ОХУ-ын хөрш Украин улсад эхлүүлсэн дайнаас дайжсан олон мянган дүрвэгч өчигдөр /2022.3.19/ Польшийн нийслэл Варшав хотноо урт дараалал үүсгэн жагсчээ. Пуужингийн цохилт, цэргийн дайралтад орон байр, ажлын байр, итгэл найдвар, төрөл саднаа алдсан Украины дүрвэгсэд түр хугацаанд ч болов амар тайван амьдрахын тулд иргэний бүртгэлийн баримт бичиг олж авахаар олон цагаар дугаарласан нь энэ.
Варшавын үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн гадна шөнөжин дугаарласан дүрвэгсдэд Польшийн засгийн газраас тус улсад 18 сарын хугацаанд оршин суух, ажиллах, эрүүл мэнд, нийгмийн халамжийн тусламж авах, хүүхдээ сургуульд явуулах эрхийг олгох "PESEL" гэх иргэний бүртгэлийн картыг олгож байгаа аж. Польшийн албаныхан бүртгэлийн үйл явцыг хялбаршуулсан боловч дэндүү олон хүн байгаагаас зарим хүмүүсийг маргааш дахин ирээрэй гэж явуулахад хүрчээ.
Ээжтэйгээ хамт дугаарлан зогсох 30 настай Катерина Лохвян хэлэхдээ, "Оросын эзлэн түрэмгийллийн шокноос гарахад нэлээд хугацаа шаардсан. Бид яах ёстойгоо ойлгохгүй байна. Энд бид ажил олж хийхийг хичээж байна. польшуудад маш их талархаж байна. Тэд биднийг хүлээж авсан нь үнэхээр гайхалтай зүйл" гэж ярьжээ.
Өөр нэг бүсгүй Марина Ляшук ярихдаа, биднийг гэртээ ирж байгаа мэт л хүлээж авсан Польш улсад маш их талархаж буйгаа илэрхийлээд, тус улсад гэр бүлтэйгээ хэсэг хугацаанд амьдарна гэв. Тэрбээр "Хэрэв дайн дуусч, бидэнд амьдрах газар олдвол эх орондоо буцаж очихыг хүсч байна. Үгүй бол бид эндээ үлдэнэ" гэсэн байна.
Оросууд хоёрдугаар сарын 24-нд Украинд дайралтаа эхлүүлснээс хойш НҮБ-ын тооцоолсноор 3.3 сая гаруй хүн дүрвэсний хоёр гаруй саяыг нь Польш улс хүлээж авчээ. Түүнчлэн олон зуун мянган хүн Унгар, Словак, Молдав, Румын улсад ирсэн аж.
Украинаас дүрвэсэн хүмүүсийн олонх нь эмэгтэйчүүд төдийгүй тэдний тал хувь нь хүүхэд юм. Учир нь Украинд дайн эхэлснээр 18-60 насны эрэгтэйчүүдийг хилээр гарахыг хориглож, цэрэгт татаж эхэлсэн.
Польшид 10 жил амьдарсан Светлана Украинаас хамаатнуудаа татжээ. Тэрбээр Польшийн иргэний үнэмлэхийг авснаар ажил олж хийх, хүүхдээ сургуульд явуулах зэргээр идэвхтэй амьдрах боломжтойг онцолсон байна.
Польшийн албаныхны мэдээлснээр өнгөрсөн Лхагва гаригт тус хөтөлбөрийг эхлүүлснээс хойш 123 мянган хүнд иргэний үнэмлэх олгосон ба өдөрт 1000 гаруй хүн бүртгэлд хамрагдаж байгаа аж.
Польшийн засгийн газраас Украины дүрвэгсдэд нэг удаагийн мөнгөн дэмжлэг болох 300 злот /70 ам.доллар орчим/ өгч байгаа бөгөөд 18-аас доош насны хүүхдүүдэд нь сар бүр 500 злот /117 ам.доллар/ олгох аж. Харин тус улсад ажил олж эрхэлсэн украинчууд цалингаасаа татвар төлөх ёстой.
17 настай Павло Масечко Украины баруун хэсгийн Нововолянск хотоос иржээ. Тэрбээр дунд сургуулиа төгсөөд Польшид ирж суралцахаар төлөвлөж байсан ч дайнаас үүдэн дүрвэж ирсэн нь нөхцөл байдлыг эрс өөрчилжээ. "Эх орноо ингэж орхин гарна гэдэг маш их стресс юм байна" гэсэн бөгөөд Украины багш нар нь хичээлээ цахимаар орохыг хичээсэн ч ОХУ-ын дайралтын улмаас бүрэн зогсоожээ.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS