Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө нь тунамал толь шиг
Үзэсгэлэнтэй хөөрхөн царайг чинь
Үзээд үзээд ханашгүй, ай нь үнэн хө
Сэтгэлийг минь булаамаар аа, ай хө
Бадмын дундаас дэлгэрсэн
Балын амтанд дурламаар аа
Баясгалантай хөөрхөн царайг чинь
Бахархаад бахархаад баршгүй… . Бадаг алдахгүй дуулах хүмүүсийн хөг аялгуу говийн жаврыг үргээх шиг болоход шаргал наран нутгийнхаа элсэнд алгуур шингэнэ. Үеийн үед сэтгэлд хоногшсон “Үлэмжийн чанар”-ыг V Ноён хутагт Данзанравжаа гуай энергийн төвийн зүгт харан суухдаа зохиосон гэдэг. Нэг удаа чин сэтгэлээсээ дуулахад мянган удаа дарь эхийн тарни уншсантай адил буян хураана гэж үздэг тул хүн бүр аялгуут тахил өргөдөг бичигдээгүй уламжлал ч бий.
Үд хэвийж байхад сэтгүүлчдийн багийнхан говийн зүүн хэсэгт орших өнө эртний түүхтэй “Энергийн төв”-ийг зорьсон нь энэ юм. Улаанбаатар хотоос 521 километр зайд Дорноговь аймгийн Сайншанд Эрдэнэ сумын нутаг, Сайншанд хотоос урагш 38 километрт орших энэ газар нь дэлхийн хоёр дахь том энергийн төв болохыг нутгийн буурал тайлбарлаж байв. Хөх тэнгэрийн өнгөөр үндэснийхээ дээлээр гоёсон өвгөн буурлын Шамбалын орны тухай тайлбарлах нь туульс хайлах шиг. Түүнийг холын гийчид тулга тойрч суугаад сонсох хүүхдүүд шиг бүгд л анхаарлаа хандуулцгаах аж.
Шүтэж бишрэхээс гадна байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ газарт жилийн дөрвөн улиралд жуулчдын хөл тасрахгүй. Энд ирсэн хүн бүр л зургаа авч, гэр бүл, найз нөхөд рүүгээ залгаж “Энерги аваарай” гэцгээнэ. Суварган хүрээний дотор баруун хойно орших тойрог нь энергийн төвийн хүйс цэг гэгдэх ба тэнд хүмүүс завилан сууж бясалгах, хэвтэж хөрвөөх гэх мэтээр энерги авах үйлдэл хийдэг. Гэхдээ улбар шаргал элсэн дээр нь тэрийж хэвтээд огторгуйг мэдрэх зуур сэлфигээрээ энерги түгээх нэгэн ч байна. Бүгд л нүдээр үзэж, сэтгэлээр баяссан сайхан мэдрэмжээ ийнхүү утсаараа нийгмийн сүлжээнд түгээх нь нийтлэг болжээ.
ЭНЕРГИЙН ТӨВД ХИЙХ ЗАН ҮЙЛ
Шамбалын орныг 2007 онд сэргээж 108 суварга тойруулан босгож, Гаадамбын 77 боть судрыг залсан байдаг. Энергийн төвд нар мандахтай зэрэгцэн очвол сайн хэмээн итгэдэг. Суварган мөргөлчид Соён гэгээрүүлэгч ноён хутагт Данзанравжаа гуайн байгуулсан “Энергийн төв” эдүгээ аялал жуулчлалын бүс болж хөгжиж буй. Нэг үеэ бодвол авто зогсоолтой, хогийн цэг байршуулсан зэргээс харвал багагүй тохижуулжээ. Иймд нутгийнхан ч бас жуулчдын нүдийг хужирлахаар бэлэг дурсгалын зүйлсийг төв хаалганы үүдэнд эгнүүлжээ. Сонирхвол эсгий гэр, таван хошуу мал, хонх, дөрөө зэрэг түлхүүрийн оосор, сувинер хамгийн багадаа л 15 мянган төгрөгөөс эхэлнэ. Мөн нутгийнхаа хомоолыг хүртэл зарах аж. Наймаачид борлуулж байгаа бүхий эд зүйлсээ “энергийн төв”-тэй холбож “томрох нь тодорхой, баяжих нь баараггүй” гэцгээх. Энергийн төв рүү орохоос өмнө тодорхой зан үйл, дэг жаягтай. Усыг нь уувал ёсыг нь дагах тул “Шамбалын орны үүд” хэмээн нэрлэгддэг бурханы мэлмийг дүрсэлсэн хананы өмнө очно. Дэлхий ертөнц өөрчлөгдөхөөс өмнө их гэгээрлийг олж гурав дахь ертөнцөд оюун ухаан өгсөн хүний мэлмий хэмээдэг. Энэ мэлмийг ширтэж бие, хэл, сэтгэлээр үйлдсэн гэмийг ариусган засахыг даатгадаг. Аливаа хүн өөрийнхөө дотоод ертөнцийг эндээс нээж олдог хэмээнэ.
Бодлоо төвлөрүүлж мэлмийг ширтсэнээр хоёр хөмсөгний хооронд байгаа цагираг эргэх мэт, нүд ирмэж байгаа мэт, хамрын хар хүрээ нь олон янзын гэрлээр солигдох гэх мэт мэдрэмж төрдөг байна. Гэхдээ хүн бүрт харилцан адилгүй мэдрэмж төрнө. Нэг минут орчим бурхны мэлмийг ширтэх нь хүн өөрийн дотоод ертөнцийг нээх нэгэн “түлхүүр” нь ч бас болдог аж. Мэлмийнээс холгүй “мангасын ходоод” гэх нэртэй чулуун овоолго байх бөгөөд өөрийн үйлдсэн гэм нүглийг цаасан дээр бичиж хойшоо харсан онгорхой нүхэнд хийж шатаах ёстой. Дараа нь гурван чулуун тойрог бүхий газарт архи, сүү, будаа өргөх ба тэдгээр нь Хүслийн хар уулын зүгт цуварсан байрлалтай байдаг. Энергийн төвийн хойд дэнж дээр байх овоонд гурван удаа залбирч өмнөх тахилын ширээн дээрх цөгцнүүдэд идээ будаа өргөөд өмнө зүгт байх “Үлэмжийн чанар” дууны үг бүхий суварганы дэргэд ирж таван бадгийг бүтнээр нь дуулаад Шамбалын орны мөнгөн хаалгаар гарснаар эргэл мөргөлийн үйл ажиллагаа дуусдаг.
Түүх сөхвөл, Данзанравжаа шавь нарын хамт 1851 онд Хамрын хийдийн Дүйнхорын дацанд Цагийн хүрдний ном буюу Дүйнхорын хурал хурж, цам харайгаад Шамбалын оронд залрах мөрийг гаргаж, олон сүсэгтнийг Шамбалын оронд дагуулах ерөөл тавьснаас хойш 200 дахь жил болж байна.
МОДОН ЖОРЛОН ЖУУЛЧДЫГ ҮРГЭЭЖ БАЙНА УУ?
Харамсалтай нь орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд өнөөдөр ч тулгамдаж буй асуудал нь ариун цэврийн байгууламж. Өнөөх л дэд бүтцийн асуудлаас үүдэн өнөөдөр ч модон жорлонгоосоо салаагүй байна. Энэ нь гэхдээ тун бага. Улаанбаатар хотоос Дорноговийг зориход аян зам урт боловч бартаагүй. Гэвч ариун цэврийн асуудал давсагны булчинг шалгах нь энүүхэнд. Автобусаа зогсоох уу, модон жорлон бий юу, үгүй бол хээр талд яах билээ гэх олон асуулт эргэлзээ орон нутгийн замд асуудал дагуулна. Арайхийн тааралдсан модон жорлон дотоодынхон бүүхэл гадаадын жуулчдын дотор эвгүйцэм. Үүнийг аялал жуулчлалын салбарынхан сануулж ярьсаар олон жил болсон ч өнөөдрийг хүртэл дэд бүтэц хөгжөөгүй байгаа нь тулгамдсан асуудал болсныг аян замд зорчихдоо харж болохоор.
Гэрэл зургийг Т.Бямба-Очир
Холбоотой мэдээ