"Онош тодрохгүй бол сүрьеэ байх магадлалтай"

Хуучирсан мэдээ: 2022.03.18-нд нийтлэгдсэн

"Онош тодрохгүй бол сүрьеэ байх магадлалтай"

"Онош тодрохгүй бол сүрьеэ байх магадлалтай"

Цар тахал дэгдсэн үед эрүүл мэндийн бусад тусламж үйлчилгээ хаягдсаны нэг нь сүрьеэгийн өвчлөл. Халдварт өвчний дунд нас баралтаараа нэгдүгээрт жагсдаг уг өвчин хэний ч хайхрахгүй атал чимээгүй тахал болж харанга дэлдэх болов. Улсаараа Covid-19 халдварын сүүдэрт нэрвэгдсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд сүрьеэгийн тохиолдлын тоо, илрүүлэг буурсан ч нас баралт ихэсчээ.

Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ц.Билэгсайхан “Сүрьеэ өвчний шалтгаант нас баралт ихэсч байгаа нь эрт илрүүлэг, эмчилгээг сайжруулах ёстойг харуулж байна. Олон улсад ч энэ тоо баримт ижил хандлагатай байгаа. Тохиолдлын тоо буурч байгаа нь өвчлөл буурснаас эсвэл идэвхтэй тандалт, хариу арга хэмжээ хязгаарлагдмал байгаагаас гэсэн хоёр шалтгаантай. Илрүүлэг буурч байгаа нь COVID-19-өөс шалтгаалж хүн хүчний дэд бүтцийн тоног төхөөрөмжийн хязгаарлагдмал байдал үүссэнтэй холбоотой” гэдгийг хэлж байв.

Жил бүр 4000 гаруй хүн “сүрьеэтэй”  гэсэн онош сонсч, 200 орчим хүн нас барж байгаа нь энх цагийн эмгэнэл. Тэр дундаа 18-50 хүртэл насныхан энэ өвчинд хамгийн их нэрвэгдэж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Гэтэл улсын хэмжээнд илрүүлэг хангалтгүй байгаа нь өнөөх л Covid-19 халдварын нөхцөл байдлаас шалтгаалжээ.

Тоон мэдээллээр, 2020 онд сүрьеэгийн 3104 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2021 онд 1981 болж буурчээ. Илрүүлгийн хувьд 2020 онд 29.9 хувьтай байсан бол 2021 онд 19.1 хувь болж буурчээ. Тухайлбал, ХӨСҮТ-өөс 2021 онд нийт 1350 далд халдвар бий гэх тооцооллыг гаргажээ.

Гэвч энэ үзүүлэлт хангалтгүй түвшинд буюу 177 далд халдварын тохиолдлыг л оношилж, эмчилгээнд хамруулжээ. Тэгвэл Монгол Улсад 2014-2015 онд хийгдсэн Сүрьеэгийн үндэсний дархлалтын судалгаагаар гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн далд халдвартай байна гэсэн тооцоолол бий.

Энэ үзүүлэлт өнөөдөр хэд дахин өссөнийг  хэлэх боломжгүй. Учир нь цар тахлын нөхцөл байдалд сүрьеэ өвчний илрүүлэг, оношилгоо, эмчилгээ хөсөр хаягдаж далд халдвар авсан хүний тоо хяналтаас гарсан гэхэд хилсдэхгүй.

Гэтэл сүрьеэ өвчин нь удаан хугацаанд эмчлэгддэг, нэг өвчтөний эмийн зардал дунджаар 8-10 мянган ам.долларыг зарцуулдаг байна.  Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн  олон эмгэг сүрьеэгийн Тасгийн эрхлэгчээс  А.Оюунчимэгээс тодрууллаа.

ЦАР ТАХЛЫН ҮЕД СҮРЬЕЭ ИЛРҮҮЛЭХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД ЭВДЭРСЭН

Иргэдийн дунд сүрьеэ өвчнийг зөвхөн уушгиных гэж ойлгох нь нийтлэг. Гэтэл арьс, нүд, тархи зэрэг маш олон төрөл байна. Энэ мэтчилэн  бусад сүрьеэ өвчний  тохиолдол хэр их бүртгэгддэг вэ?

-Улсын хэмжээнд сүрьеэ өвчний тархалт маш өндөр. Энэ өвчний батлагдсан нийт тохиолдлын 40 орчим хувийг уушгины бусад эрхтэний сүрье эзэлдэг. Сүрьеэгээр өвдөхгүй эрхтэн гэж байхгүй. Нүд, арьс, хэвлий, дотор эрхтэн, үе мөч, ясны сүрьеэ зэрэг маш олон төрлийн бүх төрлийн эд эрхтэнийг гэмтээж болно. Ямар эд эрхтэнийг өвчлүүлсэн бэ гэдгээс шалтгаалан шинж тэмдэгүүд нь өөр.

Жишээ нь, хэвлий эрхтэний сүрьеэ гэхэд түгжрэх, гүйлгэх улмаар цоорох аюултай. Тархины сүрьеэ гэхэд менингит болж хүндрэх эрсдэлтэй. Гэхдээ уушгины бусад сүрьеэ халдваргүй өвчний тоонд ордог. Ямар ч өвчин цаг хугацаа алдаж  эмчилгээ хийлгэхгүй удах нь эмчилгээний үр дүн удаашрах, хүндрэх улмаар амь насаа алдах ч эрсдэлтэй.

Тухайлбал, тархины эдийн сүрьеэ нь менингит хүндрэлтэй, нас баралтаар төгсч болно. Мөн хэвлийн сүрьеэ нь гэдэс үрэвсч нарийссаны улмаас түгжрэл болж эмчлэгдэхгүй цаг алдвал муугаар төгсөх нь бий.

Бүрэн эмчлэх боломжтой юу. Тухайлбал, тархи, хэвлийн сүрьеэ ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Эрт илрүүлж чадвал сүрьеэг бүрэн эмчлэх боломжтой. Гэвч шинж тэмдэгээ мэдэхгүй, хугацаа алдсанаас болж өвчнийг хүндрүүлж байна. Хамгийн гол нь ямар эд эрхтэнийг гэмтээснээс хамаарч тухайн эд эрхтэнийг барьсан шинж тэмдэгүүд илэрнэ. Жишээ нь, хэвлийн сүрьеэ бол өтгөн хатах эсвэл гүйлгэх.

Тархины эдийн сүрьеэ гэхэд толгой маш хүчтэй өвдөх, өндөр халуурах, улмаар таталт өгөх. Арьсны сүрьеэ бол тууралт гарах, шарх эдгэхгүй байх, нүдний сүрьеэ бол улайх, нулимс гарах. Үе мөчний ясны сүрьеэ гэхэд тухайн үе мөчөөр өвдөх, хавдах, хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Тиймээс илрэх шинж тэмдэг өөр. Гэхдээ сүрьеэ өвчний нийт тохиолдлын 60-70 орчим хувийг уушгины сүрьеэ эзэлж байна. Энэ нь бидний сайн мэдэх ханиалгах, бие арзайх, өндөр биш халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Ихэвчлэн шөнийн цагаар халуурч бие арзайх нь илүү ажиглагддаг.

Таны хувьд сүрьеэ өвчний чиглэлээр 20 гаруй жил ажиллаж буй туршлагатай. Гэхдээ иргэдийн ойлголт хандлага дээрдсэн үү?

-Хүмүүс сүрьеэ өвчний тухай маш буруу ойлголттой байдаг. Сүрьеэ удамшдаг, зөвхөн ядуу эмзэг хүмүүс өвддөг, эдгэдэггүй, халдвар тараадаг гэх зэрэг ойлголтоос болж сүрьеэ өвчтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэгдэл маш их. Сүрьеэ бол удамшдаггүй. Амьсгалын замын халдварт өвчин тул хэн ч өвдөж болно. Тухайн хүний биеийн эсэргүүцэл, дархлаа, архаг суурь өвчнөөс хамаарна.

Цар тахлын үед иргэд Covid-19 халдвараар хэн ч өвдөж болно гэдгийг ойлголоо. Халдвар дэгдэж эхэлсэн үед Covid-19-өөр өвдсөн хүмүүсийг маш их ялгаварлан гадуурхаж тусгаарлах хандлага маш их гарсан. Ийм хандлага сүрьеэгээр өвдсөн хүмүүст ч ажиглагдаж байна. Сүрьеэгээр өвдсөн хүн бүрийг халдвар тараадаг гэж хүн бүр ойлгодог ч тохиолдлын 50 гаруй хувь нь л халдвар тараах эрсдэл бий. Гэхдээ тухайн хүн эмийн эмчилгээнд орсон бол халдвар ялгаруулах эрсдэл эрс буурдаг. Тиймээс хэн ч өвдөж болно.

Гэтэл хүмүүс сүрьеэ өвчний оноштой гэдгийг сонсоод итгэж чадахгүй хүндээр тусгаж авах, эмчилгээнд орохгүй байх тохиолдол ч цөөнгүй. Тиймээс иргэд 6-12 сар эмчлүүлж чадвал эдгэх боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүмүүсийн хувьд эмчилгээгээ тасалснаас болж нас барсан тохиолдлууд ч бий.

Сүрьеэ өвчний нэг хүнд зарцуулах эмчилгээний зардал 10 мянган ам.доллар гэхээр улсаас зардлыг нь хариуцдаг уу. Хувь хүн өөрөө төлбөрөө хариуцаж байна уу?

-Сүрьеэ өвчний оношилгоо, эмчилгээг улсаас үнэ төлбөргүй хариуцдаг. Гэхдээ эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авах байдал рүү шилжиж байна. Иймд удаан хугацаанд ханиалгаж, турж, бие арзайх шинж тэмдэг илэрвэл харьяа дүүргийн эмнэлэгт оношлуулах бүрэн боломжтой. Сүрьеэ өвчний эмэнд мэдрэг эмчилгээ маш өндөр өртөгтэй. Зөвхөн эмийн эмчилгээ нэг  хүнийх 8-10 мянган ам.доллар байдаг. Энэ өндөр зардлыг одоогоор Глобал сангийн санхүүжилтээр шийдэж байгаа. Цаашид эрүүл мэндийн даатгал, улсын төсвөөс гарах шаардлага тулгарч байна. Энэ нь  магадгүй улсын төсөв, эдийн засагт томхон дарамт учруулахыг үгүйсгэхгүй.

Цар тахлын үед сүрьеэг илрүүлэх аппарат эвдэрсэн гэж сонслоо. Үүнээс болж сүрьеэгийн оношилгоо орхигдсон уу?

-“Глобал” сангийн санхүүжилт, Эрүүл мэндийн яамнаас нийслэлийн дүүрэг, аймаг бүрт маш их тоног төхөөрөмж нийлүүлсэн. Цар тахлын үед бүх рентген тоног төхөөрөмжийг ашиглаж маш их ачаалалтай байсны улмаас ихэнх нь эвдрэлд орсон гэсэн тооцоо судалгаа бий. Одоогоор зарим нь засагдаж байгаа. Гэхдээ эвдэрсэн тоног төхөөрөмжийг засч ажиллуулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө алдаж байна. Үүнтэй холбоотой сүрьеэг илрүүлэх үзлэгийн тоо, давтамж буурч байгаа.

Бас онош тодрохгүй тохиолдолд сүрьеэгийн шинжилгээ өгөхийг зөвлөх боллоо?

-Онош тогтохгүй тохиолдолд сүрьеэгээр өвдсөн байх магадлал өндөр. Эмнэлгүүдээр ажиллахад онош нь тодорхойгүй, хүнд тохиолдлууд нь сүрьеэ байх магадлал байдаг. Энэ өвчин хүндэрсэн тохиолдолд эрхтнүүдийг гэмтээж олон эрхтний сүрьеэ байх нь нийтлэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж