УЕПГ: Зөрчил гаргахгүй л бол хуулийн хариуцлага хүлээхгүй

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

УЕПГ: Зөрчил гаргахгүй л бол хуулийн хариуцлага хүлээхгүй

УЕПГ: Зөрчил гаргахгүй л бол хуулийн хариуцлага хүлээхгүй

Жилд дунджаар хоёр сая орчим хүн Зөрчлийн тухай хуулиар их, бага хэмжээгээр хариуцлага хүлээдэг байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчлийн дийлэнх буюу 93 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн зөрчил эзэлдэг аж. Дараа нь гэр бүлийн хүчирхийлэл, олон нийтийн газар танхайрах зөрчил бүртгэгджээ. 2017 оноос Зөрчлийн тухай хуулийг мөрдөж эхэлснээс хойш нийт 8 сая орчим зөрчилд шийтгэл ногдуулсан байна. Үүний 97 хувьд хүнд, 3 хувьд хуулийн этгээдэд хариуцлага тооцсон байна. Энэ талаар УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Эрдэмбилэгээс тодрууллаа.


-Зөрчлийн тухай хууль хэрэгжсэнээс хойш өнгөрсөн хугацаанд хэчнээн хэрэгт хяналт тавьж ажиллав?

-Улсын ерөнхий прокурорын газраас Зөрчил хянан шалгах ажиллагаа хуулийн дагуу хэрэгжиж буй эсэхэд хяналт тавьдаг. Өнгөрсөн хугацаанд Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилт үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа гэж дүгнэж байна.

Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд нийт 8.4 сая зөрчил, жилд дунджаар 2 сая орчим зөрчил бүртгэгдэж байна. Үүний дийлэнхийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай зөрчил эзэлж байгаа юм. Энэ төрлийн зөрчил буурахгүй байгаа шалтгаан нь иргэдийн хайхрамжгүй зантай холбоотой.

Хэрэв хуулийн этгээд нь зөрчил гаргасан бол хариуцлага хүлээдэг байх ёстой. Гэвч 2021 оны байдлаар улсын хэмжээнд 2 сая орчим зөрчлийн 66 тэрбумын торгууль төлөгдөөгүй байсан. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд торгуулийн 50 хувийг хөнгөлсөн. Уг хуулийн хүрээнд иргэдийн 41.5 хувь нь торгуулиа төлж, Өршөөлийн тухай хуульд хамрагдсан. Үүнээс харвал, Замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн өөрсдийнх нь хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас үүдэн зөрчил бүртгэгдсээр байна. Тухайлбал, өнгөрсөн онд улсын хэмжээнд 2.023.146 зөрчил бүртгэгдсэн. Үүний 96.8 хувийг эрх бүхий албан тушаалтан газар дээр нь шийдвэрлэсэн. Мөн 30 мянга орчим гомдолд зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэлээ. Үүний 68.4 хувьд албадлагын арга хэмжээ авах саналтай шүүхээр шийдвэрлүүлсэн бөгөөд 24 хувьд нь шийтгэл ногдуулсан.

 –Ямар тохиолдолд албадан баривчилж байна вэ?

-Одоо мөрдөж буй Зөрчлийн тухай хуулиар аливаа торгох шийтгэлээс зайлсхийсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан биелүүлэх заалттай. Хэрэв Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчил гаргасан этгээдэд эрх бүхий албан тушаалтан торгох шийтгэл ногдуулна.

Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна. Одоо мөрдөж буй хуулийг шинэчлэх ямар үндэслэл байна вэ?

-2017 онд  Зөрчлийн тухай хууль хэрэгжсэнээс хойш мэргэжлийн бус хүмүүс зөрчил шалган шийдвэрлэх үндэслэл бий болсон. Иймд хуулийг янз бүрээр ойлгож, хэрэгжүүлэх нөхцөл ч үүссэн. Иймд Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн баталснаар хуулийн нэгдсэн ойлголттой болно.

Зөрчлийн тухай хуультай холбоотой гомдол, шүүмжлэл тасардаггүй. Тэр тусмаа торгох, баривчлах шийтгэл хавтгайрсныг олон жил ярьж байна. Багахан шалтгаанаар баривчлагдсан хэчнээн хүн байна вэ?

Зөрчлийн тухай хуультай холбоотойгоор иргэдээс гомдол, шүүмжлэл их ирдэг. Энэ хуулийг чанга байна, торгож баривчилж байна гэж ярьдаг. Гэхдээ иргэн, хуулийн этгээд хууль зөрчихгүй л бол өөрсдөө ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

Хуулийн дагуу амьдарвал зөрчил болохгүй. Тэгэхээр дээр таны асууснаар аливаа зөрчил бага байна гэж байхгүй.

Иймд Зөрчлийн тухай хуулийн дутагдалтай талуудаас илүү иргэдэд зөрчил гэж юу болох, ямар хор уршиг, үр дагавартай болохыг таниулах нь чухал. Ялангуяа иргэдийн нийгмийн амьдралд оролцох оролцоо, соёлыг дээшлүүлэх шаардлагатай.

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлсний төлөө Зөрчлийн тухай хуулиар өнгөрсөн хугацаанд хэчнээн хүн баривчлагдав. Энэ талаарх тоон мэдээлэл бий юу?

-Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийсэн гэх үндэслэлээр баривчлагдсан иргэдийн судалгаа өнөөдрийн байдлаар гараагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж