Эрэгтэйчүүдийн холбооны ахайтан

Хуучирсан мэдээ: 2022.03.18-нд нийтлэгдсэн

Эрэгтэйчүүдийн холбооны ахайтан

Эрэгтэйчүүдийн холбооны ахайтан

Түүний багын мөрөөдөл орос хэлний багш болох. Гэвч яагаад ч юм энэ замыг сонгосонгүй. Багш мэргэжлээрээ ганцхан жил ажилласан гэх энэ эмэгтэйг Д.Бадамцэцэг гэдэг. Түүнийг Монголын эрэгтэйчүүдийн холбооны Бадамаа гэдгээр нь хүмүүс илүү таних биз. Тэр жирийн нэгэн ээж, хүний сайхан хань.

Одоо 70 хүрч яваа тэрбээр амьдралынхаа 20 жилийг эрэгтэйчүүдийн төлөө зориулсан нэгэн. Тэрбээр зургаан жил Болгар улсад ажиллаж, амьдарч байгаад 2002 онд эх орондоо ирсэн. Тухайн үед нийгмийн амьдрал өөрчлөгдөж, улсын үйлдвэрийн газрууд хаагдан, архидалт хавтгайрсаныг анзаарчээ. Тэр дунд эрэгтэйчүүдийн асуудал түүний нүдэнд туссан тухайгаа ярив. "Судалгаа хийгээд үзсэн чинь эрэгтэйчүүдийн талаар тоо баримт ховор, хошин шогийнхны хэлдгээр ёстой "эрүүлжүүлэх байрнаас өөр газаргүй" юм шиг санагдсан. Тэгээд найзтайгаа хамтран холбооны дүрмээ боловсруулж, байгуулахаар шийдсэн" тухайгаа дурслаа.

Монголын эрэгтэйчүүдийн холбоог анх 2003 оны гуравдугаар сарын 3-нд долоон эмэгтэй, долоон эрэгтэй 14 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Холбооны тэргүүнээр цэргийн хүнийг томилох нь зохимжтой юм байна гээд хилийн цэргийн хошууч генерал Я.Пүрэвдоржид санал тавьж, нэр дэвшүүлж, сонгосон түүхтэй аж.

Тэрбээр "Анх холбоогоо байгуулчихаад жендерийн асуудлыг сайн мэдэхгүй байж байтал гуравдугаар сарын 23-нд Төрийн ордонд Жендерийн үндэсний хөтөлбөрийг батлах хурал  болж, холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг урьж, оролцож байлаа. Харин холбооноос эрэгтэйчүүдийн асуудлыг төр засагт ойлгуулахаар 2008 онд Жендерийн үндэсний хороотой хамтарч анхны чуулганаа хийж байсан юм.

Тэрнээс өмнө 2004 онд олон нийтийн дунд "Монголд аав хүний үнэлэмж ямар байна вэ", "Бид юу хийх ёстой вэ" гээд түүврээр судалгаа авсан. Тэгсэн 5000 хүн судалгаа бөглөн, эрэгтэйчүүдийн асуудал ийм байна, хэн ч тоодоггүй гэж бичсэн байсан. Тэгээд судалгаан дээрээ үндэслэн 2005 оны наймдугаар сарын 8-ны өдрийг сонгон Аавуудын өдрийг анх удаа тэмдэглэсэн. Тэр цагаас хойш 17 жил Монголын айл өрхүүд Аавуудын өдрийг мэддэг болсон байна. Бидний зүгээс удаа дараа Засгийн газарт энэ өдрийг тэмдэглэлт өдөр болгож өгөх хүсэлтээ өгдөг. Гэхдээ баяр ёслол гэхгүйгээр бүх сайхан аавуудад зориулж, хүндэтгэлийн өдөр болоосой гэж хүсдэг" гэв.

Д.Бадамцэцэг дөрвөн охин, нэг хүүтэй. Том охин минь 50, бага охин нь 40 настай. 13 ач, зээтэй өнөр өтгөн сайхан амьдарч байна. Тэрбээр эрэгтэйчүүдийн нийгмийн асуудалд санаа зовинож явдаг ч амаргүй амьдралыг туулж яваа нэгэн.

Тэрбээр "Би хэдий Эрэгтэйчүүдийн холбоонд ажилладаг ч төрсөн ганц хүүдээ нарийн нандин зүйл хэлж, зааж өгөөгүй л байгаа юм. Ажил ажил гээд үр хүүхдээ тоогоогүйг сүүлд ойлгосон. Эцэг, эхчүүд эрэгтэй хүүхдийг хөвүүн байх үеэс нээлттэй харилцаж, зааж сурган, тэднийгээ сонсоогүйгээс алддаг. Тэгээгүйгээс өсвөр насандаа эцэг, эхтэйгээ харилцааны хана босгочихдог. Энэ бүхэн хөвгүүдээ багаас нь анзаарч харилцахгүй зөвхөн хувцас хоолыг нь бэлддэг монгол ээж нарын алдаа юм шиг ээ. Хөвгүүдэд маань материаллаг зүйлээс гадна сэтгэл санааг нь хуваалцах хүн хэрэгтэй" гэдгийг зөвлөсөн юм.

Д.Бадамцэцэг нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Гэхдээ мэргэжлээрээ ганц жил багшилж, үйлдвэрчний байгууллагад 17 жил ажиллажээ. Гадаадаас эх орондоо ирсний дараа нийгмийн байдлыг ажиглан судалж, Монголын эрэгтэйчүүдийн холбоог санаачлан өдгөө 20 дахь жилтэйгээ золгож байна. Тэрбээр 2006 онд холбооныхоо гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгч, одоо Удирдах зөвлөлийн гишүүн буюу зөвлөхөөр ажиллаж байгаа аж.

Түүнийг анх холбоо байгуулахад хүмүүс янз бүрээр хүлээж авч байжээ. Тэр дунд таатай хүлээж авсан хүн нь тун цөөн. Тэрбээр холбоогоо байгуулаад удаагүй байхдаа Хүний эрхийн үндэсний комиссын дарга дээр орж "Монголд эрэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байна вэ" гэж асуугаад настай даргад нь загнуулах нь холгүй гарч байсан. Гэхдээ бид амьдрал дээр эрэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгааг олж харсан" хэмээн өгүүлнэ.

Тэрбээр хүний эрх ярьж, албан конторт суугаагүй. Хорих анги, албадан саатуулах төв дээр байрлаж, цоожтой хаалганы цаана эрчүүдэд хүрч ажиллахыг эрмэлзэн, сургалт хүмүүжлийн сургалт хийнэ.

"Манай холбоонд 2008 онд н.Ганхуяг гэдэг залуу эхнэртэй зодуулж, гар хөл нь хугарчихсан байдалтай хандаж байсан. Тухайн үед тэр хүнд сэтгэл санааны болон эмнэлгийн тусламж үзүүлж байлаа. Эрчүүд бүгд хүчирхийлэгчид гэдэг муу нэртэй. Хүчирхийлэл нь эрэгтэй, эмэгтэй хүний харилцаатай холбоотой асуудал гэдгийг хүмүүс ойлгодог болсон байна" гэв.

Монголын эрэгтэйчүүдийн холбооны 20 жилий ой ирэх жил тохионо. Түүнд хийхээр зорьж, төлөвлөж буй ажил өрнүүнэ гэдгийг дуулгав. "Хүний амьдрал баялаг сайхан. Эргээд харахад өөрийн хийсэн ажлаараа багахан ч гэсэн бахархаж сууна" хэмээн өгүүлэх энэ эмэгтэйгээс чин сэтгэл, хүнийг хайрлах хайр мэдрэгдэнэ.

Гэрэл зургийг: Т.МӨНХТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж