Жо Байден болон Ши Жиньпин нар өчигдөр /2022.03.18/ хоёр цаг орчим видео дуудлага хийж цаг үеийн асуудлаар хэлэлцлээ.
АНУ-ын ерөнхийлөгч Орост туслахгүй байхыг Хятадад зөвлөсөн боловч цахим уулзалтын дараа Цагаан ордон Бээжингийн хөндлөнгийн оролцоотой холбоотой санаа зовнил арилсангүй гэж мэдэгджээ.
Албаны хүмүүс уг ярилцлагыг шууд бөгөөд бодитой болсон гэж тодорхойлж буй хэдий ч үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Мэдээж удирдагчдын хэлэлцүүлгийн дийлэнх хэсэг нь Орос, Украины дайн дээр төвлөрсөн ба энэ хямрал нь АНУ, Хятадын харилцаа, цаашлаад олон улсын дэг журамд ямар үр нөлөө үзүүлэх тал дээр ярилцжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн Ши Жиньпинтэй шууд ярилцсан гол зорилго нь Хятад улс яг хаана байгааг олж мэдэх явдал байсан. Гэвч Жо Байден тэдний хаана байгаа талаар тодорхой ойлголттой болж чадсан эсэх нь тодорхойгүй. Тэрбээр Ши Жиньпинд ямар нэгэн тодорхой хүсэлт тавиагүй гэж Цагаан ордон мэдэгдэв.
“Хятад улс хаана зогсох, түүхийн номууд дээр ямраар дуурсагдаж үлдэхээ өөрсдөө шийдэх ёстой” гэж Цагаан ордны Төрийн нарийн бичгийн дарга Жен Псаки хэллээ.
Хоёр улсын албаны төлөөлөгчид ерөнхийлөгч нарын хүсэлтээр ойрын өдрүүдэд дахин хэлэлцээ хийх болжээ. Мөн Байден ирэх долоо хоногт Бельгийн нийслэл Брюссельд болох НАТО-гийн ээлжит бус чуулганы үеэр барууны бусад удирдагчидтай Хятадын тухай хэлэлцэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ