"Бүх ашигтай газрыг эрх мэдэлтнүүд хуваагаад авчихсан"

Хуучирсан мэдээ: 2022.03.18-нд нийтлэгдсэн

Live"Бүх ашигтай газрыг эрх мэдэлтнүүд хуваагаад авчихсан"

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан /2022.03.18/ эхэллээ. 


Өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ.

· Ерөнхий сайдын мэдээлэл: Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаар

· Бусад

14 : 11
2022-3-18

Зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй бол газар олгохгүй

Чуулганы эхэнд Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулга хийлээ.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:

Б.Мөнхбаатар

-Монгол Улсын газар өмчлөлийн тухай хууль 2003 онд анх батлагдаж хэрэгжсэн. Хамгийн сүүлд 2018 онд дахин батлагдаж, 2028 он хүртэл хэрэгжихээр сунгагдсан.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 663 мянган иргэн 68 мянга 91.6 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан.

Насанд хүрээгүй иргэдэд газар өмчлүүлэх асуудал өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотой 39 мянга 20 иргэн газар өмчилж авсан. Өвөлжөө, хаваржааны газрыг малчин өрх өөрөө эзэмшиж авах эрхтэй. 1 га газрыг эзэмшиж авна гэж хуульд тусгагдсан. Шинэ хуульд нийтийн газрыг хамгаалах нэлээд зохицуулалт орсон.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Газрын асуудалд бид маш болгоомжтой ханддаг. 2013 онд АН-ын Засгийн газар томоохон шинэчлэл эхлүүлж байсан. Мал аж ахуй эрхэлж байгаа иргэдийн дунд бэлчээр нутаг ус өвөлжөө, хаваржаанаас болоод хоорондоо зөрчилдөх буу барьж тэмцэлдэх болсон. Энэ асуудлыг зохицуулах зарчмын асуудал тусгагдсан уу. Иргэн бүрт 0.7 га газар өмчлүүлэх асуудал юу болж байна. Нэг талаасаа иргэд 0.7 га газар авахад хүндрэлтэй. Дэд бүтэцгүй газрууд байдаг.

Гэтэл томоохон аж ахуй нэгжүүд Яармаг, Нисэхэд газар авчихсан байдаг. Энийг яаж шийдвэрлэх юм бэ. Газрын нөхөн сэргээлтийн тухайд газрын доройтолд орсон хэчнээн газрын нөхөн сэргээгээд байна вэ.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:

-Газрын асуудал маш чухал байгаа. 2004 онд батлагдсан Газрын багц хуулийг бид гуравдугаар сарын 30-нд Засгийн газраар хэлэлцүүлж УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Шинэ хуулийн төсөлд С.Одонтуяа гишүүний хэлж байгаа асуудал тусгагдсан. Тухайлбал, малын бэлчээрийн аж ахуйтай холбоотой, бэлчээр маргааныг газрын хуульд шийдэж орж ирнэ. Нийт хүн амын 20 хувь нь газар өмчилж авсан. Энэ хуулийг үргэлжлүүлж байгаа. Ер нь сургууль цэцэрлэгийн газраас авдаг асуудлыг цэгцэлнэ. Газрыг нэгдсэн системд оруулна. Ингэснээр дураараа газар олгох асуудал үүсэхгүй. Шинэ хуульд нийтийн газрыг хамгаалах нэлээд зохицуулалт орсон.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Улаанбаатар хот гишгэх газаргүй боллоо. Цахим систем хийж байгаа нь сайн. Манай завхрал цахим системд байгаа юм биш. Өмнөх дарга нартай холбоотой. Б.Энхбаяр гишүүн газрын асуудлыг хөндөж тавьсан. Энэ асуудлаар тодруулга авъя.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:

-Газрын багц хуулиар нэлээд шинэтгэлийг оруулж ирж байгаа. Өөрөөр хэлбэл газар хэд хэдэн субъектээр олгогддог байсан. Тухайлбал, чөлөөт бүсийн захирагч, тухайн орон нутгийн удирдлагууд тусгай хамгаалалтын газар гээд. Одоо үүнийг нэг жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Хөдөө аж ахуйн яам, бэлчээрийн төлөвлөгөө, бэлчээрийг хаана явуулах уу, тусгай хамгаалалтын газар хаана яаж газар олгох юм зэрэг бүх асуудлыг нэгдмэл болгохоор оруулж ирж байна. Газар мэдээллийн нэгдсэн санд ордог байсан. Зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй бол газар олгохгүй.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Нийт монголчууддаа "Монгол цэргийн өдөр"-ийн баярын мэндийг дэвшүүлье. Надтай хамт алба хааж байсан бүх цэрэг, офицер, түрүүчид баяр хүргэе. Нэмж хэлэхэд дарга нар хугацаат цэргийн алба хаадгүй шүү. Энэ тал дээр анхаарч ажиллаарай. Улаанбаатар хот бетонон ширэнгэ болж, хойгуураа хөрсний бохирдолтой хүн амьдарч чадахааргүй хот боллоо.

Өнөөдөр олон яам байдаг. Ер нь яагаад хот ийм байдалд хүрчихэв ээ. 400 мянган өрх Улаанбаатар хотод амьдарч байна. Хот төлөвлөлтөө сайн хийж чадахгүй байна. Паркаа авъя гэж хэсэг залуус жагсаад байна. Улаанбаатар хотын төвд олигтой амрах парк байхгүй. Уулын аманд болсон болоогүй газар олгож байна. Хөдөө орон нутагт нөхцөл байдал хүнд байна. Хөшигийн хөндийд хэн хэн ямар газар авсан юм бэ. Дамар нь дуугарахаар хонх нь таг. Та нарын хариуцлагагүй байдлаас болж ард түмэн хохирч байна шүү.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:

-Улаанбаатар хот төвийн зургаан дүүрэг Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.01 хувь юм. Гэтэл амьдралын боломжийг хайж нийслэл рүү цугларсаар байтал хүмүүс овоорчихсон байна. Улаанбаатар зуувин хэлбэртэй хот. Налайх тал руу хөгжүүлэх гэхээр Хонхор хэсэгт цэвдэгтэй учир хөгжил явж чадаагүй.

Иймээс хүссэн хүсээгүй тэлэлт Яармаг руу явсан байдаг. Энэ дээр бидний алдаа газрын доод талын дэд бүтцийг нэгдсэн төлөвлөлтийг явуулж чадаагүй асуудал байгаа. Ер нь Улаанбаатар хот 45 дулааны шугамтай. Дулааны шугамаа дагаад хэдэн байшин босч байгаа.

Төвлөрсөн дэд бүтэц байхгүй нь нийслэл хотын сул тал болоод байна. Хөшигийн хөндийн төлөвлөлтийг энэ сарын 30-ны хурлаар ерөнхий төлөвлөлтийг батлуулна. Түүнтэй холбоотой хэсэгчилсэн төлөвлөлт хийнэ. Онгоцны буудал тойрсон дэд бүтцийг эхнээс нь зураг төсөвтэй нь хамт гаргаж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Сүүлийн зургаан жил УИХ-д сууж байна. Энэ зургаан жилийн хугацаанд Ерөнхий сайдын мэдээлэл дээр Ерөнхий сайд огт орж ирж мэдээлэл хийсэнгүй. Энэ бол сонгуулийн тогтолцооны гажиг. Нийт сонгогчдын 47 хувийг саналыг авчихаад УИХ-ын гишүүдийн 82 хувийг эрх баригчид эзэлж байгаа нь тогтолцооны буруу. Тэгэхээр дараагийн удаа Ерөнхий сайдын мэдээлэлд өөрсдөө орж ирэхгүй бол АН-ын бүлэг асуулт асуухгүй.

Газрын шинэтгэлд хэд хэдэн өөрчлөлтүүд 2012 оны АН-ын Засгийн газрын үеэс эхэлсэн. Кадастрын мэдээллийн сан зэрэг гурван санг санаачлаад бүртгэлийн ажлыг хийсэн. Байгаль орчны яам, аймгууд уялдаагүй байсныг холбосон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж