Жил жилийн хавар махны үнэ тэнгэрт хадаж, мах “магнаг” болдог. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс ч илүүтэй хөөрөгдөл, үүсэв. Тэгвэл нийслэлийн Статистикийн газрын мэдээлснээр үхэр, хонины ястай махны үнэ 360-600 төгрөгөөр буурчээ. Тодруулбал, энэ долоо хоногт хонины ястай мах нэг килограмм /кг/ нь дунджаар 12310 төгрөг, үхрийн ястай мах 13847 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 696 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 37 төгрөгөөр, хонины ястай махны үнэ 360 төгрөгөөр, хонины цул махны үнэ 584 төгрөгөөр тус, тус буурчээ.
Дашрамд дурдахад, 2022 онд нийслэлчүүдийн хэрэглэх нөөцийн махыг бэлтгэх, ханган нийлүүлэх ажлыг өнгөрсөн долдугаар сараас эхлүүлсэн. Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил нийт 13 мянган тонн махыг бэлтгэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд 13 мянган тонн махны нөөц бүрдүүлэхээр 23 аж ахуйн нэгж ажиллаж, бэлтгэл ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүд 12 мянган тонн мах нөөцөлжээ. Нөөцийн махны худалдааг ирэх гуравдугаар сард Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулна.
Хэдийгээр сайн, муу хэл ам дагуулдаг ч нөөцийн махны худалдаа иргэдийн нуруун дээрх ачааг бага ч болов нимгэлдэг. Харин энэ жил нөөцийн мах хэзээ худалдаанд гарч иргэдийн гарт хүрэх нь одоогоор тодорхойгүй байна.
Холбоотой мэдээ