Украинд дайн хийснээс болж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины дэглэм таван жилийн дотор нуран унана гэдгийг тус улсын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйн зөвлөх "The Independent" сонинд ярьжээ.
Навальныйн үүсгэн байгуулсан Авлигын эсрэг сангийн гүйцэтгэх захирал Владимир Ашурковын тодорхойлсноор эсэргүүцэл дагуулсан Украины дайнаас үүдэн ОХУ-д ардчилсан хувьсгал гарч, Путиныг түлхэн унагаах гэнэ. Оросын эдийн засгийн хоригийн шахалт нь ОХУ-ын эдийн засагт хүчтэй нөлөөлж байгаа бөгөөд нөхцөл байдал удаан үргэлжилвэл оросуудын тэвчээр алдарна гэв.
Хэдийнэ Оросын бизнес, улс төрийн элитүүдийн дунд эсрэг бодолтой хүмүүсийн тоо нэмэгдэж, иргэдийн дунд Путины рейтинг унасан зэрэг нь улс төрийн томоохон өөрчлөлтийг дагуулна гэж Владимир Ашурков ярьжээ. Ардчиллын төлөө үзэлтэй түүний тооцоолсноор Оросын одоогийн төр засаг таван жилийн дотор өөрчлөгдөх бөгөөд гол нь ямар төлөөс гарах вэ гэдэгт анхаарал хандуулж байна.
Түүний хэлснээр ОХУ-аас Украинд дайрахад олон хүн цочирдсон бөгөөд Путины дэмжигчдийн тоо 25-30 хувиар унасан байна. Түүнчлэн Оросын телевизүүдээр өдөр бүр "тархи угааж буй" худал мэдээлэлд иргэд үргэлж итгэхгүй гэж Владимир Ашурко ярьсан байна. ОХУ-ын хотуудад дайны эсрэг жагсаал үргэлжилсээр байгаа бөгөөд жагсаалд оролцсон 14 мянга гаруй хүнийг баривчлан хорьсон гэж хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ.
ЭХ СУРВАЛЖ: INDEPENDENT
Холбоотой мэдээ