“Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой”-д зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарьд М.Бадарч, Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Анар, Ц.Одбаяр, Б.Соронзонболд тэргүүтэй 256 бөх зодоглолоо.
Энэхүү барилдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат улсын харцага Х.Гантулга түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын гарьд М.Бадарч үзүүрлэв. Их шөвөгт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын арслан Ц.Содномдорж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат улсын заан Ц.Одбаяр нар шалгарлаа. Дунд шөвөгт улсын харцага Б.Орхонбаяр, Б.Зоригтбаатар, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, аймгийн хурц арслан Б.Лхагвадорж нар үлдэв.
Мөн өчигдрийн/2022.03.17/ барилдааны үеэр шөвгийн найман бөхөөс үндэсний бөхийн холбоо, Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагатай хамтран допингийн явцын шинжилгээ авлаа.
Дараагийн барилдаан гуравдугаар сарын 19-нд 12:00 цагаас Өвөрхангай аймгийн Сант сумын "Илдэн бэйлийн хүчтэн" бөхийн холбооны нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн ээлжит барилдаан, гуравдугаар сарын 20-нд 12:00 цагаас Наурыз баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.
Холбоотой мэдээ