Төрийн хяналт шалгалтыг зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

Төрийн хяналт шалгалтыг зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Төрийн хяналт шалгалтыг зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сард төрийн хяналт шалгалтыг гурван жилээр зогсоох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх талаар мэдэгдсэн. УИХ-ын чуулганы ирэх Пүрэв гариг /2022.03.24/-ийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, хуулийн үйлчлэл гурван жилийн хугацаанд буюу 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжинэ. Төрийн хяналт шалгалтын улмаас хүнд суртал нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд дарамт учирч байна гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл байгаа нь олон удаагийн судалгаа, тэдгээрээс гарсан дүгнэлтэд дурдагдсан байдаг.

Тухайлбал, 2020 оны байдлаар бизнесийн салбарын ажилтнуудын тоо 50 хувь буурсан бөгөөд бусад хүчин зүйлс нөхцөл байдлыг улам дордуулсныг дараах байдлаар хариулжээ.

Авлига, хээл хахууль, төрийн хүнд суртал бизнест хамгийн их тээг болж байгааг мөн санал нэгтэй хэлж, эдийн засаг, засаглал, хууль эрх зүйн орчин хамгийн муу үнэлэгджээ.

Төрийн байгууллагын авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдал анхаарал татахуйц байгаа юм. Учир нь бизнес эрхлэхэд эдгээр зүйлс хамгийн их саад болдгийг бизнес эрхлэгчдийн дийлэнх тодорхойлсон байгаа юм. 

Хүснэгт. Бизнес эрхлэгчдэд төрийн байгууллагаас учруулж буй хүндрэл үүсгэж буй хүчин зүйл

ТӨР БИТГИЙ ОРОЛЦ

Ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “Эдийн засгийг сэргээхийн тулд аж ахуйн нэгжүүдийг шалгах шалгалтаа зогсоохыг хүсч байна. Долоо хоногт 3200 байцаагч явж, аж ахуйн нэгжүүдийг шалгаж байна. Үүнийг зогсоогооч, хариуцлагыг нь ажил олгогч бид хүлээе. Төр битгий оролц. Эдийн засаг хүндэрсэн учраас 2021-2022 онд аж ахуйг нэгжүүдэд ямар нэгэн торгууль тогтоохгүйгээр өнгөрөөч. Энэ үед нь хяналт шалгалт,  торгууль, алданги тооцохоо болих хэрэгтэй. Хэрэв 2021-2022 онд борлуулалтынхаа орлогыг нэмсэн аж ахуйн нэгж байгаа бол татвараас чөлөөлөөсэй. Тухайлбал, 100 сая төгрөгийн борлуулалтыг 150 сая болгосон бол 50 сая төгрөгийн орлогыг татвараас чөлөөлөөсэй" гэж мэдэгдэж байсан удаатай. 

ДЭЭРХ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ОНЦЛОХ ЗААЛТУУД

Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор гурван жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр заажээ.

Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжид зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлнэ. Түүнчлэн энэ хуулийн үйлчлэх хугацаа дууссан нь төрийн хяналт шалгалтыг нөхөж хийх үндэслэл болохгүй.

Энэ хуулийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоох, үйл ажиллагааг шууд зогсоохоос бусад төрлийн зөрчилд тэргүүн ээлжид зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэх тухай зохицуулалт нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, татвар, гааль, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтад хамаарахгүй.

Хяналт шалгалтын үр дүнд торгууль ногдуулах бус, эхлээд зөвлөн туслах шинжтэй албан шаардлага хүргүүлэх нь хяналт шалгалтын байгууллага иргэдэд илүү ойр байж, тэдэнд үйлчилгээ үзүүлэх, туслах, дэмжих чиг үүргийг хэрэгжүүлдэг болоход ач холбогдолтой гэж үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж