6.5 сая еврогийн хээрийн эмнэлэг хаачсан бэ?

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

6.5 сая еврогийн хээрийн эмнэлэг хаачсан бэ?

6.5 сая еврогийн хээрийн эмнэлэг хаачсан бэ?

Монгол Улс цар тахлын үед 2020 оноос нэг дор 100 хүн хэвтүүлэн эмчлэх боломжтой, 6.5 сая еврогийн үнэ бүхий хээрийн эмнэлэг ашиглахаа зарлаж байв. Төсөвт зардлыг нь суулгаж, жишиг загварыг ч олон нийтэд танилцуулж байсан удаатай. Уг эмнэлэг улбар шар өнгөтэй, майхан шиг бүтэцтэй, дотроо мэс засал, халдварт, гэмтэл, дотрын тасагтай угсардаг байгууламж юм.

Одоогоос хоёр жилийн өмнө Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдын дэмжлэгтэйгээр Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлэг байгуулсан. Харамсалтай нь, уг эмнэлгийг ашигласан нь удаагүй, төсвийн мөнгө уйлдаггүй гэгч болжээ.

Жишигт нийцсэн стандарт хээрийн эмнэлэг нь суурин эмнэлгийн ашиглалтын зардлаас өндөр аж. Учир нь, хээрийн эмнэлэгт 100 ор дэлгэхийн тулд суурин эмнэлгийн 600 орны төсөв шаардлагатай. Иймд Монголд тохиромжгүй энэхүү үнэтэй байгууламжийн оронд аймаг, сумдын эмнэлгийг засварлаж, нэмэлт ор дэлгэх нь ашигтай байв.  Гэтэл зардал ихтэй, ашиглах боломжгүй хээрийн эмнэлгийг хэн ямар зорилгоор өндөр үнээр худалдаж авсан нь анхаарал татаж байна.

ХЭЭРИЙН ЭМНЭЛЭГ ГЭНЭТИЙН ГАМШГИЙН ҮЕД Л ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Өндөр зардалтай эмнэлэг байгууллаа гэхэд ажиллах хүний нөөцийн асуудал мөн гарч ирнэ. Хээр байрлан ажиллах хүн хүч дутмаг, тоног төхөөрөмжийн хувьд хүндрэлтэйг албаныхан онцолсон. 2020 онд цар тахлын үед ашиглана гэж хэлсэн ч бүс нутагт гэнэтийн гамшиг болох үед эмнэлгийн цогц үйлчилгээг үзүүлэх зориулалттай аж.

Урьдчилан сэргийлэх үзлэг, хагалгаа хийх зэрэг үйлчилгээ үзүүлэхэд хээрийн эмнэлэг ач холбогдолтой. Гэвч өвчтөн болоод эмч ажилчдын ариун цэврийг сахиулах, бие засах газар, угаалга, ариутгал гээд төвөгтэй зүйл олон бий.

Өмнөд Солонгос, Хятад, Япон зэрэг оронд газар хөдлөлт, үер гэх мэт байгалийн гамшигт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлж, зөөвөрлөх боломжтой хээрийн эмнэлэг ашигладаг. Хэрэв Монгол Улсад энэ эмнэлгийг байгуулбал үндсэн зорилгоос өөр чиглэлд тусламж үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. Өнгөрсөн жил УОК-оос цар тахлын үед эмнэлгийн хүрэлцээ муудаж, хомсдолд орвол хээрийн эмнэлэгт иргэдийг тусгаарлан эмчилнэ хэмээн мэдээлсэн. Гэвч одоог хүртэл цар тахлаас шалтгаалсан өвчтөн тусгаарлан эмчлэх үйл явц ашиглалтад оруулаад алга болсон эмнэлэгт өрнөөгүй.

Угтаа аль нэг аймаг, суманд гэнэтийн гамшигт үзэгдэл гарлаа гэхэд ОБЕГ хээрийн эмнэлгээ ажиллуулна. Түр зуурын эмнэлэг учраас хүнийг эдгэртэл хэвтүүлэх албагүй. Анхан шатны тусламж, үйлчилгээг л цаг алдахгүй үзүүлнэ. Монголд ийм байгууламж ойрын хугацаанд хэрэгтэй байсан уу?

МОНГОЛ УЛС ЭМНЭЛГИЙН БИШ, ЭМЧИЙН НӨӨЦГҮЙ БОЛЖ БАЙНА

Нэг сарын өмнө Монголд цар тахлын дөрөвдүгээр давлагаа хүчээ авсан. Харин одоо хоногт батлагдах тохиолдлын тоо хоёр оронтой тоо руу орж буурлаа. Эсрэгээрээ томуу, томуу төст өвчнөөр өвдөх бага насныхан их байгааг ЭМЯ анхааруулсан. Энэ цаг мөчөөс хөөн үзвэл бидэнд хээрийн эмнэлэг биш, эмч ажилтан, мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй байгаа юм. Яам, мэргэжлийн агентлагууд ч эмнэлгийн салбарт хүний нөөцийн дутагдал үүсч байгааг мэдэгдсэн. Тийм байхад 6.5 сая еврогоор үнэлэгдэх хээрийн эмнэлэг ямар хэрэгтэй байсныг хэлэх хүн олдсонгүй.

Тусламж, хандив, улсын төсөвт тусгасан мөнгөний нэг хэсгийг үргүй зарсан жишээ энэ. Тэнд дэлгэсэн тоног төхөөрөмжийг эмнэлгүүдэд өгсөн байлаа гэхэд үндсэн байгууламжийг хаачсан нь бүрхэг. Төсвийн мөнгөөр үрэлгэн зардал гаргасан буруутай этгээдүүдтэй хариуцлага тооцох ёстой байтал энэ талаар ярих, мэдээлэл өгөх хүн ч алга.

Дотоодод оруулж ирсэн, евро стандартын, 100 хүн хүлээж авах хүчин чадалтай, 6.5 сая еврогийн үнэтэй хөдөлгөөнт хээрийн эмнэлэг яагаад ашиглагдахгүй байгаа талаар иргэд шүүмжилж байна. Үнэлгээ өндөр уг эмнэлгийг ашиглах эрх, мэдэл аль нэг шатандаа гацсан байж ч болзошгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж