Мэргэжлийн хяналтын байгууллагаас өмнөх жилүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнгээс үзэхэд барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигч нар орон сууц, албан контор, ажлын байрандаа засвар үйлчилгээ хийх явцад барилгын даацын болон тусгаарлах хануудыг нүхлэх, буулгах, өрөө тасалгааны төлөвлөлтийг өөрчилж талбайн хэмжээг томруулах, инженерийн шугам сүлжээг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж угсрах зэргээс шалтгаалан тэдгээрийн үндсэн хийц бүтээцэд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл байдал үүсч, барилга байгууламжийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг бууруулж, улмаар ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг алдагдуулж байгаа нь Монгол Улсын Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйл, “Барилга байгууламжийн ашиглалтын дүрэм”-д тавигдах шаардлагуудтай нийцэхгүй байна.
Иймд барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигч нарт ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор дараах асуудлыг анхаарч ажиллахыг ЗӨВЛӨЖ байна.
1.Барилгын өмчлөгч, эзэмшигч нь барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэхгүй байх;
2.Барилга байгууламжийн гадна тохижилтын зам, талбай, ногоон байгууламж, тохижилтын засвар арчлалтын ажлыг тогтмол хийж, нийт газрын 10 хувьд ногоон байгууламж төлөвлөх, авто болон явган хүний зам, талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулахгүй байх;
3.Барилгын гадна тохижилтын засвар арчлалтыг хийхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах;
4.Нийтийн зориулалттай орон сууцны барилгад химийн хорт бодистой харьцах, ахуйн хэрэглээнд шаардагдахаас бусад тэсэрч дэлбэрэх, галд амархан шатдаг болон хурц үнэртэй материал, бодис хадгалах, худалдах, цацраг идэвхт бодис, цахилгаан соронзон орон үүсгүүр, нянгийн амьд өсгөвөр, пестицид ашиглах, даралтат сав, уурын тоног төхөөрөмж ашиглах, арьс шир, түүхий эд хүлээн авах, худалдах, саун, нийтийн халуун усны болон угаалгын газар, нийтийн бие засах газар, зориулалтын бус байранд нийтийн хоолны газар ажиллуулах, 40 дБА-аас их хэмжээний дуу чимээ гаргах, согтууруулах ундаа үйлдвэрлэх үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхгүй байх;
5.Үйлдвэрлэл болон олон нийт, орон сууцны барилгад шингэрүүлсэн шатдаг хий, хийн баллонт тоног төхөөрөмж, шугам сүлжээ ашиглах тохиолдолд “Хийн хангамж” БНбД 42-01-04, “Даралтат савыг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийг баримтлан мэргэжлийн байгууллагын боловсруулсан зураг төслийн дагуу эрх бүхий байгууллагаар угсралтын ажлыг гүйцэтгүүлэх, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллах;
6.Барилгын орчны тохижилт, гэрэлтүүлгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөхгүй байх, барилгын нүүр талыг өөрчлөх тохиолдолд аймаг, нийслэлийн ерөнхий архитектортой зөвшилцөж, холбогдох арга хэмжээг авч ажиллах;
7.Барилга байгууламжид мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж, сурталчилгааны болон гэрлэн чимэглэл байрлуулах, ажлын зураг төсөл, түүний угсралт, бэхэлгээний ажлыг тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлж, барилгын хийц бүтээцэд эвдрэл, гэмтэл, хүрээлэн буй орчинд аюул осол гарахаас урьдчилан сэргийлэх;
8.Төлөвлөгөөт бус үзлэгийг гал түймэр, аадар бороо, хүчтэй салхи, угалз, цасны нуранга, үер, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, үйлдвэрлэлийн ослын ул мөр арилаагүй үед барилга байгууламжийн хийц бүтээц, бүрдэл хэсэгт тухай бүр хийж байх;
9.Барилгын дээвэр, адрын хучилт болон бусад бүтээц дээр цас мөс, хог шороо, тоосонцор болон бусад зүйлс хуримтлагдан даац хэтэрч осол гарахаас сэргийлэх;
10.Барилга байгууламжийн зоорийн давхарт хөрсний ус нэвчсэн тохиолдолд эрх бүхий мэргэжлийн байгууллагад хандаж, хөрсний уснаас хамгаалах арга хэмжээг авах;
11.Барилгын даацын хийц бүтээц болон дотор, гадна инженерийн шугам сүлжээний ашиглалтын төлөв байдалд байнгын хяналт тавих;
12.Барилгын үндсэн даацын хийц, бүтээцэд ан цав, цууралт үүссэн зэрэг ноцтой эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагад хандаж инженерийн тооцоо судалгаа хийлгүүлэх, тэдгээрийн шалтгаан нөхцлийг арилгах талаар холбогдох арга хэмжээ авах;
13.Барилга байгууламжид урсгал болон их засвар хийх ажлыг зохион байгуулж, засварын ажлын явцад барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг өөрчлөхгүйгээр тоноглол, төхөөрөмж суурилуулж, үүссэн элэгдэл, гэмтлийг арилгаж ашиглалтын үеийн хэвийн ажиллагааг хангах;
14.Их засварын ажлаар барилга байгууламжийн физик элэгдэл болох гэмтсэн үндсэн хийц, бүтээцийг засварлах, чанарын элэгдэлд өртсөн зүйлсийг бүрэн сольж шинэчлэх;
15.Барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний /цахилгаан, харилцаа холбоо, дулаан, усан хангамж, ариутгах татуурга/ ашиглалтын үеийн найдвартай байдлыг хангах, тоноглол, тоног төхөөрөмж, шугам сүлжээнд аваар саатал, гэмтэл гарсан үед шалтгаан нөхцөлийг тухай бүр бүрэн тодорхойлж, түргэн шуурхай засварлах, хэвийн найдвартай ажиллагааг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, осол, аваар гарсан үед онцгой байдал болон мэргэжлийн хяналтын байгууллага, салбарын яаманд яаралтай мэдэгдэх;
16.Өмчлөгч, эзэмшигч нар цахилгаан шатны засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллагатай гэрээ байгуулах, мэргэжлийн лифтчин томилж ажиллуулах;
17.Цахилгаан шатны техникийн аюулгүй ажиллагааг хангуулахад чиглэсэн засвар үйлчилгээг сар бүр хийж, техникийн магадлалд тогтмол хамруулах арга хэмжээг авч хэвших;
18.Барилгын өргөтгөл, шинэчлэл, урсгал болон их засварын ажлын зураг төслийг эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
19.Барилгын өргөтгөл, шинэчлэл, урсгал болон их засварын ажлыг гүйцэтгэхдээ “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-ний үндсэн дээр тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр гүйцэтгүүлж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн дагуу комисст хүлээлгэн өгсний дараа ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлэх;
20.Барилгын өргөтгөл, шинэчлэл, урсгал болон их засварын ажлын гүйцэтгэлд “Барилгын ажлын захиалагчийн дүрэм”-ийн дагуу хөрөнгө оруулагч, захиалагчаар хяналт тавиулах, далдлагдсан ажлыг ил далд ажлын акт, гэрэл зургаар баталгаажуулах, барилгын ашиглалтын хугацаанд барилга байгууламжийн баримт бичгийг баяжуулж, хадгалах;
21.Корона-вируст халдвар /COVID-19/-аас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Онцгой комиссын гаргасан тогтоол, захирамж, тушаал, заавар, журам, зөвлөмжийг хэрэгжүүлж, халдвар хамгааллын дэглэм сахиулж ажиллах;
Холбоотой мэдээ