О.Сэргэлэн, Г.Насанжаргал нар "Уурхайчид"-ыг нуман тулгуурт оруулав

Хуучирсан мэдээ: 2022.03.18-нд нийтлэгдсэн

О.Сэргэлэн, Г.Насанжаргал нар "Уурхайчид"-ыг нуман тулгуурт оруулав

О.Сэргэлэн, Г.Насанжаргал нар "Уурхайчид"-ыг нуман тулгуурт оруулав

Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн “Янзтай” дээд лигийн шигшээ цувралын хоёр дахь тоглолт өчигдөр/2022.03.17/ спортын төв ордонд боллоо.


Эрдэнэтийн "Уурхайчид" 97 – 100 "Хасын Хүлэгүүд"

Спортын төв ордон өчигдөр улаан, ногоон өнгөөр хуваагдаж, жинхэнэ шигшээ цуврал эхлэв. Эхний тоглолтод бут ниргүүлсэн Эрдэнэтийн "Уурхайчид" өчигдөр тоглолтын эхнээс онооны давуу байдлыг үүсгэсэн. Тэдний алсын зайн шидэлтүүд эхний хагаст онцгой байсан бөгөөд Н.Золжаргал, Т.Санчир нар бусдыгаа манлайлсан. Мөн Остин Лавтон болон О.Очирбат нарын будагтай талбайн хамгаалалт, самбараас бөмбөг авалт багтаа тус хүргэв.

"Уурхайчид" эхний гурван үе тоглолтыг удирдсан гэхэд хилсдэхгүй. Оноо авалт дээр Т.Санчираас гадна Калин Фишер чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүний алсын зайн шидэлтүүд болон оновчтой дамжуулалтууд эсрэг багийнхаа хамгаалалтыг "нураасан".

Н.Золжаргал болон Т.Санчир нар

Харин дөрөвдүгээр үед байдал орвонгоороо эргэв. "Хүлэгүүд"-ийн бүтэн талбайн хамгаалалт үр өгөөжөө тэр дор нь өгч, 13 онооны зөрүүг үгүй хийсэн. Ялангуяа өнгөрсөн улирлын лигийн тэргүүн тоглогч О.Сэргэлэн болон энэ улирал "Багануур Тулнууд" багаас "Хүлэгүүд"-д нэгдсэн Г.Насанжаргал нарын бөмбөг таслалт, хамгаалалт багтаа том тус хүргэсэн. Хоёр тамирчин нийлээд есөн бөмбөг тасалсан бол Уурхайчид багаараа 26 удаа бөмбөг алдалт хийжээ. Мөн Т.Цогбадрахын хамгаалалт, довтолгоонд оролцож байсан идэвхийг дурдахгүй өнгөрч болохгүй.

Г.Насанжаргал

Тоглолтын дөрөвдүгээр үеийн төгсгөлд хоёр баг ээлж дараалан тэргүүллээ солилцож, О.Сэргэлэн хоёр чухал чөлөөт шидэлтийг амжилттай болгосноор тоо 85:85 дээр тэнцсэн. Үүний дараа түүнд багаа ялалтад хөтлөх боломж байсан ч шидэлтээ алдаж, самбараас Т.Санчир бөмбөг аван талбайн төвөөс шидсэн ч бөмбөг нь цагирагт орсонгүй. Ингээд нэмэлт гарсан.

Лигийн туршлагатай тоглогчдын нэг Б.Батжавхланг “Уурхайчид” яагаад тоглолтод ашиглахгүй байгааг сагсан бөмбөг сонирхогчид гайхаж байна.

О.Сэргэлэн

Нэмэлт цагт "Хүлэгүүд" багаараа сайн байсан бол "Уурхайчид"-аас Т.Санчир дийлдэшгүй байлаа. Харамсалтай нь нэмэлт цагийн төгсгөлд А.Бямбадорж тоглолтын тооны харьцааг тэнцүүлэх чухал алсын шидэлтээ алдаж, "Хүлэгүүд" цувралыг 2-0 гэсэн харьцаатай тэргүүж эхлэв.

"Хүлэгүүд" онооны зөрүүг холдуулалгүй барьж байсан шалтгаан нь Блэйк Хэмилтон.

А.Бямбадорж

Т.Санчир 35 оноо авсан үзүүлэлтээрээ бүх тоглогчдыг тэргүүлсэн бол "Хүлэгүүд"-ээс Блэйк Хэмилтон 28 оноо, Б.Билгүүн 19 оноо, Г.Насанжаргал 18 оноо тус тус авчээ. Дөрөвдүгээр үеийг 13 онооны илүүтэй эхлүүлсэн Эрдэнэтийн "Уурхайчид" харамсалтайгаар хожигдож, нуман тулгуурт орлоо. Цувралын гурав дахь тоглолт маргааш /2022.3.19/ болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж