Ардчилсан нам шинэ даргын сунгаагаа дөрөвдүгээр сарын 6-нд хийхээр болсноо зарласан. Тэгвэл Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Ж.Батсуурь, Х.Баттулга нар 21 аймгаар тойрон гишүүд дэмжигч нартайгаа уулзаж явна. Тэд энэ долоо хоногт Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймагт очсон бол өнөөдөр Дундговь аймгийн гишүүд, дэмжигчидтэйгээ уулзалт хийж байна.
Уулзалтын модератороор АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга, УДШ-д АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир ажиллаж байгаа аж.
Тэгвэл Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр гуравдугаар сарын 17-нд мэдээлэл хийж, Х.Баттулгыг АН-аар овоглох эрхгүй гэдгийг мэдэгдсэн. Тэрбээр, "Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар Ардчилсан намаас Х.Баттулга нэр дэвшиж, ялалт байгуулсан. Энэ хүн Ардчилсан тогтолцоог хамгаална гэж нэр дэвшсэн ч Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо маргааш нь Монголын ардчилалд заналхийлж эхэлсэн. Тэр Монгол Улсыг ШХАБ-т элсүүлэх тухай ярьж эхэлсэн. Манай хоёр хөрш голлон оролцсон цэргийн эвсэл шүү дээ. Өнөөдөр дэлхий дахинд юу болж байна вэ. Монгол 1992 оны ардчилсан Үндсэн хуулиар аль нэг дайтагч талд ордоггүй, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого баримталдаг. Гэтэл энэ бодлогын эсрэг уриалга гаргаж, шахаж шаардсан.
Мөн Ерөнхийлөгчийн засаглалыг ил болон далд хэлбэрээр сурталчилж эхэлсэн. Тэр битгий хэл ардчилсан тогтолцоо хэрэгтэй эсэхийг хэлж ярьж явсан. Ийм хүн Ардчилсан намын даргын гишүүн битгий хэл даргын сунгаанд өрсөлдөх эрхгүй" гэсэн юм.