Зовлонгийн шалтгаан: Авлига ба хулгай

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Зовлонгийн шалтгаан: Авлига ба хулгай

Зовлонгийн шалтгаан: Авлига ба хулгай

ХЭҮК, Нээлттэй нийгэм форумаас өнгөрсөн оны намар зохион байгуулсан нэгэн хэлэлцүүлгээр Монголд зургаан хүн тутмын нэг нь ямар нэг сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэсэн нь яах аргагүй үнэн бололтой,  хаврын синдром нь хөдөлсөн хүмүүс хаа сайгүй. Өөрийгөө болон үг, үйлдлээ хянаж чадахгүйд хүрсний нэг жишээ нь өнгөрсөн долоо хоногт МЗХ-ноос явуулсан акц.  Ерөнхийлөгчийн архидалттай тэмцэх аян үнэндээ “Муу хүнийг зар, зарсан хойноо өр” гэгч болоод дууслаа. Угаасаа  ч  Монголд зарагдаж буй, үйлдвэрлэж байгаа бүх архийг талбай дээр аваачиж асгалаа гээд архидалт огт байхгүй болчихгүй. Асуудал нь улам хурцдаж, далд эдийн засаг бий болно, дагаад авлига, архидалт улам нууц байдалд шилжинэ. Шагийн архиндаа хордож үхэцгээж мэднэ. “Азийн чоно” гэж 10 гаруй хүний амийг авч одсон бэлээхэн гашуун жишээ бидэнд бий.

Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн зовлонгоос ангижиръя гэвэл зовлонгийн шалтгааныг олох нь зөв. Гэхдээ зовлонгийн шалтгаан нь архи уу, архидалт уу. Ажилгүйдэл, ядуурал уу.  Архидалтын шалтгаан ажилгүйдэл ядуурал гэвэл шалтгааныг үндсээр нь эмчлэхгүйгээр зовлонгоос ангижрах боломжгүй.

Архидалттай тэмцэхийн тулд ажилгүйдэл, ядууралтай тэмцэх шаардлагатай. Ажилгүйдэл, ядууралтай тэмцэхийн тулд авлигатай тэмцэх ёстой. Авлига жирийн иргэдийн ажил орлогоос эхлээд амьдралыг булаадаг гэвэл  зовлонгийн эх нь авлигачид гэсэн үг.

Ардын нам засгийн эрхэнд гарснаас хойш Монгол Улс авлигын индексээр 24 байр ухарч, "Транспэрэнси интернэшнл Монгол"-ын танилцуулснаар өнгөрсөн 2021 онд ганцхан байраар урагшилж, 110-д жагссан гэхээр зовлонгийн үндэс нь Ардын нам болж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар ч хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ үүнийг баталсан нь “Монголын ард түмэн хүнсний бараа, шатахууны үнийн өсөлтөөс илүү шударга ёс алдагдаж байгаад бухимдан дургүйцэж байна. Үүний нэг жишээ нь Хөгжлийн банк тойрсон асуудал юм” гэх үг. Үнэндээ, эрх баригчид шударга ёсыг дабль стандартаар хэрэгжүүлж буйд иргэд бухимдан дургүйцээд байгаа юм.  Хамгийн сүүлийн жишээ нь, Хөгжлийн банк тойрсон баривчилгаа ба пропаганда. Тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, Б.Батбаяр хоёрыг хууль шүүхийнхэн хэдийнэ шоронд аваачаад хорьчихсон. Атал Г.Амартүвшин хуулийн хамгаалалттай, эрх чөлөөтэй явж байна даг.

Хөгжлийн банкнаас гаргасан зээлийн жагсаалтыг харахад ихэнх нь МАН-ынхан болон тэдний хамаарал бүхий компаниуд. Нийтдээ 1.7 их наядын зээл  чанаргүй болсон асуудлыг АТГ-аас шалгаж байгаа агаад “банк” тоносон хэрэг эцэстээ эрх баригчдын пропаганда ба драм болоод дуусах маягтай, болж буй үйл явдлын эхлэл, өрнөл, төгсгөлийг нь  харвал шүү дээ. Анхандаа Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүддээ МАН арга хэмжээ авахаа сүр дуулиантай зарласан ч, адаг сүүлдээ далайх нь багасч, буулт нь зөөлөрсөөр эрүүгийн хэргээр ял шийтгэл хүлээсэн хэдэн нөхдөөр туг тахиад чоно цатгалан үлдэв бололтой.

Г.Занданшатарын  хэлсэнчлэн "…зээлээ зориулалтын дагуу ашиглаж, зээл, хүүгийн төлбөрөө зохих журмын дагуу төлж яваа, цар тахлын нөлөө, макро эдийн засгийн алдаатай зарим шийдвэрийн улмаас хүндэтгэн үзэх шалтгаанаар төлбөр нь саатсан, төлбөрийн баталгаа гарган ажиллаж буй баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчдийг буруу аргаар зээл авсан, түүнийгээ зориулалтын бусаар ашигласан, зээлээ төлөхөөс бултаж, зугтаж яваа хүмүүсээс ялгаж салгаж" байж  шударга ёс тогтох нь үнэн.   Харамсалтай нь, Ардын намын шударга ёсны тэмцэл улс төрийн драм болоод жинхэнэ авлигачид, гэмт хэрэгтнүүд нь ард нь чимээгүй үлдэх шинжтэй.  Иргэдийн уур бухимдлын шалтгаан нь "шударга ёс  алдагдсанд" юм бол Г.Занданшатар түүнийг танхимаасаа нэхэх ёстой байсан юм биш үү.

Хөгжлийн банкнаас зээл авч төлөхөөс бултаж яваа бас нэг хүн бол экс Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэрбээр өөрийн зөвлөх Ц.Ууганбаярын “Нью Яармаг хаусинг прожект” компаниараа дамжуулан  Хөгжлийн банкнаас 142 тэрбум төгрөг авсан. Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед тус компани барьцаанд тавьсан 21 ширхэг үл хөдлөхөө шүүхийн шийдвэрээр чөлөөлүүлсэн баримт, нотолгоо ч дэлгэгдсэн.  Тэрхүү шийдвэрийг гаргасан шүүгчид нь Х.Баттулгын хонгилынхон.

Хууль бус АН-ын сунгаанд нэр дэвшиж яваа тэрбээр Хөгжлийн банкнаас зээл аваагүй хэмээн  драм тоглоод явж байна. Худалч хүнд Яармагийн захын нохой ч “Нью Яармаг хаусинг прожект”-ийн барьсан орон сууцны  хорооллыг Х.Баттулгынх гэж хуцах байлгүй. Болоогүй ээ, бас МоАХ-ны байрыг барьцаанд тавьж, "Пирамид Орд" компаниар дамжуулаад 22 тэрбум төгрөг авчихсан байгаа шүү дээ.

Эдийн засгийн чөлөөт бүс болгохоор УИХ-аар хэлэлцэж буй Хөшигийн хөндийн газрын гуравны нэг нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгынх болохыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаан дээр хэлсэн.  Хууль зүйн дэд сайд байсан, хууль тогтоогч хүн худлаа хэлбэл хуулийн хариуцлага хүлээхээ мэдэх биз. Авчиг Х.Баттулга өнөөдөр ардын баатар болчихсон, парламентын засаглалыг бэхжүүлэхийн тулд АН-ын даргад өрсөлдөж, шударга ес ялна гэх мэтээр пропаганда хийгээд явж байна.

Түүний сунгаанд үг хэлэхдээ “АН-ыг адуу хүртэл үгүйлсэн” гэсэн Төв аймгийн АН-ын дарга нөгөө судалгаагаар гарсан зургаан хүний нэг байх л даа. Ийм хүмүүсийн тархийг угаахдаа экс Ерөнхийлөгч гаргууд. Ганц олж авсан мэдлэг, мэргэшсэн ажил нь.  АН-ынхан ч зассан хүндээ янаг гэж жигтэйхэн.

Х.Баттулгын балгаар Монголд ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн нь бодит үнэн. Хэрэвзээ Монгол Улс арван жилийн өмнө төмөр замаа барьчихсан бол Монголын эдийн засаг дор хаяж 10 дахин тэлэх байсан. Тэрнийг тооцохоо байг гэхнээ өнөөдөр дэлхийн зах зээлд тонн нүүрсний үнэ 400 ам.долларт хүрч буй энэ алтан боломжийг ашиглаж чадахгүй суугаа нь мөн л “манай нохой”-н пропагандагийн үр дагавар.  Гэтэл  түүнтэй хариуцлага ярьж чадах хүн хууль шүүхийнхэнд, Ардын намынханд алга.  Х.Баттулгын пропагандад автсан хэчнээн хүн ажил орлогогүй, архичин болсныг хэлэхэд хэцүү.  Өөрөөр хэлбэл, өнөөдрийн архидалтын үндсэн шалтгаан нь ажилгүйдэл гэвэл ажилгүйдлийн үндсэн шалтгаан нь авлига ба хулгай. Тэгэхээр зовлонгийн шалтгаан нь төрд шургалсан авлигачид  хулгайчид болж таарах нь.  Тиймээс зовлонгоос ангижиръя гэвэл зовлон таригчдаасаа салах ёстой. Жишээ нь, Н.Түвшинбаяр, Ц.Ууганбаяр гээд олон сайхан залуусын зовлонгийн шалтгаан  нь үнэндээ хэн билээ, юу билээ.

Төрийн тэргүүний хэлсэнчлэн архидалт "эх орны хөгжил дэвшилд чөдөр тушаа болоод байгаа" юм биш л дээ. Архи бүр ч буруугүй. Харин эрх мэдэлтнүүдийн авлигал эх орны хөгжилд хамгийн том чөдөр тушаа болж буй нь үнэн.  Улстөрчдийн  "хуурч мэхлэх, зусардаж зальдах, урваж шарвах, ихэрхэж баярхах, хүчирхийлэн дээрэлхэх, сархдад самуурах, хулгай дээрэм хийх, хов жив хөөцөлдөх гэх мэт адгийн араншин" эцэст нь  энгийн иргэдийн зовлонгийн эх болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж