Өнгөрсөн оны зургадугаар сарын 25-наас хойш тоолбол яг найман сар “time out” авсан Х.Баттулга хоёр хагарсан АН-ын нэг талын сунгаанд өрсөлдөхөө зарласнаар УИХ-ын 2024 оны сонгууль угтсан улс төр ийн эхлэж байна. Х.Баттулгын энэхүү улс төрийн акц С.Эрдэнэд, цаашлаад Л.Оюун-Эрдэнэд, бүр цаашлаад У.Хүрэлсүхэд, бүр муугаар бодоход Монголд ч халтай.
Түүний өнөөдрийн улс төр нь АН-ын дарга, маргаашийн зорилго нь Ерөнхий сайдын тамга атгах, алсын хүсэл нь Монголын номер улстөрч болох юм. Авчиг, хүсэл байвч хясал бий. Монголчууд үүнийг “Их санасан газарт есөн шөнө хоосон хонох”-той зүйрлэдэг.
АН-ын дарга болоход Х.Баттулгад Ардын намын “зөвшөөрөл” хэрэгтэй. Хэдийгээр өнгөрсөн найман сар өөрт нв зөвлөж, “ах, дүү” мэт явж ирсэн Л.Оюун-Эрдэнэ сайнаар хэлбэл маргаашийн хамгийн том өрсөлдөгч, муугаар хэлбэл хамгийн том дайсандаа эрх мэдэлд хүргэх гишгүүрийг нь бэлдэж өгвөл өөрийнхөө хоолойд хутга тулгасантай агаар нэг үйлдэл юм. Үүнийг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ ч уншиж байгаа, тэнэг хүмүүс биш бол шүү дээ. Гэхдээ Х.Баттулга улс төрд барьцгүй, хэзээ ч ямар ч мэх хийж мэдэх эвгүй нэгэн. Түүний тэр нэг зэвүүн мушийлтийн ард ямар ч атгаг бодол, аюултай сценари нуугдаж байх талтай.
Хэдийгээр МАН түүний барьсан хууль, шүүхийн хонгилыг нураах реформ хийсэн ч өнөөдөр үр дүн харагдахгүй л байгааХууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хэлж байсанчлан Х.Баттулгын утсан хүүхэлдэй, түүнээс захиалга даалгавар авах шүүгчид тэнд байгаа нь ойлгомжтой. Тиймээс тэр бүтэн хоёр жил шахам АН-ын тамга тэмдэгний хэрүүлийг шүүх дээр гацааж, хүчгүй сулбагар байлгаж ирсэн. Мэдээж, ганцаараа биш л дээ МАН-ын оролцоо ч бас маш их бий.
Өнгөрсөн хугацаанд С.Эрдэнийн талынхан бууриа сахиж, тамга тэмдгээ хамгаалж үлдээгүй бол магадгүй АН-ыг хэдийнэ түүнд хадаг сүүтэй бэлэглэчихсэн байхыг ч үгүйсгэхгүй, МоАХ-г өөрийн болгоод өмчилчихсөн талаар Төрийн соёрхолт Д.Сосорбарамын хэлснээс харах юм бол Ардчилсан нам Женко Баттулгын халаасны компани болно гэсэн үг.
МоАХ-нд болж буй үйл явдлаас харах юм бол Х.Баттулга “авсан юм”-аа буцааж өгдөггүй л хүн аж.
Дөрөвдүгээр сарын 6-нд болох хууль бус АН-ын даргын сунгаанд Х.Баттулга ялалт байгуулах нь ойлгомжтой, АН-ын тамга тэмдэгний хэрүүл шүүх дээр үргэлжлэх нь бүр ойлгомжтой. С.Эрдэнийн талынхан энэ акцтай холбоотой өгсөн хариулт нь “Тамга тэмдэг хаана явааг мэдэхгүй хүмүүс хууль бус сунгаа явуулж байгааг АН хүлээн зөвшөөрөхгүй”. Тэр тусмаа АН-ын туг тэмдэг, албан бланкыг ашиглаад хэсэг нөхөд хууль бус сунгаа явуулж байгааг онцлоод Улсын дээд шүүхэд бүртгэлтэй АН-аас хууль, шүүхэд хандахаар болсон мэдэгдэл гаргасан нь тэдний талцал хэрүүл лав ирэх хоёр жил үргэлжлэх нь тодорхой юм.
Энэ талаас нь харвал АН-ыг ахиад дөрвөн жил гудамжинд чулуу хөөлгөх зорилготойгоор Ардын намын зүгээс явуулсан Дүлзэн нь Х.Баттулга гэх хардлага ч уг мэдэгдлээс уншигдсан. Гэхдээ “хүүхдийн гарт шүдэнз бариулах осолтой” болохыг МАН-ынхан муу ч гэсэн гадарлах байлгүй.
Нэг талаар АН-ыг эвлэж нэгдэхээс Ардын нам айсан байж болох талтай. Тэд сайндаа УИХ-ын сонгуульд хоёр дараалан ялалт байгуулсан юм биш. АН-ын хагарал тэмцэлийг маш сайн ашиглаж чадсаных. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд МАН, МАН-тайгаа биш Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хүчээ нэгтгэсний хүчинд ялалт байгуулсан юм.
Нөгөө талаас нь уншвал Хөгжлийн банкны асуудлаар зөвлөхийг нь шоронд хорьчихсон, МоАХ-г Д.Монголхүү авчихсан Х.Баттулга яг л 2016 оных шигээ амь тэмцэн яваа ч биз. С.Эрдэнэ нэгэнтээ “гүйж яваа морь, ядарч яваа эр хүн хоёрт туслах ёстой” гэж Х.Баттулгыг нэр дэвшүүлчихсэн юмаа гээд түүндээ уучлалт хүртэл гуйсан.
С.Эрдэнийн талынхны хувьд АН-ын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг батлаж, зарим улстөрчдийг Үндсэн хуулийн цэцэд өгсөн байна. Жишээ нь Ц.Туваан, Ж.Батсуурь болон Улсын дээд шүүхийг шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хууль зөрчсөн гэж гомдол гаргажээ. АН-ын энэ асуудлаар Цэц маргаан үүсгэх эсэх нь ахиад л Ардын намаас шууд хэлэх юм бол У.Хүрэлсүхийн улс төрөөс хамаарна.
Улсын дээд шүүх дээр АН-тай холбоотой хоёр маргаан байсан. Нэг нь тамга тэмдэгний, нөгөө нь даргын бүртгэл. Шүүхээс ЖАН буюу Женко талынхны ашиглаж буй тамга тэмдгийг хүчингүй болгосон. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаярын хэлснээр ямар ч байсан тамганы хэрүүл цэглэгдэж. Харин даргын бүртгэлийн асуудал үлдсэн бололтой, Улсын дээд шүүх та нар хоорондын асуудлаа шийдээд ир гээд О.Цогтгэрэлийг ч, М.Тулгатыг ч хүлээж аваагүй. Ёстой л Х.Баттулгын хонгилынх нь шүүгчид хууль зөрчөөд бүртгэчихгүй юм түүнийг ч С.Эрдэнэтэйгээ эвлэлдээд, нэгдээд ир л гэх байх.
Аль ч талаас нь харсан Х.Баттулга, Ж.Батсуурь хоёрын хэн ч ялсан АН гурав хуваагдах нь нэн ойлгомжтой, АН-ын хуваагдал Ардчилсан намд бүр ашигтай эргэх нь бүр ойлгомжтой. Ардын намын гарт орсон АН-ын хувь заяа хаашаа эргэхийг бурхан, чөтгөр хоёр ч таашгүй. АН ум сайн амгалан болтугай!
Холбоотой мэдээ