Арабын нэгдсэн Эмират улсын тугтай карго тээврийн хөлөг онгоц өчигдөр /2022.03.17/ Ираны өмнөд эрэгт Персийн буланд живжээ. Хөлөг дээр 30 хүн байсан гэв. Ираны Бушер мужийн Асалуйе хотоос 50 орчим км зайд цаг агаарын таагүй нөхцлөөс болж хөлөг онгоц живсэн байна.
Хөлгийн багт тусламж үзүүлэхээр Ираны өмнөд эргийн өөр өөр цэгээс аврагчид яаралтай ирсэн гэж тус улсын хэвлэл мэдээлэлд бичжээ. Хөлгийн багийн 30 хүнээс 29 нь аврагдаж, аюулгүй газарт хүргэгдсэн бол нэг хүн сураггүй алга болоод байна. Сураггүй алга болсон хүнийг хайх ажил үргэлжилж байна. Одоогоор хэргийн газарт хоёр аврах завьтай аврагчид ажиллаж байгаа гэв. Багийн бүрэлдэхүүнд Судан, Энэтхэг, Пакистан, Уганда, Танзани, Этопи улсын иргэд байжээ.
Карго тээврийн онгоц нь ширүүн шуургатай тулгарсны дараа хөмөрсөн гэж Салем Аль Макрани Карго компанийн үйл ажиллагааны менежер, ахмад Низар Каддоура хэллээ. Тухайн үед Персийн буланд салхины хурд 70 орчим км/цаг хүрсэн байна. “ABC News”-д мэдээлснээр уг онгоц нь Ирак руу автомашин болон бусад ачаа тээвэрлэж явжээ.
Эх сурвалж: ABC NEWS