Хонгконг дахь “AsiaWorld-Expo” төвийг Covid-19-ийн халдвартай өвчтөнүүдэд зориулж тусгаарлах байр болгосон. 8 м/кв талбайтай өрөөнүүд өвчтөнөөр дүүрч, түргэний машин ирж нас барагсдын цогцсыг авч явж байгаа аж.
Тусгаарлах байранд ажиллаж буй 22 настай сувилагч Лили нөхцөл байдлыг хар дарсан зүүд гэж хэллээ. “Заримдаа хүндэрсэн өвчтөнг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай болдог. Гэвч түргэн тусламж ирэхийн тулд нэгээс хоёр хоног шаардагдаж байна” гэв.
Эмч, эмнэлэгийн ажилтны хүрэлцээ муу, хоёрхон сувилагч 150 өвчтөнийг асарч буй гэв. Тэднийг газар дээрх нөхцөл байдлын талаар хэвлэлд ярихгүй байхыг тушаасан байна.
Долоон сая гаруй хүн амтай Хонгконг хэдхэн долоо хоногийн өмнө хамгийн аюулгүй газруудын нэг байсан бол өдгөө дэлхийн хэмжээнд Covid-19-ийн нас баралтаараа тэргүүлж эхэллээ. Тухайлбал, хоёрдугаар сарын 18-ны байдлаар нийт 259 хүн цар тахлаар нас барав. Сарын дараа энэ тоо 4600 болж өссөн байна. Энэ нь 1.4 тэрбум хүн амтай Хятадад бүртгэгдсэн нас баралтын тоотой эн тэнцэж байна.
Ахмад настнуудын дунд вакцинжуулалтын түвшин маш бага байгаа ба нас барагсдын 90 орчим хувь нь 60 ба түүнээс дээш настай иргэд байгаа аж. Морг, эмнэлэгүүд цогцос хадгалах зайгүй болж, далайн тээврээр ирэх шинэ авснуудыг хүлээж байна.
Эх сурвалж: LOS ANGELES TIMES
Холбоотой мэдээ