"Цэрэг, цагдаагийн албанд ажиллана гэдэг сайхан"

Хуучирсан мэдээ: 2022.03.18-нд нийтлэгдсэн

"Цэрэг, цагдаагийн албанд ажиллана гэдэг сайхан"

"Цэрэг, цагдаагийн албанд ажиллана гэдэг сайхан"

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ой өнөөдөр /2022.03.18/ тохиож байна. Энэ өдрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол, төрийн дээд цол, одон медаль гардууллаа. Ингээд шагнал хүртсэн хүмүүсийн төлөөллөөс сэтгэгдлийг нь хуваалцаж байна.


ЦААШИД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АЛБАНД ХҮЧИН ЗҮТГЭНЭ

Нийслэлийн Тэргүүний Ерөнхий боловсролын “Тэмүүжин Өрлөг” сургуулийн аравдугаар ангийн сурагч Д.Хүчитбаатар:

-Өнөөдөр “Шударга журам” медалиар шагнууллаа. Амьдралдаа анх удаа ийм том шагнал авч байгаа учраас их баяртай байна. Миний хувьд хоёрдугаар сарын 15-нд Гачууртын чиглэлд явж байсан эмэгтэй жолоочтой автобус шатахад дотор байсан хүмүүсийг гаргаж, асч буй галыг унтраахад тусалсан. Үүгээр хүмүүс их таньдаг болсон. Цэрэг, цагдаагийн албанд ажиллана гэдэг сайхан. Тиймээс цаашид энэ чиглэлээр үргэлжлүүлэн суралцаж, хүчин зүтгэнэ гэж боддог.

Зэвсэгт хүчний нийт алба хаагчдадаа баярын мэнд хүргэе. Монгол цэргийн өдрөөр шагнал хүртэж байгаа сурагч, сонсогч болон бүх албан хаагчдад халуун баяр хүргэж байна.

 

ШУДАРГА ЖУРАМ МЕДАЛИАР:

  • Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаа Мягмарын Гянтболд,
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч Бат-Эрдэнийн Содномцэрэн,
  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин Өрлөг” сургуулийн сурагч Даваасүрэнгийн Хүчитбаатар нарыг шагнасан юм.

25 ЖИЛ АЖИЛЛАСАН ХӨДӨЛМӨРИЙГ МИНЬ ТӨР ӨНДРӨӨР ҮНЭЛЛЭЭ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл хамгаалалтын тасгийн дарга В.Даваадорж:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнуулж байгаадаа баяртай байна. Би 25 жил цагдаагийн албанд ажилласан. Энэ хугацаанд мөр зэрэгцэн ажиллаж байгаа алба хаагчдын ажил хөдөлмөрийг иргэд болоод төр өндрөөр үнэлдэг гэдгийг мэдэрч яваа.

Амьдралын минь нэгэн сайхан тохиолдол өнөөдөр бүрдэж байна. Та бүхэнд баярлалаа. Цагдаагийн нийт алба хаагчид болон Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд баярын мэнд хүргэж байна.

 

 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа 429 дүгээр ангийн авто, тоног төхөөрөмжийн механикч Дашийн Эрдэнэбаатар,
  • Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл хамгаалалтын тасгийн дарга Владимирын Даваадорж,
  • Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны референт, цагдаагийн хурандаа Бадарчийн Цэнгэлбаяр,
  • Хил хамгаалах ерөнхий газрын Хүний нөөцийн бодлого, зохицуулалтын газрын дарга Хаянхярваагийн Гантулга,
  • Хилийн цэргийн 0108 дугаар ангийн автозамын хилийн боомтын сургалт, сэтгэл зүйн хангалтын орлогч Батсүхийн Энхбаяр,
  • Төрийн тусгай хамгаалалтын газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ажилтан Энхбаярын Золжаргал,
  • Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Түвшинсайханы Баярхүү нарыг шагналаа.

15 НАСНААСАА ЭХЛЭЭД 45 ЖИЛ ҮЛЭЭВЭР НАЙРАЛ ХӨГЖИМ ТОГЛОЖ БАЙНА

Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга асан, бэлтгэл хурандаа Г.Цэрэнсүх:

-15 наснаасаа эхлээд энэ салбарт эргэж буцалтгүйгээр орсон. Нийт 45 жил үлээвэр, найрал хөгжим тоглож байна. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цэргийн хөгжмийн сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх “Соёмбо чуулга” зэрэг урлагийн газарт ажилласан. Энэ хугацаанд цэргийн сурагчаас эхлээд хурандаа цол хүртэл хүчин зүтгэлээ. Төр засаг хөдөлмөрийг минь өндрөөр үнэлсэнд талархаж байна.

Энэ завшааныг ашиглаад цэргийн хөгжимд хамт ажиллаж байсан уран бүтээлч болон хамтран зүтгэгч нартаа баярын мэнд хүргэж, сайхан бүхний дээдийг хүсье.

 

 

ШАГНУУЛАХ МЭДЭЭ СОНСООД ИХ САНДАРСАН

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 115 дугаар ангийн шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Г.Бямбасүрэн:

-Хөдөлмөрөө үнэлүүлж төрийн дээд шагнал хүртэж байгаадаа их баяртай байна. Шагнуулах мэдээ сонсоод сандарсан. Төр хөдөлмөрийг үнэлж, хамт олон минь шагналд тодорхойлж өгсөнд талархаж байна. Онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүнд “Монгол цэргийн өдөр”-ийн мэнд хүргэе.

ОЛОН ХОНОГ НОЙР, ХООЛГҮЙ АЖИЛЛАЖ 150 ГАРУЙ ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛСАН

Онцгой байдлын ерөнхий газрын хошууч Г.Энхтүвшин:

-Онцгой байдлын албанд ажиллана гэдэг бол тэсвэр хатуужил, гэр бүлийн ойлголцол гээд олон зүйл шаардана. Өдөрт 70 км алхана. Нойр хоолгүй олон хоног хээрийн түймэр унтраахаар явна. Энэ бүхэнд гэр бүлийнхэн минь хүлээцтэй ойлгодогт баярлаж явдаг.

Миний хувьд ажиллах нийт хугацаандаа 150 гаруй хүний амь нас, эд хөрөнгө зэргийг авран хамгаалсан. 9000 гаруй ахуйн болон ой хээрийн түймрийн дуудлагад ажилласан. Энэ хөдөлмөрийг минь төр өндрөөр үнэлж байна. Нийт эрчүүддээ цэргийн баярын мэнд хүргэе.

 

 

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАД НАСААРАА АЖИЛЛАСАН

Тагнуулын ерөнхий газрын Үндэсний тагнуулын академийн төвийн дарга, зөвлөх профессор Д.Чимэд-Юндэн:

-Өнөөдөр монгол цэргийн баярын өдөр тохиож байна. Төрийн өндөр дээд хүндэт одон медалиар шагнуулж буйдаа мөн баяртай байна. Тагнуулын байгууллагад насаараа ажилласан зүтгэлийг минь үнэллээ. Энэ бол том хүндлэл, талархал. Тиймээс хамтран зүтгэж байсан үе үеийн алба хаагчид болон тагнуулын байгууллагын удирдлагууддаа талархал дэвшүүлж байна.

ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Жанчивын Чойндон;
  • Монгол цэргийн нэгдсэн холбооны Ажлын албаны чиглэлийн ажилтан, цагдаагийн хурандаа Жалавын Бумнанжид;
  • Тагнуулын ерөнхий газрын Үндэсний тагнуулын академийн төвийн дарга, зөвлөх профессор Доржготовын Чимэд-Юндэн нар шагнуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж