"Тэд оюутан цагаа карантинд өнгөрүүлсэндээ дурамжхан байна"

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

"Тэд оюутан цагаа карантинд өнгөрүүлсэндээ дурамжхан байна"

"Тэд оюутан цагаа карантинд өнгөрүүлсэндээ дурамжхан байна"

Хүйтэн сэрүүн өвлийн өдрүүд алсарч, урин дулаан хаврын өдрүүд айлчлан ирж байна. Цар тахлын улмаас хоёр хаврыг карантинд үдсэн оюутан залуус, сургуулийн сурагч, цэцэрлэгийн багачууд нэг үеэ бодвол өдгөө хэдийнэ учраа олжээ. Гэвч тэд Covid-19-ийн амаргүй үеийг туулж, их багагүй хямрал, хоцрогдолд өртсөн нь нууц биш. Тиймээс энэ удаагийнхаа сурвалжлагаар оюутан залууст энэхүү хямрал хэрхэн нөлөөлсөн талаар хүргэхийг зорилоо.

Түүнийг М.Мөнхдалай гэдэг. Тэрбээр МУБИС-ийн Нийгмийн ухааны багшийн ангийн гуравдугаар дамжааны оюутан. Өөрөөр хэлбэл, оюутан насныхаа хоёр хаврыг карантинд өнгөрөөж, цахимаар хичээлээ үзжээ. Түүний хэлснээр цахим хичээл нэг талаараа цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэсэн хэдий ч номын санд суух боломж олдоогүй нь харамсалтай байсан гэнэ. Тэрбээр ярихдаа “Манай ангийнхан оюутан насны ихэнх хугацаа карантинд өнгөрчихлөө гээд дурамжхан л байна. Одоо гуравдугаар курс хэдий ч зарим нь бие биенээ сайн танихгүй байх жишээтэй. Нэгдүгээр курст танилцаад нэг мэдэхэд гуравдугаар курст орчихсон” гэв.

Харин цахим хичээлийн талаар тэрбээр “Цахим хичээлийн хүртээмж сайн байгаагүй. Оюутан бүр идэвхтэй оролцсон уу гэвэл үгүй. Багш нар яриад, хичээлээ заагаад л өнгөрнө. Цахимаар хичээлээ заасан хэрнээ сургалтын төлбөрөө ядаж 70 хувиар авсан. Цахим сургалтын үр дүн тааруу байсан ч төлбөр нь танхимынхтай адил байлаа” гэлээ.

М.Мөнхдалай одоогоор улсын сургуульд мэргэжлээрээ дадлага хийж байгаа бөгөөд өмнөх үеийн оюутнуудтай харьцуулахад онолын мэдлэг тааруу авсан гэж өөрийгөө дүгнэж байгаа аж.

Онол, практикийн мэдлэгийг оюутан насандаа хангалттай хэмжээнд хуримтлуулсан байх ёстой салбар бол анагаах ухаан. Эмч, эмнэлгийн ажилчид эрдэнэт хүмүүний амь нас, эрүүл мэндийг хариуцдаг учир мэдлэг, туршлагатай байх нь нэн тэргүүний асуудал.

Практик, онолоо бататгах тал дээр дутагдалтай байсан

АШУҮИС-ийн хүний их эмчийн тавдугаар дамжааны оюутан н.Мөнх-Эрдэнэ “Манай салбарт онол болон практик хосолж явдаг, онцлогтой мэргэжил. Covid-19-ийн үед бид эмнэлгийн дадлагад гарах боломж бололцоо хомс байсан. Практикт суурилсан хичээлүүд болон онолоо бататгах тал дээр дутагдалтай байсан гэхэд хилсдэхгүй. Хонож дадлага хийх боломж хаагдсан нь харамсалтай. Гэхдээ онолын мэдлэгээ цахимаар авч, гүнзгийрүүлэн судалсан нь шинэ зүйл байлаа” хэмээн ярив.

Тэдний ангийнхан карантинаас хойш өнгөрсөн намар анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ уулзалдсан бөгөөд нэгдүгээр дамжаанд танилцаж байсан шигээ бие биетэйгээ бишүүрхэж харилцаж байсан гэнэ.

Н.Мөнх-Эрдэнэ цааш ярихдаа “Хоёр жилийн хугацаанд ангийнхныхаа царайг цахимаар л харж байлаа. Өнгөрсөн намар уулзахад анх удаагаа уулзаад танилцаж байгаа юм шиг бишүүрхэж, дахиад л нэгдүгээр дамжаандаа орсон мэт сэтгэгдэл төрсөн. Одоо гайгүй дасч байна даа. Ер нь Covid-19 залууст шинэ сорилт болсон. Ийм зүйлд бэлтгэлтэй, чадвартай байхыг сануулж, халдварт өвчин, цар тахал ийм аюултайг ойлгууллаа. Бид зургаан жил сурдаг учир бусад их, дээд сургуулийн оюутнуудтай харьцуулахад хоёр жилээ карантинд өнгөрүүлсэн ч хамтдаа өнгөрүүлэх цаана нь дөрвөн жил байна. Миний хувьд танхимаар төгсөх болсондоо баяртай байна” гэлээ.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас оюутнуудын дунд цахим хичээлийн сэтгэл ханамжийн судалгаа явуулахад 82.5 хувь нь сэтгэл ханамжтай байжээ.

Мэдээлэл, технологийн салбарын оюутнуудад ялгаа мэдрэгдсэнгүй

Уламжлалт салбаруудтай харьцуулахад шинэ зууны технологийн салбарын оюутнуудад цахимаар хичээлээ судлах таатай байсан аж. МУИС-ийн Программ хангамжийн ангийн оюутан Б.Төгөлдөр одоо хоёрдугаар дамжаанд суралцдаг. Ерөнхийдөө сурагч насны сүүлийн хавраа, оюутан насны хоёр жилээ карантинд, цахим хичээлтэй үдсэн гэхэд буруудахгүй.

Б.Төгөлдөр “Карантинд элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлтгэх хүндрэлтэй байлаа. Удалгүй оюутан болоод хоёр сарын хугацаанд танхимаар хичээллэж байх үед ерөнхий суурь хичээллүүдээ үзэж байсан учир гайгүй дасч байсан. Гэнэт цахимаар хичээллэх болсон нь эхэндээ хүндрэлтэй байсан. Манай мэргэжлийн буюу мэдээлэл, технологийн салбарын хичээлийг цахимаар үзвэл зүгээр юм шиг санагдсан. Угаасаа компьютертэй харьцдаг тул ялгаа байгаагүй. Харин бусад мэргэжлийн тухайд багшийн удирдлага дор, зааврын дагуу онол, практикийг хослуулах нь чухал учир танхимын хичээл шаардлагатай байсан биз” гэв.

Тэрбээр сургалтын төлбөрийн талаар “Оюутнуудын зүгээс карантины үеэр сургалтын төлбөрийг бууруулах хүсэлтээ оюутны холбоо, оюутны зөвлөлдөө хүргүүлсэн. Оюутны холбоо ч үүний дагуу сургуулийн удирдлагуудад хандсан. Гэвч боломжгүй гэсэн хариу авсан. Оюутнуудын зөв л дөө. Сургуулийн ус, дулаан, цахилгааны зардал бага байсан нь ойлгомжтой. Гэхдээ нөгөө талаараа багш нар, сургуулийн ажилчдын цалинд өөрчлөлт орох байсан байх. Уг нь сургалтын төлбөрт өөрчлөлт орсон бол зөв байсан. Харин одоо эргээд танхимын сургалт руу шилжчихлээ. Сургуулийн зүгээс сургалтын төлбөрөө хувааж төлөх боломжийг оюутнуудад олгосон” хэмээн ярилаа.

Оюутнууд хичээлээ ойлгохгүй нэг семистр л алдвал төгсөх хугацаа нэг жилээр хойшилдог. Тиймээс хоцрогдлоо арилгахын тулд бие даан суралцах, эсвэл давтлага авах тохиолдол ихэсчээ. МУИС-ийн ХШУИС-ийн оюутны холбооноос тухайн хичээлдээ сайн оюутнуудтай хамтран “Нэг бодлого-Нэг чихэр” аян хэрэгжүүлж байгаа аж. Ингэснээр оюутан ойлгохгүй байгаа бодлого, даалгавраа бусдаасаа асууж, суралцах боломжтой гэнэ. Мэдээж төлбөр нь чихэр.

Чанаргүй боловсон хүчин бэлтгэгдэх боломж бүрдсэн

ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуульд технологийн менежмент хөтөлбөрөөр суралцдаг н.Янжинлхам цахим хичээлийн талаар “Шинэ нээлт болсон гэж харж байна. Лекцээ яагаад заавал танхимд очиж үзэх ёстой гэж? Зөвхөн семинар, лабораторийн ажлуудаа танхимаар хийх боломжтой юм шиг санагдсан. Оюутнуудын амьдралын хэв маягт ч өөрчлөлт орсон. Цахим хичээлийн ачаар чөлөөт цаг их гардаг байсан юм шиг ээ. Энэ хугацаагаа ашиглаж, өөрийгөө хөгжүүлэх, ажил хийх зэрэг боломж нээгдсэн. Нэг цаг гучин минутын лекцэд суух гэж хотын нэг захаас нөгөө зах руу түгжрэл дунд зорчиж, буцаж ирэх нь хүндрэлтэй шүү дээ. Түүний оронд гар утас, зөөврийн компьютерээ ашиглаж, лекцээ үзэх боломж байсан” гэв.

Түүний хэлснээр, цахим хичээлийн сөрөг тал нь хичээлийн чанар гэнэ. Нэгнийхээ даалгаврыг хуулдаг, шалгалтаа мөнгөөр хийлгэдэг зэрэг залхуу хойрго байдлууд оюутнуудаас илэрсэн аж. Тэрбээр мөн багш нар цахимаар хичээл заалаа гээд бага цалин авах ёсгүйг онцолсон юм. н.Янжинлхам “Багш нар ч гэсэн амьдралтай хүмүүс шүү дээ. Цахим хичээлээ заахын тулд өдөржин сууна, хөтөлбөр, материалаа боловсруулна. Сургалтын төлбөр дээр нэг их хүндрэл байгаагүй гэж харж байна” гэлээ.

Цахим хичээлийн тухайд салбар бүрийн оюутнууд эсрэг, тэсрэг байр суурьтай байв. Нэг хэсэг нь мэргэжлийн онцлогоосоо хамаарч хангалттай хэмжээний мэдлэг хуримтлуулж чадаагүй бол нөгөө хэсэг нь бие даан суралцах, мэдлэгээ бататгах боломж олджээ. Нөгөө талдаа зарим хүнд дөрөвхөн жил тохиодог оюутан насны хөгжилтэй, дурсамжтай хугацааныхаа талыг карантинд өнгөрүүлсэндээ оюутнууд сэтгэл дундуур байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж