Хүүхэлдэйн театрыг "Хүүхдийн фонд"-оор барихгүй

Хуучирсан мэдээ: 2022.03.18-нд нийтлэгдсэн

Хүүхэлдэйн театрыг "Хүүхдийн фонд"-оор барихгүй

Хүүхэлдэйн театрыг "Хүүхдийн фонд"-оор барихгүй

Жил гаруйн өмнө буюу өнгөрсөн  2021 оны босгон дээр бүх л урлаг соёлын одод хамтран  "Хүүхдийн төлөө фонд" төрийн бус байгууллагад хандив өгөхийг ард иргэдээс гуйсан. Ард иргэдээс ч 2.2 тэрбумын хандив цугларсан. Тухайн үед хандив цуглуулагчид уг мөнгөөр Хүүхэлдэйн театр, номын сан барих зорилготой гэдгийг зарлаж  байв.

Гэтэл Хүүхэлдэйн театрын барилгыг хандиваар бус улсын төсвийн хөрөнгөөр барихаар болжээ. Энэ талаар Хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэгээс тодруулахад "Соёлын яамнаас манай театрын шинэ барилгыг улсын төсвөөс 1.3 тэрбум төгрөгөөр барихаар болсон. Одоо тендерээ зарлачихсан байгаа. Хүүхдийн фондын мөнгийг хэрхэн зарцуулах ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон сангийн эрх бүхий хүмүүс мэдэх байх” гэлээ.

 “Хүүхдийн төлөө фонд" төрийн бус байгууллагыг Соёлын дэд сайд М.Батбаяр, “Херо энтертайнмент"-ийн найруулагч Б.Баатар, жүжигчин Г.Ундармаа, "Sound of Mongolia" продакшны захирал Х.Дамдинсүрэн нар байгуулсан.

Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолбор барих газрын батламжийг Хотын дарга Д.Сумъяабазар цэнхэр дэлгэцээр Соёлын сайд асан С.Чулуунд гардуулж өгсөн байдаг.

Анх хандивын дансанд хоёр тэрбум 222 сая төгрөг цугларсан гэж байсан бол сүүлдээ хоёр тэрбум 25 сая төгрөг болж, албан ёсоор шилжүүлэхдээ бүр хандивын мөнгөний тоо өсч /2021.10.25/ 2.051.172.968 төгрөг “Хүүхдийн төлөө сан”-гийн дансанд шилжүүлсэн гэж мэдээлсэн.

Соёлын яамны байгуулсан төрийн бус байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хооронд хандивын мөнгөө хэрхэн зарцуулах тал дээр санал зөрөлдөж, үүнээс болоод уг мөнгөнөөс хэн хэдийг дутаасныг хянах боломжгүй байлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас фондын мөнгөний талаар тодруулахад “Хандиваар цугларсан 2.2 тэрбум төгрөг дээр Авто тээврийн үндэсний төвөөс азын дугаарын орлогоо нэмээд таван тэрбум төгрөг санд төвлөрсөн. Энэ мөнгийг зарцуулах журмыг Засгийн газраас баталсан. Анх хандивын үйл ажиллагаа зохион байгуулахад бүтээн байгуулалтын чиглэлээр ашиглана гэж байсан. Сүүлд тусгай сангийн тухай хууль журам нь батлагдаж, тэрний дагуу л зарцуулна. Хүүхэлдэйн театрыг улсын төсвөөр барих тендер 2022 оны нэгдүгээр сарын 15-наас гуравдугаар сарын 15-ны хооронд зарласан. Одоо төслүүдээ шалгаруулах байх” гэдгийг албаныхан хэлсэн юм.

Соёлын сайд Ч.Номин “Хүүхдийн төлөө фондыг сэргээж, төрийн бус байгууллагын дансанд хандивын мөнгийг цуглуулсан. Энэ бол миний сайд байх үеийн үйл ажиллагаа биш. Анхнаасаа хандивын мөнгөөр хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр барих зорилготой байсан. Тийм учраас энэ мөнгийг буцааж өгөхдөө яг энэ чиглэлээр л зарцуулна гэдэг харилцан ойлголцол бий болгох шаардлага үүссэн. Төрийн бус байгууллагаас олон хүний хандив цуглуулсан учраас гол зорилгынхоо дагуу зарцуулах хүсэлт тавьсан юм” гэдгийг хэлж байсан удаатай.

Хуульд зааснаар Хүүхдийн төлөө сангаас  гурван чиглэлээр зарцуулалт хийнэ. Тодруулбал, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах, олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж