Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны ээлжит чуулган өнгөрсөн онд хэдэнтэй товлогдсоны эцэст энэ оны гуравдугаар сарын 28-ны өдөр товлогдсон. Энэхүү чуулганаар МҮОХ-ны сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх, ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчдийн сонгууль явуулах зэрэг чухал асуудлыг шийдвэрлэнэ. 2020 оны ээлжит бус чуулганаар Н.Түвшинбаяр ерөнхийлөгчөөр сонгогдсон ч тэрбээр хүний амины гэмт хэрэгт холбогдсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүний эзгүйд дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг баг тамирчдаа удирдан Токио-2020 олимпод оролцсон билээ. Тэгвэл ирэх сонгуулиар хэн олимпийн шар байшинд хэн эзэн суух вэ гэсэн ширүүн өрсөлдөөн Монголын улс төр, спортынхны дунд өрнөж байна.
Сунгааны дүнд олимпийн үзүүлэлт чухал нөлөөтэй. Токиогийн олимпийн нэг мөнгө, гурван хүрэл медалийг өөр дээрээ наах гэсэн хүн ч цөөнгүй байгаа. Бэлэн баг ахлаж явсан гэх утгаараа Б.Баттүшиг гавьяатай юм шиг, МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэснээрээ Ч.Наранбаатар баатар юм шиг, медаль авсан тамирчид нь бүгд Х.Баттулгатай холбоотой гэхээр эзэн юм шиг том мөнгө тойрсон жижиг дайн хэдийнэ эхэлжээ. Х.Баттулгын хувьд МҮОХ-г авахаар хуурай дүү Н.Түвшинбаяраа ерөнхийлөгчөөр нь томилсон. Харамсалтай нь, өнөөх нь МҮОХ-ны түүхэнд хар түүхтэй үлдэж байна.
Усалсан цэцгээ өөртөө авах хүсэлтэй хүү
МҮОХ-ны хорооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй Б.Баттүшиг их эртнээс олимпийн хороог тойглож, бага багаар барьцаа ахиулсан нэгэн. Монголд тийм ч сайн хөгжөөгүй бадминтоны спортод хөрөнгө оруулж, ерөнхийлөгчөөр нь сонгогдсон. Энэ эрчээрээ Ази болон дэлхийн бадминтоны холбоонд үнэлэгдэж, удирдах зөвлөлд нь хүртэл тухлаад амжсан. Мөнгөтэй, хүрээлэлтэй, олон улсад танигдаж эхэлсэн түүнд олимпийн хорооны удирдах зөвлөлд ороход үнэндээ асуудал байгаагүй.
Түүний спорттой, олимптой холбоотой цол гуншин дуусахгүй. Олон улсын олимпийн хорооны гишүүн, Зүүн Азийн олимпын хороодын дэд ерөнхийлөгч, Дэлхийн бадминтоны холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Азийн бадминтоны холбооны олон нийт ба шагналын комиссын дарга гээд үргэлжилнэ. Олон улсын олимпийн хорооны гишүүн гэдэг утгаар нь спорт холбоодын төлөөлөл ч найр тавьж, дэмжих нэг нь дэмжиж байгаа аж. УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү амбицтай тэрбээр энэ удаад ерөнхийлөгчид хүч үзэх нь лавтай. Тэр бол гол кандидат. Бас багагүй мөнгөтэй. Э.Бадар-Ууганаас эхлээд олимпийн медальтнууд түүнийг балиашигладаг.
Давхар сонгуульт ажилтай “Экс”
МҮОХ-ны ерөнхийлөгч агсан Д.Загдсүрэнг дарамталж, өргөдлийг нь өөрөөр нь өгүүлээд өөрийнхөө хуурай дүүдээ олимпийн хороог авч өгсөн гэдэг экс Ерөнхийлөгч Х.Баттулга Ардчилсан намын даргын сунгааны хажуугаар МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл гайхах зүйлгүй. 2017 онд тэрбээр МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан ч удалгүй нэрээ татаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн түүхтэй. Тэгвэл энэ удаад дуусгаагүй ажлаа бүр мөсөн гүйцээж МОҮХ-г МоАХ шиг халаасалж болзошгүй. Гэхдээ их улс төр гээд хамаг анхаарлаа хандуулж яваа тэрбээр өөрийн хүнээ зүтгүүлэх магадлал өндөр. Өнгөрсөн удаад тийм зүйл болсон ч өнөөх нь хайр даалгүй, нэр нүүрийг нь барсан. Харин энэ удаад яах вэ? Х.Баттулга өөрөө өрсөлдөх үү? эсвэл өөрийн хүнээ зүтгүүлэх үү? Аль ч сонголтод хүрсэн түүнийг дэмжих хэсэг бүлэг хүмүүс олимпийн хорооны гишүүд дунд цөөнгүй бий. Ямартай ч харж сууж байгаад Сү.Батболдын хүүд олимпийн хороог өгөхгүй нь лав. Учир нь Сү.Батболд, Х.Баттулга хоёр улс төрийн өстнүүд билээ.
Дашрамд дурдахад, Х.Баттулгын дүү Х.Баттуул чөлөөт бөхийнхөн дунд нэр хүнд сайтай бөгөөд ахыгаа төлөөлж, сонгуульд өрсөлдөхийг ч үгүйсгэхгүй.
Хоёр холбоотой "эсэргүү"
Олимпийн хороог дүрмээ мөрддөггүй, олимпийн Хартиг ноцтойгоор зөрчдөг гэж хүчтэй эсэргүүцдэг хүмүүсийн нэг бол Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч, Монголын буудлага спортын холбооны дэд ерөнхийлөгч Э.Мөнх-Очир. 2017 онд МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд аман хүзүүдэж байсан тэрбээр саяхан олимпийн хороог олон улсын олимпийн хорооны хартиг зөрчиж, дүрэм баталсан гээд Спортын арбитрын шүүхэд гомдол гаргачихсан.
Түүнтэй зорилго, хүсэлтэй нэгтэй “Олимпизмийг аврах хөдөлгөөн”-ий гүйцэтгэх захирал, даамын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Бат-Эрдэнийг олимпийн хороо гишүүнээрээ бүртгэхээс татгалзсан. Учир нь олимпийн хороо Монголын даамын холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан А.Ундрааг хэвээрээ байгаа гэж үзэж байгаа аж. Ингэхээр Э.Мөнх-Очирын санал нэгээр хорогдож байгаа хэрэг.
Дашрамд дурдахад, Э.Мөнх-Очир нь МАН-ын гишүүн ч Х.Баттулгыг ерөнхийлөгч байхад түүний зөвлөхөөр ажиллаж байв. Энэ утгаараа экс ерөнхийлөгчөө дэмжих эсвэл түүнээс дэмжлэг авах магадлалтай.
Дэд ерөнхийлөгчид хүч үзэгсэд
Ерөнхийлөгчийн сонгуулиас гадна дэд ерөнхийлөгчийн сонгууль анхаарал татаж байна. Одоогийн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн. Өөрийг нь Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байхад Монгол Улс хос олимпийн аваргатай болсон гэж ярих дуртай тэрбээр дэд ерөнхийлөгчийн суудлаа хадгалж үлдэх хүсэлтэй. Түүнтэй воллейболын холбооны генсекээр 22 жил ажиллаж, үүгээрээ ном гаргасан Ц.Бат-Энх мэдээж өрсөлдөнө.
Дээрх хоёр эрхэм өнгөрөгч сонгуулиар өрсөлдөж, Ч.Наранбаатар ялж байв. Спортын хүрээнийхэн Ц.Бат-Энхэд ам сайтай байдаг ч сонгуулийн үр дүн өөр зүйлийг илтгэдэг. Ц.Бат-Энх өдгөө “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн газрын даргаар ажиллаж байгаа бөгөөд олон улсын залуучуудын ногоон наадмыг Монголдоо зохион байгуулах ажилд хүчин зүтгэж байна.
Мөн “Олимпийн Ото” нэрээрээ алдаршсан Ж.Отгонцагаан дэд ерөнхийлөгчид хүч үзэх яриа гарсан. Тэрбээр өмнө нь дэд ерөнхийлөгчийн сонгууль хүч үзсэн ч санал хураалт болохын өмнө өөрийн хүсэлтээр нэрээ татсан удаатай. Харин энэ удаад өрсөлдөх биз. Түүнээс гадна жюү жицүгийн холбооны О.Болд-Эрдэнэ сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн.
Дээрх албан тушаалуудаас гадна МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга хэн болох вэ? гэдэг сонирхол татаж байна. Өдгөө тус албыг хашиж буй олимпийн аварга Э.Бадар-Ууган хорооны газрыг өөртөө авсан гэх хэргээр багагүй баалуулсан. Тэгэхээр олимпийн хороо түүнээс салахад нэг их гайхах зүйлгүй.
Олон улсын олимпийн хороо сүүлийн үед жендэрийн эрх тэгш байдлын талаар их ярих болов. Энэ ч утгаараа олимпийн нээлтийн хэвшмэл байдлыг үгүй хийж, эрэгтэй, эмэгтэй хоёр тугчинтай жагсаадаг болсон. Мөн удирдах зөвлөлдөө эмэгтэй гишүүдийг элсүүлэх, тэдний тоог нэмэх тал дээр анхаарч буй. Тэгэхээр олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бахын санаачлагыг дэмжиж, олимпийн хорооны генсекээр эмэгтэй хүн сонгогдох боломж бий. Монголын спортын салбарт энэ албыг хашчих эрдэм мэдлэгтэй бүсгүйчүүд ганц нэгээр тогтохгүй.
Холбоотой мэдээ