Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
"СЗХ-НД БҮРТГҮҮЛСЭН ХҮМҮҮС Л КОЙН ГАРГАНА"
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийг даган гарах журмуудад Санхүүгийн зохицуулах хороо санал авч байгаа. Хуулийн онцлох заалт болон койнтой холбоотой ямар зохицуулалт орсныг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнгээс тодрууллаа.
-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг намрын чуулганаар баталсан. Энэ хуулийн онцлох зүйл заалт нь юу байв. Хуульд койнтой холбоотой ямар эрх зүйн зохицуулалт орсон бэ?
-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль арванхоёрдугаар сарын 15-ны өдөр УИХ-аар батлагдсан. Хууль хоёрдугаар сарын 24-нөөс хэрэгжиж эхэлсэн. Хуульд шилжилтийн үеийн зохицуулалтыг нарийн оруулж ирсэн. Тухайлбал, шилжилтийн үеийн зохицуулалт гэдэг нь нэгдүгээрт, хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш дөрвөн сарын дараа Санхүүгийн зохицуулах хороо Виртуал хөрөнгө үзүүлэгчийг бүртгэнэ гэж заасан. Энэ дагуу ирэх зургадугаар сарын 25-ны өдрөөс бүртгэл эхэлнэ. Харин одоо үйл ажиллагаа явуулж буй платформ биржүүд бүртгэл эхэлснээс хойш гурван сарын дотор бүртгүүлсэн байх ёстой. Нэг ёсондоо одоо үйл ажиллагаа явуулж буй платформ биржүүд есдүгээр сарын 26-ны дотор бүртгүүлэхийг хуульд тусгаж өгсөн.
-Хэрвээ дээрх хугацаанд амжиж бүртгүүлээгүй бол койн гаргах эрхгүй гэсэн үг үү?
-Ямарваа нэгэн шалтгаанаар бүртгүүлж чадаагүй, хуулиар тавьж буй шаардлагыг хангаж чадаагүй компаниудын үйл ажиллагаа нь зогсоно гэсэн үг. Мөн энэ хууль зах зээлийг зохицуулсан хууль биш. Зөвхөн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу бирж, платформыг зохицуулна. Өөрөөр хэлбэл, койн худалдаж аваах хохирсон гэх асуудлыг зохицуулахгүй. Нөгөө талаас хуулиар бас нэг айхавтар зохицуулалт орсон нь койн буюу олон нийтэд санал болгож байгаа койн, токеныг зөвхөн биржээр буюу платформ дээр гаргана. Ихэнх нь ICO буюу өөр дээрээ гаргаад байна шүү дээ. Тиймээс өөр дээрээ гаргадаг койныг Монгол Улсад гаргахыг хориглосон. Зөвхөн биржээр буюу платформоор дамжуулж гаргана.
-Монголын зах зээл дээр койн арилжаалдаг нийт хэчнээн компани бүртгэлтэй байна вэ. Өнгөрөгч онд иргэд койн гээд нэлээд хошуурсан. Койн аваад хохирсон бол хаана хандах ёстой юм бол?
-Ер нь 2021 оноос онд койны талаарх асуудал Санхүүгийн зохицуулах хорооны чиг үүрэгт байгаагүй. Хууль батлагдсанаар бүртгэх, зохицуулах чиг үүрэг орж ирж байна. Нийт 14 удаагийн анхааруулга мэдээллийг иргэдэд зориулж гаргасан. Нэгдүгээрт, иргэдийг койнтой холбоотой үйл ажиллагаанд оролцохдоо болгоомжтой байгаарай гэдгийг анхааруулсан. Яагаад гэвэл койны үйл ажиллагаа уламжлалт бус, технологид суурилсан, санхүүгийн бүтээгдэхүүнд тооцогддоггүй учраас ямар нэгэн даатгал байхгүй, хамгаалалт байхгүй, зохицуулалт хийх боломжгүй. Ханшийн маш өндөр савалгаатай. Жишээ нь нэг төгрөг байснаа 100 төгрөг болоод дараа нь 0 төгрөг болох тохиолдол байна. Яг тэр процессыг олон улсаас анхааруулдаг.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"АРХИАР ШАХВАЛ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ"
Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, аюулгүй байдал судлаач Ж.Цогтсугартай ярилцлаа.
-“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган өчигдөр /2022.03.14/ Төрийн ордонд боллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол эрчүүдийг архи ууж байна" гэдэг үгийг онцлон хэлсэн. Монголд архидалт хэр газар авсан юм бэ. Харин ч нэг үеэ бодоход иргэд архийг зохистой хэрэглэдэг болсон юм биш үү?
-Чухам юутай жишиж, Монголд архидалт хэвийн хэмжээнд байна гэж үзэж байна вэ. Амьдралын гүнд судалгаа хийж, тэр хүмүүстэй ажиллаж, амьдарч буй хүний хувьд нийгэмд архидалт улам газар авч байна. Учир нь энэ асуудал эрчүүдээс хальж, эмэгтэйчүүдийн архидалт нэмэгдсэн. Гудамжинд архинд донтох эмгэгтэй залуус олширчээ. Тэр дунд эмэгтэйчүүд ч цөөнгүй байгааг харж байна шүү дээ.
Миний хувьд одоо архины зохистой хэрэглээ гэдэг үгийг шүүмжилж, тэмцэхээ больсон. Тодорхой үе шатанд зорилго маань хүрч, ханалаа. Би монгол эрчүүдийн төлөө олон жил тэмцсэн. Энэ асуудалд төрийг хөдөлгөх гэж зарим чиг үүргийг сайн дураараа гүйцэтгэж, өөрсдийгөө зовоож, дэмжлэг тусламж гуйж явсан байна. Одоо төрөөс энэ бодит байдлыг олж хараад, үндэсний чуулган зохион байгуулж, онол арга зүйн зөв шийдэл гаргаж байгаа нь сайшаалтай.
-Тэгэхээр архины зохистой хэрэглээ гэж байхгүй гэсэн үг үү?
-Энэ үг нь өөрөө их сонин юм. Архи, тамхины реклам дээр зохистой хэрэглээ гэдэг үгийг бичдэг. Тэр үгийг нь төрийн байгууллага авч, иргэдийг зохистой хэрэглэ гэж уриалж болохгүй. Та архийг хэрэглэхгүй байх боломж байсаар байтал заавал архи хэрэглэ гэдэг нь дэмжиж байгаагаас ялгаагүй. Хүнсэндээ махыг зохистой хэрэглэ гэж хэлж болно. Харин архи бол байнга хэрэглэх ёстой зүйл биш. Гэтэл насанд хүрээгүй хүүхдүүд архийг зохистой хэрэглэж болдог юм байна гэж ойлгож байна.
Би энэ бүхнийг 20 жилийн туршлагаараа мэдэж байна. Архинд донтохын зовлонг мэдэхгүй хүн л зохистой хэрэглээ гэж ярьдаг. Би эхэндээ их эмзэглэж, шүүмжлэлтэй ханддаг байсан. Одоо бол шүүмжлэхгүй буянаараа болог. Архийг хэтрүүлэн хэрэглэсэн үед эргээд зохистой хэрэглэх боломжгүй болдог юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ДАЙНААС БОЛЖ СҮҮЛИЙН 30 ЖИЛ БОЛООГҮЙ ХЯМРАЛ ҮҮСНЭ"
УИХ-ын гишүүн Т.Доржхантай Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болоод ОХУ, Украины дайн Монгол Улсын эдийн засагт ямөр сөрөг нөлөө үзүүлэх талаар ярилцлаа.
-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ хаврын чуулганаар хэлэлцэнэ. Энэ хууль ямар байдлаар шинэчлэгдэх ёстой юм бол гэдгээс ярилцлагаа эхлүүлье?
-Монгол Улс 1992 онд парламентын ардчиллыг Үндсэн хуульдаа тунхаглаад 30 жил болсон байна.
Парламентын засаглал гэдгийг намуудын бодлогын мэтгэлцээний талбар гэж энгийнээр ойлгох хэрэгтэй. Хэрвээ парламент намуудын бодлого ярьдаг талбар юм бол намууд өөрөө бодлогын институц байх ёстой.
Өөрөөр хэлбэл, намууд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, төлөвшсөн байгууллага болох ёстой юм. Монголын улс төрд 36 бүртгэлтэй нам байна. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 10 орчим нам бий. Институцийн шинж чанартай буюу тодорхой үзэл санаанд суурилсан, дүрмээ мөрддөг, гишүүнчлэлтэй, үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг нам гэвэл гарын таван хуруунд багтахаар цөөн байна. Улс төрийн намуудын дийлэнх нь нэг хүний “цүнхний” намууд байна. Цаасан дээрээ нам байгуулж 800 хүний гарын үсэг цуглуулсан ч гэсэн бодит байдалд нэг хүний нам байх жишээтэй. Гэтэл парламентын засаглал бол институцийн засаглал юм. Тэгэхээр Улс төрийн намын тухай хууль улс төрийн нам гэдэг институцийг бэхжүүлэхэд чиглэгдсэн байх учиртай. Энэ утгаараа парламентыг бэхжүүлэх, парламентын ардчиллыг төлөвшүүлэх, хөгжүүлэхэд маш их ач холбогдолтой.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зөв үү. Сонгуулийн тогтолцоог өөрчилснөөр улс төрд ямар эерэг өөрчлөлт гарах юм бол?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж байгаа. Энэ хүрээнд парламентад суудалтай, суудалгүй бүх намууд парламентын ардчилал руу зуун хувь шилжье гэж тохирсон.
Үндэслэл нь юу байсан гэвэл хоёрдугаар сард болсон Казахстаны асуудал байлаа. Нэг хүний засаглал ямар хэврэг юм бэ гэдгийг харлаа. Үүнээс улбаалж улс орон, газар нутаг, тусгаар тогтнолоо алдах нөхцөл байдал үүссэн.
Хоёрдугаарт, Украин, ОХУ-ын дайны асуудал олны анхааралд байна. ОХУ жишээ нь ерөнхийлөгчийн засаглалтай буюу нэг хүн засагладаг. Өөрөөр хэлбэл, улсдаа хамгийн их рейтингтэй, хамгийн поп хувь хүн засаглаад байна гэсэн үг шүү дээ. Харин Монгол Улс сонгуулийн тогтолцоогоо өөрчилж чадахгүй бол дээрх улсуудын адилаар тусгаар тогтнол, газар нутаг, эдийн засгийн хараат бус байдал гэх мэт бүх зүйлээ алдах эрсдэл байгааг үгүйсгэхгүй. Үүнийг сөрөх тогтолцоо нь парламентын тогтолцоо. Энэ агуулгаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх шаардлагатай. Парламентын ардчилал зохих ёсоор ажиллахад сонгуулийн пропорциональ тогтолцоо бол зайлшгүй.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"П.ОРХОНЫГ ХАМГААЛЖ ХУРАЛД ОРУУЛАХГҮЙ ГЭСЭН"
Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал гуравдугаар сарын 19-ний өдөр болно. Энэхүү хурлаар чөлөөт бөхийн холбооны дүрмийг шинэчлэн батлах, удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль, ерөнхийлөгчийн сонгууль зэрэг болох учиртай. Үүнтэй холбогдуулан тус хурлыг зохион байгуулах комиссын гишүүн, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяртай ярилцлаа.
-Удахгүй болох ээлжит бус хуралд хэчнээн хүн оролцох вэ?
-Зохион байгуулах комиссын мандатын комисс журмаа гарган нийтдээ 160 төлөөлөгч оролцох тоо нь гарсан. Өнөөдөр/2022.03.16/ 17:00 цагаар хуралд оролцох төлөөлөгчдийн анкет материалыг хүлээж авч, дуусгавар болно. Тэр үед л хуралд хэчнээн төлөөлөгч оролцох тоо нь тодорхой болно.
-Гавьяат тамирчин П.Орхон өөрийн нүүр номдоо “Би хуралд оролцмоор байна” гэсэн байна лээ. Яагаад түүнийг оролцуулахаас татгалзсан юм бэ?.
-П.Орхон гавьяаттай утсаар холбогдож, өнөөдөр уулзана. Мандатын комисс журмаа боловсруулахдаа П.Орхонтой холбоотой асуудал дээр тамирчнаа хамгаалах ёстой гэсэн үүднээс Спортын арбитрын шүүхээс өгөгдсөн шийтгэлийн хугацаа, мөн энэ хугацаанд дагаж мөрдөгдөх эрх, үүргийг нь маш сайн харах хэрэгтэй болсон. Манай холбооны гадаад харилцаа хариуцсан П.Буяндэлгэрээр бүхий л шийдвэрийг нь орчуулан, танилцсан. Тухайн шийдвэр дээр барилдах хугацаатай холбоотой заалт бий. Энэ оны есдүгээр сарын 16-ны хүртэл дөрвөн жилээр эрхээ хасуулсан. Мөн дэлхийн бөхийн холбоо болон түүний гишүүн байгууллагын зохион байгуулж буй тэмцээн уралдаан, үйл ажиллагаанд оролцох боломжгүй гээд заачихсан учир бид болгоомжлон тамирчин, дасгалжуулагч, шүүгчээ хамгаалж шийдвэр гаргах хэрэгтэй болсон. Үүнийг урьдчилж тооцохгүйгээр гаргасан шийдвэр сөрөг үр дагавар дагуулах эрсдэлтэй. Нэмэлт зөрчил гарах эрсдэл байсан учир мандатын комисс хэлэлцэн тамирчинд мэдэгдье, тайлбарлая гэж тогтсон. О.Пүрэвбаатар гавьяат байсан учир “Та энэ талаар тамирчинд хэлээрэй. Оруулахгүй байх нь зөв юм байна” гэсэн.
Хуралд оролцох, үг хэлэх эрхийг нь хязгаарлах гэхээсээ илүүтэйгээр тамирчнаа нэмэлт зөрчлөөс урьдчилан сэргийлж байна.
Өнөөдөр өөртэй нь холбогдоход “Тэрийг би ойлгосон. Хамгийн гол нь хуралд оролцох төлөөлөгчдийн нэрс гэдэг дээр миний нэр байхгүйд эмзэглэж байна. Яагаад гэвэл би дэлхийн аварга, гавьяат тамирчин хэвээрээ байгаа. Гэтэл миний нэрийг жагсаалтад оруулсангүй. Ядаж оруулчихаад доор нь тайлбараа бичсэн бол би өөрөө хараад ойлгох байсан” гэсэн. Редакцийн асуудал байсан ч тэр нэрс бол шууд мандат авч, хуралд оролцох гишүүдийн нэрс байсан. Энд оруулвал учрах эрсдэл байсан юм. Ерөнхийдөө ойлголтын зөрүү байгаа.
П.Орхон гавьяатын үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй. Гол нь үүнийгээ бичгээр өгчих. Үүнийг нь хурлын дарга танилцуулаад П.Орхон гавьяатын санал, үзэл бодол гээд танхимд танилцуулж болно гэж өнөөдөр ярьсан.
-Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр мөн хурал зохион байгуулах комиссын талаар шүүмжлэлтэй хандаж, “Би ормоор байна” гэж мэдэгдсэн. Комиссын гишүүдээ хэрхэн сонгосон юм бэ?
-Хурал зохион байгуулах комиссыг 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. 2021 оны арваннэгдүгээр сараас хойш асуудлаа ярьж байгаа. Үүнд чөлөөт бөхийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг ажлын аппарат, удирдах зөвлөлийн төлөөлөл, мөн хамгийн гол оролцогч тал нь чөлөөт бөхийн холбоог эрс шинэчлэх түр хороо гээд О.Пүрэвбаатар гавьяатаар ахлуулсан хорооноос Ц.Цогтбаяр гавьяат, З.Ойдов гуай, Л.Ням багш, Ж.Мөнх-Очир гуай гэсэн хүмүүсийг санал болгосон. Бүгд л бөхийн төлөөлөл, оролцогч талуудын эрх ашгийг хангах ёстой гээд энэ нэрсийг бүгдийг нь оруулъя гэж шийдсэн. Дараа нь хэн энэ комисст хурал зохион байгуулах эрх өгөх вэ гэсэн. Ингээд ярилцсаны эцэст Улсын дээд шүүхээс 2011 оны Чөлөөт бөхийн холбооны дүрэм бол үйл ажиллагааны үндсэн баримт бичиг болно гэж заачихсан. Ингээд 2011 оны холбооны Удирдах зөвлөлийн гишүүдээрээ хурлын товоо зарлуулж, комиссоо баталгаажуулъя гэдэг дээр бүгд санал нийлж, гарын үсгээ зурсан.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Холбоотой мэдээ