүүний асуудал нь эдийн засгийн тусгаар тогтнолыг хадгалж үлдэх. Тогтвортой байдал, дампуурахгүй байх. Тэгэхээр 13 их наядыг бид ирэх жилүүдэд шийдвэрлэж чадахгүй. Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 22 төслөөс чухлыг нь эрэмбэлэхгүй бол хүмүүст хүлээлт үүсгэнэ. Үүнийг бодолцох ёстой. Жишээ нь, “Оюутолгой” төслийг төр оролцож авахаар бол Засгийн газрын өрийн хэмжээ нэмэгдэнэ. Монгол Улсын өр нэмэгдэх тусам олон улсад зээлжих зэрэглэл буурна” гэлээ.
Эдийн засгийг сэргээх чиглэлээр татварын тодорхой бодлогууд хэрэгжүүлнэ
“Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан томоохон хөрөнгө шаардсан төслүүдээс эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх төслүүдийн талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэл өглөө.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх 22 төслийн хүрээнд дэд төсөл хөтөлбөрийг тодорхой заасан. Үүний санхүүжилт, техник эдийн засгийн үндэслэл, зураг бэлэн байдлын хүрээнд гурван түвшинд ангилжээ. Үүнд:
- Ногоон түвшинд: 7 төслийн санхүүжилтийн эх үүсвэр бүрдсэн, заримыг нь эхлүүлсэн. Нийт санхүүжилт 6.3 их наяд. Үүнийг “Хөгжлийн банк”, концесс, гадаадын зээл тусламжийн эх үүсвэрээр шийдсэн байна.
- Шар түвшинд: Санхүүжилтийн схемд тодорхой шийдэл гарсан 6 төсөл. Үүний гурав нь “Хөгжлийн банк”-ны санхүүжилтээр бол мөн 3 төсөл нь гадаадын зээл тусламжийн хүрээнд эхлүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж.
- Улаан түвшинд:Техник эдийн засгийн үндэслэл, санхүүжилтийн механизм, тооцоо судалгааг нь гаргах ёстой 8 төсөл хөтөлбөр. Нийт санхүүжилт нь 5.2 их наяд төгрөг байхаар урьдчилсан байдлаар тооцжээ.
Эдгээр том бүтээн байгуулалтуудыг улс дангаараа хийж чадахгүй. Тиймээс төр, хувийн хэвшил хамтарсан байдлаар, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай ажилласнаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх боломж бий. Энэ хүрээнд хөрөнгө оруулалт татах, урт хугацаанд зөв хамтран ажиллах талаар хууль эрхзүйн хүрээнд татварын тодорхой бодлогуудыг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлнэ. Сангийн яамнаас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Энэ хуулийн гол концепц нь урт хугацаанд хөрөнгө оруулагч нартай хувийн хэвшилтэй төр хамтран ажиллах, аль аль талдаа боломж олгох, хувийн хэвшилд илүү ашигтай байх талаас төр дэмжих нь энэ төслийн гол концепц. Ялангуяа төр үзүүлэх ёстой нийтийн шинж чанартай хөрөнгө оруулалт, цахилгаан дулаан зэрэг томхон хөрөнгө оруулалтад хамтран ажиллах тухай тусгасан.
Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд татварын бодлогын асуудлууд ч бий. Сангийн яам татварын асуудлаа хариуцсан тусдаа бүтэцтэй болсон. Энэ хүрээнд эдийн засгийг тэлэх, сэргээхэд татварын тодорхой бодлогууд хэрэгжүүлнэ. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд олон улсад зээлжих зэрэглэлийг бууруулахгүй байхад онцгой анхаарал хандуулна. Санхүүгийн сахилга батыг хангах, саарал жагсаалтад оруулахгүй байх зэрэгт анхаарч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг татах таатай нөхцөл бүрдүүлснээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч нарыг энэ салбарт татах боломж бий. Иймд энэ чиглэлд тодорхой бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлснээр зээлийн эргэн төлөлтөд асуудал үүсэхгүй
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул
-“Хөгжлийн банк”-наас УИХ, Засгийн газрын дэвшүүлсэн стратегийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх ёстой. Банк алдаа, оноогоо эргэн харж байна. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг тодорхойлсон нь маш сайн хэрэг. Банкнаас цаашид аль нь улсад стратегийн хувьд чухал төсөл болоход санаа зовохгүйгээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг санхүүжүүлж, илүү фокустай ажиллах боломж бүрдэж байна гэж харлаа. Өнгөрсөн хугацаанд бид эрчим хүчний зарим төслийг санхүүжүүлсэн. Үүнээс Чойбалсангийн ДЦС болон ДЦС-IV ТӨХК-ийн өргөтгөлийн төслүүд “Хөгжлийн банк”-наас санхүүжилтээ аваад байна. Ер нь гурван зүйлийг хэлмээр байна. Цаашид эрчим хүчний салбарт санхүүжилт босгоход, төр ба хувийн хэвшлийн тухай хуулиар нарийн зохицуулалтуудыг тусгана гэж ойлголоо. Энэ нь банкнаас зарим төслүүдийг санхүүжүүлэхэд эрэлт, нийлүүлэлтийн баталгаа зэрэг тодорхойгүй зүйл цаашид тодорхой болбол төслийн санхүүжилтэд илүү боломж нь нээгдэнэ.
Хоёрдугаарт, дулааны цахилгаан станцуудын тухайд үнэ тарифын асуудал байдаг. Тэгэхээр тарифыг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баривал зээлийн эргэн төлөлтөд асуудал гарахгүй боломж нь бүрдэнэ. Цаашид бид ялангуяа эрчим хүчний салбарынхан нүүрсний станцын тухайд илүү ногоон элемент оруулахад бодлого тодорхойлох нь зүйтэй болов уу. Дэлхий нийтээр хүлэмжийн хийг бууруулах, түүнийг дагаад банк, санхүүгийн байгууллагууд нүүрсний станцуудаас татгалзаж эхэлж байна. Үүнд бодлого тодорхой байх ёстой болов уу. Банкнаас Эрчим хүчний яамтай хамтран “Амгалан” дулааны цахилгаан станц, ДЦС-IV ТӨХК-ийн өргөтгөлийн асуудлыг санхүүжүүлэх хувилбарыг судалж, хоёр төслийг тодорхой болгоод байна.
Ирэх өвлийг маш хүнд давах тул хязгаарлалт тавихаас өөр сонголт алга
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:
-Бид маш хүнд байдалд байна. Үүнээс гарах ёстой. Хэрэгцээг хангахын тулд шинэ эх үүсвэрүүд бий болгох шаардлага туллаа. 2022-2023 оны өвлийг маш хүнд давна. Одоо хязгаарлалт тавихаас өөр сонголт байхгүй. 21 дүгээр зуунд хязгаарлалтын тухай ярих нь маш бүдүүлэг байх. Гэхдээ өнөөдрийн бодит байдлыг ярих ёстой. Үүнийг нийгэмд шийдвэр гаргах түвшинд удаан хугацаанд яриагүйн улмаас ийм нөхцөл байдал үүсэх шалтгаан болсон гэж бодож байна. Монгол Улсын эрчим хүчний салбар өнөөдөр ямар ч нөөц тоноглолгүй ажиллаж байна. Импортын эрчим хүч авах зориулалттай дэд станц өнөөдөр нийлүүлж буй импортын эрчим хүчний чадал тулсан. Бид шинэ эх үүсвэр барихгүйгээр дулааны цахилгаан эрчим хүчний тухайд ч тэр, цахилгаан эрчим хүчний хувьд ч хэрэглээг нэмэх ямар ч боломжгүй болсон. Дээр нь одоо ашиглаж буй эрчим хүчний тоноглолын 40 орчим хувь нь ашиглалтын хугацаа дууссан. Эдгээр тоног төхөөрөмжүүдэд эвдрэл гарч хэзээ л бол хэзээ зогсоход бэлэн нөхцөл байдалд ажиллаж байна.
Дахиад хэлье. Аваарын горимоос бид гарах ёстой. Үүний тулд “Шинэ сэргэлтийн бодлого”-д нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, төслүүдийг тусгасан. Хэдий сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж байгаа ч бид энэ эрчим хүчинд ямар ч тохируулга хийж чадахгүй байна. Импортын эрчим хүч өндөр үнээр худалдан авч байна. 1 квт цахилгааны үнэ манай улсад 175 төгрөг байгаа нь ОХУ, БНХАУ-ын үнээс 20-60 хувиар бага байна. Өндөр хөгжилтэй орнууд устөрөгчийн эх үүсвэрийг судалж байна. Бид ч энэ технологи руу шилжих ёстой.
Холбоотой мэдээ