Нэг айлын хоёр хүүхэд цахилгаан менингитийн халдвараар өвдөж нэг нь нас барсан харамсалтай тохиолдол гарсан. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд хоёр хоногийн өмнө мэдээлэхдээ “Энэ жил Сонгинохайрхан дүүргийн нэг гэр бүлийн хоёр хүүхэд халдвараар өвдсөн. Нэг нь нас барж, нөгөө нь биеийн байдал нь хүнд байна. Тиймээс халдварын тархалт их байгаа энэ үед бага насны хүүхдүүдийн дархлааг дэмжиж, эрүүл мэндэд нь анхаарах хэрэгтэй. Вакцины цэгийг одоогоор нэмэхгүй” гэсэн юм. Уг харамсалтай тохиолдол энэ сард гарсан аж.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн биеийн байдал сайжирч байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэв. Харин нас барсан хүүхдийн хувьд эмнэлгийн тусламж авахаас оройтсон байжээ. Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад “Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн боловч хүүхдийн биеийн байдал нь хүндэрсэн байсан. Нэгдсэн эмнэлгээс Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү тээвэрлэх байсан ч биеийн байдал нь тээвэрлэлт даахааргүй хүндэрсэн байсан. Харамсалтай нь нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа хүүхэд нас барсан. Тиймээс бид нөгөө хүүхдийг нь ХӨСҮТ рүү шилжүүлж эмчилж байна. Одоогоор биеийн байдал нь сайжирч байгаа” гэлээ. Энэ жилийн хувьд томуу томуу төст өвчний дэгдэлт менингит өвчний халдвартай хавсарч байгаа нь эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлэхэд хүргэж байгаа. Иймд эцэг эхчүүдийн дунд хүүхдээ цахилгаан менингитийн эсрэг вакцинд хамруулах эрэлт, хүлээлт их байгаа юм. Харин энэ өвчний эсрэг вакциныг хүн бүрт хийдэггүй болохыг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Тус газрын зүгээс “Эцэг эхчүүд бага насны хүүхдээ өвдөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд вакцинд хамруулах нь нийтлэг байна. Уг нь цахилгаан менингит өвчний эсрэг вакцинд хавьтал болсон, эрсдэлт бүлгийн иргэдийг хамруулдаг. Тиймээс иргэд айж сандарч энэ өвчний эсрэг вакцинд заавал хамрагдах шаардлагагүй. ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч нар эрсдэлт бүлгийн иргэдээ вакцинд хамруулсан” гэлээ.
Томуугийн өвчлөлийн дэгдэлт өндөр байгаа тул бага насны хүүхдүүд ихэвчлэн өвдөж байна. Харин Covid-19 халдварын хүүхдийн өвчлөл харьцангуй бага байгаа аж. Жилд дунджаар 120-130 мянган хүүхэд томуугаар өвддөг байна. Өвчлөлийн дэгдэлт өндөр байгаа учраас нийслэлийн дүүргүүдэд нэмэлт ор дэлгэж, эмнэлгийн цагийн хуваарийг уртасгаад байна. Мөн дүүргүүдэд байршуулсан Covid-19-ийн түр лабораторийг томуугийн урьдчилан сэргийлэх эмнэлэг болгосныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн билээ. Албаны хүмүүсийн мэдээллээр, менингит өвчний голомт Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан дүүрэгт голчлон бүртгэгдсэн байна.
Холбоотой мэдээ