Тойм: УИХ-ын хаврын чуулган нээж, Атрын IV аяныг эхлүүлэхээ зарлав

Хуучирсан мэдээ: 2022.03.20-нд нийтлэгдсэн

Тойм: УИХ-ын хаврын чуулган нээж, Атрын IV аяныг эхлүүлэхээ зарлав

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАН НЭЭВ

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган хуулийн дагуу гуравдугаар сарын 15 буюу өнгөрсөн Мягмар гаригт нээлээ. Энэ удаагийн хаврын чуулганаар Монголын улс төрд реформ хийх томоохон хуулийн төслүүд хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Намрын чуулганаар хэлэлцэж байгаад үлдсэн Нийгмийн даатгалын тухай, Боловсролын тухай багц хуулийн төсөл зэрэг томоохон хуулиудыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Улс төрийн хүрээнд олон жил хэлэлцүүлж, ярьж ирсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулган эхэлмэгц өргөн барина гэж Ерөнхийлөгч мэдэгдсэн.  Тус хуулийг шинэчлэх нь авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, намын санхүүжилт хандивыг ил болгох зэрэг олон чухал асуудлыг шийдэх ач холбогдолтой.

Түүнчлэн нийгмийн анхаарлын төвд байгаа Хөгжлийн банкийг хянан шалгах үүрэг бүхий УИХ-аас томилсон Ажлын хэсэг шалгалтын хүрээгээ өргөтгөх санал гаргасан. Тэд УИХ-ын хаврын чуулган эхлэхэд шалгалтын Ажлын хэсгийг Хянан шалгах түр хороо болгон өргөжүүлэх санал дэвшүүлэхээ мэдэгдсэн юм. Мөн хяналтын сонсгол хийхээр төлөвлөжээ.

Чуулган эхэлмэгц сайд нарын халаа сэлгээ, Үндсэн хуулийн Цэцэд хандсан асуудал хөндөгдөх юм. Тухайлбал, АН-ын хоёр гишүүн давхар дээлийн асуудлаар Цэцэд хандсан. Мөн шинээр байгуулагдсан хоёр яамны сайдыг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Одоогоор Эдийн засаг, хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар түр хугацаагаар давхар хариуцуулж буй. Дээрх хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Х.Батжаргал, Б.Болор-Эрдэнэ нарыг томилжээ. Цахим хөгжил, харилцаа холбооны яам газрын дарга нарын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан байна.

Энэ удаагийн хаврын чуулганаар Жагсаал цуглааны журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг олон жил яригдсан хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулахаар зэхэж байна.


ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ АРХИДАЛТТАЙ ТЭМЦЭХИЙГ УРИАЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган Төрийн ордонд гуравдугаар сарын 14-нд болж болов.

Сонгогдсоноосоо хойш нам гүмхэн байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрэгтэйчүүдийн чуулганыг нээж үг хэлсэн юм. Тэрбээр  эрчүүдийн ухамсар, хариуцлагыг шинэ түвшинд гаргах ёстойг онцолж, эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалт 10 жил болж өөрчлөгдсөн байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм.

У.Хүрэлсүх хэлэхдээ, "Эр хүн өвдөггүй, эр хүн уйлдаггүй зэрэг үгнээс болж  хэнэггүй байдал газар авснаас болоод эрүүл мэнддээ тавих анхаарал сул байна.

Гэр бүл хүчирхийлэл үйлдэгчдийн  97.4 хувь нь эрчүүд байна. Монгол эрчүүд гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага ёс зүйгээ хангалттай хэмжээнд хүлээхгүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл, салалт зэргээс болж эрчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг унагааж байна. Цаашид ийм байдлаар үргэлжлүүлж болохгүй. Бидний зовлонгийн нэг шалтгаан архинд донтох эмгэг байна. Архидалт хэзээ ч сайнаар дуусдаггүй. Эрчүүд архийг ууж байна гэж боддог. Гэтэл биднийг гэр бүлтэй улс үндэстэнтэй нь  ууж байна.

"Монгол гэр бүлийн сайн сайхны төлөө архигүй Монгол, Эрүүл Монгол хөдөлгөөнийг өрнүүлцгээе. Архины эсрэг нэгдэн тэмцэцгээе” гэж мэдэгдсэн.

Улмаар архидалтын эсрэг кампанит ажил явуулна гэснийг иргэд шүүмжилсэн байр суурийг илэрхийлсэн. Тодруулбал, архидалт их байгаагийн шалтгаан нь ажилгүйдэл, хавтгайрсан халамж гэдгийг иргэд онцолж, үүний эсрэг ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдээ ажилтай орлоготой байлгахыг сануулсан юм.


АТРЫН ДӨРӨВДҮГЭЭР АЯНЫГ ӨРНҮҮЛНЭ

Монгол Улсын Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар Атрын дөрөвдүгээр аяныг өрнүүлэх шийд гаргасан.  Энэ хүрээнд, хүнсний ногоо тариалалтын намрын дүнгээр стандартын шаардлага хангасан ил тариалалтад тонн тутамд 100 мянган төгрөгийн татаас өгөхөөр боллоо. Мөн хүлэмжийн аж ахуй эрхэлдэг нэгжүүдэд эрчим хүчний төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх хугацааг аравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 01-н хүртэл сунгаж өглөө. Цагийн хувьд 18:00-06:00 болгосон.

Түүнчлэн 2022 оны хаврын тариалалтад зориулж улсын төсвөөр худалдан авсан таримлын үнийг 80 хувь хөнгөлөлттэй олгох шийд гаргасан. Хаврын тариалалт, намрын ургац хураалтад 22.5 мянган тонн шатахуун шаардлагатай. Үүнийг мөн 50 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох шийд гаргалаа.

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас энэ жил 13.8 тэрбум төгрөгийн дэмжлэг гаргана. Өнгөрсөн жилийн ургац хураалтаар 567 мянган тонн үр, тариа хурааж авсан. Үүнээс борлуулагдаагүй 50 мянган тонн үр, тариа үлдсэн. Түүнийг хаврын тариалалт эхлэхээс өмнө нөөц бүрдүүлэх болсон. Ингэснээр хаврын тариалт хугацаандаа эхэлнэ. Малчдад зориулсан хөдөө аж ахуйн зээл гаргасан байгаа.

Нийт 400 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй зээлийг хөдөө аж ахуйн салбарт олгох шийдвэр Засгийн газраас гаргасан. Газар тариалангийн 100 тэрбум төгрөгийн зээл олгоно.

Нэг онцлог нь хүнсний ногоочдод 50 тэрбум төгрөг, ноос бэлтгэлд 25 тэрбум, арьс ширний бэлтгэлд 15 тэрбум төгрөг, ноолуурын үйлдвэрийн түүхий эд бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх 150 тэрбум төгрөгийг дэмжлэг болгож гаргалаа. Хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүү болох 7.5 хувийг төлөх шийд гарсан байгаа.


ЦАХИЛГААН МЕНИНГИТИЙН ХАЛДВАРААС ҮҮДЭН ХӨСҮТ ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН ХӨЛД ДАРАГДАВ

Нэг айлын хоёр хүүхэд цахилгаан менингитийн халдвараар өвдөж нэг нь нас барсан харамсалтай тохиолдол гарсан.  Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэхдээ “Энэ жил Сонгинохайрхан дүүргийн нэг гэр бүлийн хоёр хүүхэд халдвараар өвдсөн. Нэг нь нас барж, нөгөө нь биеийн байдал нь хүнд байна. Тиймээс халдварын тархалт их байгаа энэ үед бага насны хүүхдүүдийн дархлааг дэмжиж, эрүүл мэндэд нь анхаарах хэрэгтэй. Вакцины цэгийг одоогоор нэмэхгүй” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн биеийн байдал сайжирч байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэв. Харин нас барсан хүүхдийн хувьд эмнэлгийн тусламж авахаас оройтсон байжээ.

Цахилгаан менингитийн халдвар нь хүндэрвэл хүүхэд тархины саажилттай болохоос гадна амиа алдах эрсдэлтэй тул айж сандарсан эцэг эхчүүд Халдварт өвчин судлалын үндэсний төвд олон цагаар дугаарлан 2-6 насны хүүхдүүддээ вакцин хийлгэх болсон юм. Албаны хүмүүсийн мэдээллээр, менингит өвчний голомт Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан дүүрэгт голчлон бүртгэгдсэн байна.


МОНГОЛ УЛСАД АНХНЫ ЭМЭГТЭЙ ГЕНЕРАЛ ЦОЛТОН "ТӨРӨВ"
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол цэргийн өдрөөр /2022.3.18/  цэргийн дээд цол, төрийн дээд цол, одон, медаль гардуулсан.  Энэ үеэр Монголын анхны эмэгтэй генерал цолыг Батлан хамгаалахын их сургуулийн Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Г.Болорт хүртээсэн.
Ганболд овогтой Болор нь сонсогч байхаасаа сурлага, эрдэм мэдлэг боловсролоороо тэргүүлж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, хугацаанаасаа өмнө дэслэсч цолоор шагнуулж, курсийн орлогч, Цэргийн их сургуулийн Сонсогчдын холбооны дарга зэрэг сонгуульт ажлуудыг сайн гүйцэтгэж үеийн сонсогчдоо удирдан манлайлж захирагч, дарга нараас цөөнгүй удаа сайшаагдаж байсан.

Тэрбээр цэргийн сургуулийн анхны зургаан эмэгтэй сонсогчдийн нэг. АНУ-ын Нисэх хүчний команд штабын коллежийг төгссөн анхны монгол эмэгтэй офицер. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны монгол офицер. НҮБ-ын Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ийн UNMISS ажиллагааны  хүчний штабын холбооны хэлтсийн даргаар ажилласан анхны эмэгтэй гэдгээрээ онцлог юм.


 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж